Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/825

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Н.Дамбадаржаа,

Иргэдийн төлөөлөгч: Р.Баянжаргал,

Шүүгдэгч: М.М-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт М.М-ад  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020861 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11–ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... тоот регистртэй,

Шүүгдэгч М.М- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар

-2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөртэ” дэлгүүрийн орчим иргэн Т.Б-ийн халааснаас Асус маркийн гар утсыг авч 250.000 төгрөгийн хохирол,

- 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн орчим иргэн Б.Б-ийн халааснаас Самсунг Эс-5 маркийн гар утсыг авч 250.000 төгрөгийн хохирол,

- 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс молл худалдааны төвд иргэн Б.М-гийн халааснаас iphone 7 маркийн гар утсыг авч 1.500.000 төгрөгийн хохирол,

- 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элиганс таун”-ны орчим иргэн Ж.Э-гийн халааснаас iphone 7 Plus загварын гар утсыг авч 2.000.000 төгрөгийн хохирол,

- 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэжүн” хоолны газарт БНСУлсын иргэн Ли Сам Хёны халааснаас Самсунг S-8 загварын гар утсыг авч 1.600.000 төгрөгийн хохирол,

- 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плаза төвийн орчим иргэн Э.М-гийн куртикний халааснаас iphone 7 Plus загварын гар утсыг авч 2.000.000 төгрөгийн хохирол,

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3, 4 дүгээр хорооллын эцсийн автобусны буудал дээр иргэн П.О-ийн халааснаас Хуавей загварын гар утсыг авч 559.300 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдэж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нийт 8.159.300 /найман сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  М.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Ли Сам Хёны Самсунг Эс-8 маркийг гар утсыг би авсан. Улаанаагийн Төгөлдөр гэх залууд өгсөн. Тухайн залуу хохирлыг хувааж төлнө гэж хэлсэн. Батлан даалтанд байх хугацаандаа ажил хийж хохирогч нарыг хохирлыг төлсөн. Хохирогч Батдэлгэрийн гар утсыг хулгайлсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний АТМ-с мөнгө авсан бичлэг байгаа. Тэгээд цагаан өмдтэй чи авсан гэж хэлсэн. Би хулгай хийж амьдарлын эх үүсвэрээ болгосон зүйл байхгүй. Би ажил хийдэг байсан. Гар утас засварын газарт ажилладаг. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 30 минутын үед ажлын газрын Б.Э-гийн хамтаар өдрийн цайндаа орох гээд Хонгор нэртэй цайны газар луу орохоор явсан бөгөөд ажлаас гараад зам гарч Бөртэ нэртэй цэргийн оёдлын үйлдвэрийн өмнөх машины хаалтыг тойроод явахад араас намхан биетэй, бүдүүн биетэй хоёр залуу бид хоёрыг дагаад шахаад хажуугаар тойроод өнгөрсөн бөгөөд машины хаалт хоёр хүн багтах зайгүй байсан тул Б.Э- бид хоёр цуварч гарсан. Эхлээд Б.Э- гараад дараа нь би гарсан. Тэр залуу яг миний араас шүргээд гарсан. Хаалт гараад Б.Э- бид 2 сугадалцаад явсан бөгөөд чигээрээ алхаад Хонгор цайны газрын гадаа ирээд халаасаа уудалсан чинь миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний халаас сул, цахилгаан нь онгорхой явсан болохоор утас харагдах боломжтой байсан. Зифон брэндийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Асус загварын ухаалаг гар утас байсан бөгөөд хар өнгөтэй, гадуураа гэргүй гар утас байсан. Ноосондуу малгай өмсчихсөн, малгайгаа нүдээ хүртэл дарчихсан, ороолт зүүгээд ороолтоо дээшээ болгочихсон, бүдүүн пагдгар биетэй, намхан нуруутай эрэгтэй байсан...Надад энэ хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 131-132, хх 2-н 86-87/,

Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б-ийг гарах үед машины цаагуур чигээрээ явах гэж байсан намхан бандгар биетэй эрэгтэй буцаж эргээд Б-ийн араас наалдаад гарсан бөгөөд тэр үед харахад уг эрэгтэй нь онигор, том толгойтой, шаравтар царайтай эрэгтэй байсан. Ингээд Б- бид хоёр чигээрээ алхаад Хонгор нэртэй цайны газар ороод хувцсаа тайлах үед Б-ийн халаасанд байсан тэр утас алга болсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 133/,

Гэрч Н.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...иргэн Б- гар утсаа халааснаасаа алдсан тухай гомдол ирүүлсэн талаар мэдэгдэж, би Бөртэ үйлдвэрийн хяналтын камерыг очиж шалгахад иргэн Т.Б-ийн араас халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, бүртгэлд байдаг Мөнхцэцэг овогтой Мөнхбат гэж хулгайч дагаж яваад түүнийг налж байгаа бичлэг байсны дагуу уг бичлэгийг өөрийн гар утсан дээрээ хуулбарлан авч, илтгэх хуудас бичиж өгсөн юм. Мөнхбат дээрх бичлэгт  бичигдсэн эрэгтэй мөн бөгөөд ер нь Мөнхбат баригдахаараа “би биш, толгой өвддөг, юмаа санадаггүй, юмаа мартдаг гэж дандаа хэлдэг...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 135-136/,

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Улсын их дэлгүүрийн 1 давхарт цайны лангууг түрээслэн ажиллуулдаг юм. 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн орчим Улсын их дэлгүүрийн зүүн талын хаалгаар гарч явахдаа авто зам гараад өнгөрч явахад миний халаас хоосон юм шиг санагдсан тул шалгаж үзэхэд халаасанд хийсэн миний Самсунг эс-5 загварын гар утас алга болсон байсан. Би Улсын Их дэлгүүрийн 6 давхарт байрлах хяналтын өрөөнд камерын бичлэгийг шалгуулж үзүүлэхэд намайг 4 залуу дагаж явж байгаад цагаан өмдтэй залуу нь тэд нараас салж гүйгээд зам гарч Капитрон банкны хажууд намайг гүйцэж очоод хажууд алхсан бичлэг байсан. Би энэ бичлэгийг хуулбарлан авах гэтэл Улсын Их дэлгүүрийн камерын ажилчид хуулж өгөөгүй. Харин намайг Улсын их дэлгүүрийн зүүн талд тавцан дээр байрлах цэнхэр автобус хүртэл дагасан бичлэгийг хуулбарлаж өгсөн болно. Зурагт бол тэр 4 залуугийн зүүн талд явж байгаа хар савхин куртиктай, цагаан өмд, хар цагаан өнгийн пүүз өмссөн байсан залуу байсан нь миний араас дагаж гар утсыг авсан....Би 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг дээр юу болсон талаар үнэн зөв мэдүүлгийг өгсөн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн  мэдүүлэг /хх 1-н 43-44, хх 2-н 98-99/,

Гэрч С.Лувсанжамбын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Батдэлгэрийн хамт камерын бичлэгийг үзэхэд УИД-ийн зүүн талын хаалгаар 1 цаг 56 минутанд Батдэлгэр нь гарч явахад Хаан банкны АТМ-аас 4 залуу гарч явахдаа уг хүнийг дагаж яваад тавцангийн шатаар доош буугаад үзэгдэх орчин хязгаарлагдсан бичлэг байсан. Би Их дэлгүүрийн баруун урд байрлах зүүн тийш харсан хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд камерын бичлэг нь холоос авсан боловч бүдгэрсэн байсан. Бичлэгийг ойртуулж үзэхэд тэр хүүхний араас дагасан 4 залуугийн цагаан өмд өмссөн залуу нь зам гараад тэр хүүхэнд дөхөж очих үед үзэгдэх орчин хязгаарлагдсан тул цааш үзэх боломжгүй болсон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 45/,

Хохирогч Ли Сам Хёны мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн нутагт “Сэжүн” нэртэй Солонгос хоолны ресторанд орохоор Солонгос улсын иргэн Ли Сам Ху, Отгонбаяр нарын хамт явсан, тэгээд тус ресторан орох шатаар нь гарч байгаад халаасанд байсан Самсунг С-8 загварын гар утсаа хулгайд алдсан. Солонгос улсаас 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2.680.000 төгрөгөөр худалдан авч байсан. Сэжүн нэртэй Солонгос хоолны рестораны хяналтын камерт гар утас хулгайлж авч байгаа бичлэг нь бичигдсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 42-44/,

Хохирогч Б.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд өөрийнхөө 9 сартай нярай хүүхдийг хүүхдийн зориулалтын тэргэн дээр суулгаад Хүүхдийн 100-гаас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс молл хүртэл явган явсан. Тухайн үед би яг хаана гэдгээ нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар Өгөөжийн орчимд өөрийнхөө алдсан гэх iphone-7 загварын гар утсанд ирсэн мессежийг уншаад өөрийн өмсөж явсан бор өнгийн куртикны баруун талын халаасанд хийсэн. Тэгээд явсаар байгаад “Макс молл” худалдааны төвийн гадна ирээд өөрийнхөө гар утсыг авах гэтэл миний гар утас байхгүй байхаар нь хажууд явж байсан хүний утсаар залгуулахад холбогдох боломжгүй байсан. Миний гар утас нь кодтой, сим карт кодгүй, харин Айпон ID кодтой байгаа. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Би гар утсаа 1.700.000 төгрөгөөр үнэлж байна. Гар утас нь хар бүрсгэр өнгөтэй, баруун дээд булан дээрээ жижигхэн хэмжээний зураас байгаа. ...Хэрэг болсноос хойш нэг сарын дараа намайг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр дуудаж, миний алдсан гар утсыг олж надад хүлээлгэн өгсөн. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 5, хх 2-н 94-97/,

Хохирогч Ж.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, модны 2-ын голын зам дагуу гэр лүүгээ орох гээд Елеганс Таун руу орж байхад халааснаасаа гар утсаа хулгайд алдсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Iphone-7 plus  маркийн Гоулд буюу шар өнгийн гар утас байсан. Ямар нэгэн содон шинж тэмдэггүй. Би 2017 оны 05 сард Теди гар утас худалдааны төвөөс 2.550.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 227-229 /,

Хохирогч Э.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаа тараад харих гээд явахдаа Гранд Плазагаас гараад хойш зам гарах гэж яваад халааснаасаа өөрийн iphone-7 загварын гар утсаа хулгайд алдсан. Би тухайн үед чихэвч сонсоод явж байсан юм. Миний утас улаан өнгөтэй байгаа. ...Би өөрийн алдсан гар утсаа буцааж бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 19-20, 88-89/,

Хохирогч П.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн үед дүү Дэлгэрцэцэгийн хамтаар Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 3, 4 хорооллын эцсийн автобусны буудлын хойд талд явж байхад миний халааснаас БНХАУ-д үйлдвэрлэсэн “Huawei маркийн гарт утсаа халааснаасаа алдсан. 600.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 194-199/,

Гэрч Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Одончимэг эгч бид хоёр сүмийн цуглаанаа тараад гэр лүүгээ харьж явах замдаа буюу 3, 4 хорооллын тэнд явж байхад Одончимэг эгч надаар цүнхнийхээ оосрыг янзлуулсан. Ингээд халаасандаа гараа хийж үзээд гэнэт хашгираад миний гар утас алдагдчихсан байна. Саяхан би утсаар яриад куртикнийхээ халаасандаа хийсэн биздээ гэж хэлсэн. Гар утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 202-203/,

Яллагдагчаар М.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутагт Б-ийн хойноос дагаж явж байгаад баруун халааснаас нь “Асус” маркийн гар утсыг хулгайлаад дараа нь цагдаа дээр шалгагдаж оронд нь өөр гар утас өгч хохирлоо төлсөн. Тухайн авсан гар утсыг танихгүй хүнд зарсан. ...2017 оны 02 дугаар сард Чингэлтэй дүүргийн Улсын их дэлгүүрийн зүүн талд гудамжинд явж байсан иргэн Батдэлгэрийн халааснаас гар утсыг авч танихгүй хүнд зарсан....2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүрэгт Мандхай гэх хүний халааснаас iphone маркийн гар утсыг нь  аваад цагдаад шалгагдаж байхдаа гар утсыг нь буцааж өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Модны 2-т байх “Элиганс таун”-ны орчмоос Энхтуяа гэх хүний баруун халааснаас iphone маркийн гар утсыг авч танихгүй хүнд зарж борлуулсан. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Модны 2-т  байх “Сэжүн” рестораны шатан дээр гадаад улсын иргэн Ли Сам Хёны халааснаас “Самсунг S-8” маркийн гар утсыг хулгайлж танихгүй хүнд борлуулсан. ...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Гранд плазагийн уулзвар дээр хойшоогоо зам дээр явж байсан иргэн Мандхайгийн халааснаас iphone-7 маркийн гар утсыг хулгайлан авч цагдаа дээр шалгагдаж байхдаа буцааж өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн хорооллын эцэст явж байсан Одончимэг гэх хүний халааснаас “Хуавеэй” маркийн гар утсыг хулгайлан авч танихгүй хүнд зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй, өөр хэлтэс дүүрэгт шалгагдаж байгаа болон шүүхэд шилжсэн хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг  /хх 3-н 10-11/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 3/, хохирогч нарын өргөдөл /хх 1-н 4, 32, 125, 40,  хх 2-н 160/, Эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 7, 37, 130, 247, хх 2-н 27, 45, 162/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 9, 16-19, 49-50, 145, 188, 226, хх 2-н 73, 75, 176/, Зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /хх 1-н 38-40/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 88-89/, эд зүйлээ хүлээн авсан тухай тэмдэглэл Э.М-, Б.М- /хх 2-н 85, 91/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч М.М-ын үйлдсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөртэ” дэлгүүрийн орчим иргэн Т.Б-ийн халааснаас Асус маркийн гар утсыг авч 250.000 төгрөгийн хохирол, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн орчим иргэн Б.Б-ийн халааснаас Самсунг Эс-5 маркийн гар утсыг авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд үйлдэгдсэн байна.

          2015 оны Эрүүгийн хууль нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно...” 4.3-т “...бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг...” гэж заажээ.

          Хохирогч Т.Б-, Б.Б- нарын хулгайд алдагдсан гар утас нь үнэлгээний байгууллагын үнэлгээгээр 250.000 төгрөгөөр үнэлэгдсэн буюу Эрүүгийн хуульд заасан бага хэмжээний хохиролд багтаж байна.

          2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу гэмт хэргийн шинж нь бага хэмжээний хохирлоос дээш хохирол учирсан байхыг шаардах тул дээрх хоёр үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Шүүгдэгч нь хохирогч Б.Б-ийн гар утсыг хулгайлж аваагүй гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч С.Лувсанжамбын мэдүүлэг зэргээр түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон байна.

          Шүүгдэгч М.М- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар

- 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс молл худалдааны төвд иргэн Б.М-гийн халааснаас iphone 7 маркийн гар утсыг авч 1.500.000 төгрөгийн хохирол,

- 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элиганс таун”-ны орчим иргэн Ж.Э-гийн халааснаас iphone 7 Plus загварын гар утсыг авч 2.000.000 төгрөгийн хохирол,

- 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэжүн” хоолны газарт БНСУлсын иргэн Ли Сам Хёны халааснаас Самсунг S-8 загварын гар утсыг авч 1.600.000 төгрөгийн хохирол,

- 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плаза төвийн орчим иргэн Э.М-гийн куртикний халааснаас iphone 7 Plus загварын гар утсыг авч 2.000.000 төгрөгийн хохирол,

          -2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3, 4 дүгээр хорооллын эцсийн автобусны буудал дээр иргэн П.О-ийн халааснаас Хуавей загварын гар утсыг авч 559.300 төгрөгийн  хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдэж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нийт 8.159.300 /найман сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун/ учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ли Сам Хёны: “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн нутагт “Сэжүн” нэртэй Солонгос хоолны ресторанд орохоор Солонгос улсын иргэн Ли Сам Ху, Отгонбаяр нарын хамт явсан, тэгээд тус ресторан орох шатаар нь гарч байгаад халаасанд байсан Самсунг С-8 загварын гар утсаа хулгайд алдсан. Солонгос улсаас 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2.680.000 төгрөгөөр худалдан авч байсан. Сэжүн нэртэй Солонгос хоолны рестораны хяналтын камерт гар утас хулгайлж авч байгаа бичлэг нь бичигдсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 42-44/, хохирогч Б.М-гийн: “...Би 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд өөрийнхөө 9 сартай нярай хүүхдийг хүүхдийн зориулалтын тэргэн дээр суулгаад Хүүхдийн 100-гаас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс молл хүртэл явган явсан. Тухайн үед би яг хаана гэдгээ нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Миний бодож байгаагаар Өгөөжийн орчимд өөрийнхөө алдсан гэх iphone-7 загварын гарт утаст ирсэн мессежийг уншаад өөрийн өмсөж явсан бор өнгийн куртикны баруун талын халаасанд хийсэн. Тэгээд явсаар байгаад “Макс молл” худалдааны төвийн гадна ирээд өөрийнхөө гар утсыг авах гэтэл миний гар утас байхгүй байхаар нь хажууд явж байсан хүний утсаар залгуулахад холбогдох боломжгүй байсан. Миний гар утас нь кодтой, сим карт кодгүй, харин Айпон Ай Ди кодтой байгаа. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон. Би гар утсаа 1.700.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 5, хх 2-н 94-97/, хохирогч Ж.Э-гийн: “...2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, модны 2-ын голын зам дагуу гэр лүүгээ орох гээд Елеганс Таун руу орж байхад халааснаасаа гар утсаа хулгайд алдсан, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Iphone-7 plus маркын голд буюу шар өнгийн гар утас байсан. Ямар нэгэн содон шинж тэмдэггүй. Би 2017 оны 05 сард Теди гар утас худалдааны төвөөс 2.550.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 227-229/, хохирогч Э.М-гийн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажлаа тараад ...Гранд Плазагаас гараад хойш зам гарах гэж яваад халааснаасаа өөрийн iphone-7 загварын гар утсаа хулгайд алдсан. Би тухайн үед чихэвч сонсоод явж байсан юм. Миний утас улаан өнгөтэй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 19-20, 88-89/, хохирогч П.О-ийн: “...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 13 цагийн үед дүү Дэлгэрцэцэгийн хамтаар Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 3, 4 хорооллын эцсийн автобусны буудлын хойд талд явж байхад миний халааснаас БНХАУ-д үйлдвэрлэсэн “Huawei маркийн гарт утсаа халааснаасаа алдсан. 600.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 194-199/, гэрч Дэлгэрцэцэгийн: “...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Одончимэг эгч бид хоёр сүмийн цуглаанаа тараад гэр лүүгээ харьж явах замдаа буюу 3, 4 хорооллын тэнд явж байхад Одончимэг эгч надаар цүнхнийхээ оосрыг янзлуулсан. Ингээд халаасандаа гараа хийж үзээд гэнэт хашгираад миний гар утас алдагдчихсан байна. Саяхан би утсаар яриад куртикнийхээ халаасандаа хийсэн биздээ гэж хэлсэн. Гар утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 202-203/, эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 7, 37, 130, 247, хх 2-н 27, 45, 162/, зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 38-40/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хохирогч нарын гар утсыг хулгайлсан, тухайн үйлдлүүд нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь нотлогдохгүй байна. Мөнхбат нь хулгайлсан гар утсыг зарж борлуулж амьдралдаа ашигласан гэх нотлох баримт байхгүй. Мөнхбат нь гар утас засварын ажил хийдэг, лангуу түрээсэлдэг байсан, барилгын туслах ажил хийж цалин хөлсөөрөө амьдардаг байсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.М- нь хулгайлах гэмт хэргийг 5 удаа үйлдсэн тул түүнийг тухайн гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа буюу байнга үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь бусдын гар утсыг хулгайлж, зарж борлуулж олсон мөнгөө ар гэртээ зарцуулаагүй, тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд гар утас засварын ажил хийдэг байсан цалин, орлоготой байсан гэж мэдүүлж байх боловч бусдын эд хөрөнгийг хулгайлж зарж борлуулсан мөнгийг ар гэр, өөрийн ахуй амьдралд зарцуулаагүй бусад зүйлд зарцуулсан нь амьдралын эх үүсвэр болгоогүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор гүйцэтгэж чадахгүй байгаа аливаа үүргээ гүйцэтгэж байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн гэрч Н.А- буюу цагдаагийн байгууллагын ажилтны өгсөн: “...иргэн Б- гар утсаа халааснаасаа алдсан тухай гомдол ирүүлсэн талаар мэдэгдэж, би Бөртэ үйлдвэрийн хяналтын камерыг очиж шалгахад иргэн Т.Б-ийн араас халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, бүртгэлд байдаг Мөнхцэцэг овогтой Мөнхбат гэж хулгайч дагаж яваад түүнийг налж байгаа бичлэг байсны дагуу уг бичлэгийг өөрийн гар утсан дээрээ хуулбарлан авч, илтгэх хуудас бичиж өгсөн юм. Мөнхбат дээрх бичлэгт бичигдсэн эрэгтэй мөн бөгөөд ер нь Мөнхбат баригдахаараа “би биш, толгой өвддөг, юмаа санадаггүй, юмаа мартдаг гэж дандаа хэлдэг...” гэсэн мэдүүлэг нь түүнийг халаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлдэж цагдаагийн байгууллагын бүртгэлд байдгийг нотолсон байна.

Түүнчлэн, шүүгдэгч нь би ар гэрийнхнээсээ мөнгө төгрөг авдаггүй, гэртээ байнга байдаггүй байсан, өөрийн болон ар гэрийн амьдралд хулгайн эд зүйлсийг борлуулсан орлогыг хэрэглээгүй гэсэн мэдүүлэг нь түүнийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгоогүй гэдгийг нотлох бус харин гэмт хэрэг үйлдэж өөрийн амьдрах нөхцөлөө хангаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 5 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд хувиараа хөдөлмөр эрхэлж, орлоготой байсан талаарх түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн талбайн түрээсийн гэрээ нь түүнийг өөрийн амьдралын эх үүсвэрээ хангаж байсан болохыг нотолж чадахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Талбайн түрээсийн гэрээ нь цаг хугацааны хувьд зарим үйлдэл гарснаас хойш байгуулагдсан, төлбөр төлөгдсөн эсэх нь тодорхойгүй, хэзээнээс хэдий хүртэл хийгдсэн нь тодорхойгүй байна.

Шүүгдэгч М.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.М- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч М.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч Б.М-, Э.М- нар нь мөрдөн байцаалтын шатанд гар утсаа хүлээн авсан /хх 2-н 85, 91/ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хохирогч Ж.Э-, П.О- нар шүүгдэгчээс хохирлоо бүрэн авсан гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Харин шүүгдэгч нь хохирогч Ли Сам Хён /Б.Батбаатар/-ын хохирлыг төлөөгүй тул түүнээс 1.600.000 төгрөг гаргуулж хохирогч Ли Сам Хён /Б.Батбаатар/-т олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Т.Б-, Б.Б- нарын гар утсыг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон ба дээрх хохирогч нар нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.М-ыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 06 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч хуульд зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 05 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч М.М-ын хувийн байдал зарим хохирогч нарын хохирол нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ад шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон ба уг цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан танхайрах гэмт хэрэгт хэрэгт буюу 201526020849 тоот хэрэгсэхгүй болгосон хэрэгт 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ талаар гаргасан өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1705010220332 тоот хэргийг нэгтгэсэн, 201526020849 тоот хэргийг тусгаарласан болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.М-ын үйлдлээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бөртэ” дэлгүүрийн орчим иргэн Т.Б-ийн халааснаас Асус маркийн гар утсыг авч 250.000 төгрөгийн хохирол, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн орчим иргэн Б.Б-ийн халааснаас Самсунг Эс-5 маркийнн гар утсыг авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч М.М-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч М.М-ыг 05 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ад оногдуулсан 05 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар М.М-ын урд цагдан хоригдсон 232 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-аас нийт 1.600.000 төгрөг гаргуулж хохирогч Ли Сам Ху /Б.Батбаатар/-т олгосугай.
  7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 1705010220332 тоот хэргийг нэгтгэсэн, 201526020849 тоот хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

 

   ШҮҮГЧИД                                    А.АЛТАНХУЯГ

                                                        

  Ц.ДАЙРИЙЖАВ