Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 529

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Жи мобайл” ХХК-ий нэхэмжлэлтэй С.Бөхболдод холбогдох “гар утасны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 168.750 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

 

                                               Тодорхойлох нь:

         Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         ...Нэхэмжлэлийн үндэслэл: С.Бөхболд нь манай компанитай 2015 оны 12 дугаар сарын 17 –ны өдөр 1348873 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулан U6 маркийн 310.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг урьдчилгаа 40.000 төгрөг төлж, 12 сарын хугацаанд сар бүр 22.500 төгрөг төлөх нөхцөльтэйгээр худалдан авсан. Гэвч С.Бөхболд нь гэрээний эргэн төлөлтөөр төлөх 270.000 төгрөгөөс одоогийн байдлаар 112.500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд С.Бөхболдоос U6 маркийн гар утасны үлдэгдэл төлбөр 112.500 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 –т заасны дагуу 384 хоногийн алданги 56.250 төгрөг нийт 168.750 төгрөгийг гаргуулж өгнө үү!.... гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд  гаргасан  хүсэлтдээ:

          ...Нэхэмжлэгч ”Жи мобайл” ХХК нь хариуцагч С.Бөхболдоос 168.750 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нь үндсэн төлбөр болох 112.500 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 56.250 төгрөгийн алдангиас татгалзаж байна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

                                                                 Үндэслэх нь:

               Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь С.Бөхболдод холбогдуулан “Гар утасны  үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 168.750 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч С.Бөхболд нь “U6” маркийн гар утасны үлдэгдэл төлбөр 112.500 төгрөгийг бүрэн төлснөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нь гэрээний дагуу алданги тооцсон 56.250 төгрөгнийхөө нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс сайн дураараа татгалзсан  болох нь  түүний шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

               Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5170 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нь 56.250 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзсан байх тул 112.500 төгрөгөнд тохирох улсын улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

  

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Жи мобайл” ХХК-ий нэхэмжлэлтэй С.Бөхболдод холбогдох “гар утасны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 168.750 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал 56.250 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсан болохыг дурдаж, хариуцагч  112.500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5170 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нь 56.250 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзсан байх тул 112.500 төгрөгөнд тохирох улсын улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                 ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ