Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 00367

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, Төмөрж овогт Төмөрбаатарын Дөлгөөн /РД:ФМ82092631/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Бугат сумын Хүүш хорооны 5-3 тоотод оршин суух, Барт овогт Жигжидийн Ганбат /РД:ГЮ59041890 /-т холбогдох,

8893000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00324/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-1-9 тоотод оршин суух Хөх Жанчив овогт Сүхбаатарын Батмөнх-Очир /РД:ЙА74122111/, хариуцагч Ш.Ганбат, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Дөлгөөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Булган аймгийн Бугат сумын Мааньтын адаг гэх газар үр тариа, малын тэжээлийн зориулалттай 100 га газрыг 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуудлага худалдаанд оролцож 8700000 төгрөгөөр авч тус сумын Засаг даргын А/77 дугаартай захирамжийн дагуу 60 жилийн хугацаатай гэрээгээр авсан болно. Булган аймгийн Бугат сумын газрын даамал Ж.Ганбат дээрх газрыг 2014 онд ямар нэгэн мэдэгдэх, шаардах хуудас өгөлгүйгээр малын бэлчээр болгосон бөгөөд энэ тухайгаа 2015 онд амаар мэдэгдэн өөр газар зааж өгнө гэдгээ хэлсэн. Гэвч тус сумын газар нутагт дахин олгох газар байхгүй гэж мэдэгдсэн. 3 жилийн хугацаанд санхүүгийн боломжгүйн улмаас газраа ашиглаж чадахгүй байсан. Улаанбаатар хотоос 2011 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Бугат сумын харъяанд гэр бүлийн хамт шилжин ирж нагац ахын хашаанд байшин барьж амьдарч байсан. Амьдралын шаардлагаар 2014 оны 11 дүгээр сард Орхон аймагт шилжин амьдарч байгаа. Миний хувьд анх удаагаа газар эзэмшиж байсан ба 60 жилээр эзэмших хугацаатай гэрчилгээ гарсан учраас санхүүгийн боломж гарахаар үйл ажиллагаа эрхлэх төлөвлөгөөтэй байсан. Эхний 3 жил зээл хөөцөлдөх, хамтран ажиллах хүмүүс хайсан боловч бүтээгүй. Энэ хугацаанд Булган аймгийн Бугат суманд амьдардаг нагац ах болох Ц.Хасбаатарын 10 га газарт хамтран 2 жил ногоо тарьж, мөн сумын иргэн н.Пүрэвдоржийн хашаанд 1 жил ногоо тарьж туршлага хуримтлуулсан. Энэ хугацаанд татвараа хугацаанд нь төлж байсан. Иймээс дуудлагаар худалдан авсан газрын төлбөр 8700000 төгрөг, 5 жилийн татвар төлсөн 193000 төгрөг, нийт 8893000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 8893000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Үүнээс 8700000 төгрөг нь газрын дуудлага худалдааны үнэ, үлдсэн хэсэг нь газрын татвар юм. Нэхэмжлэлийн шаардлага бол дуудлага худалдаагаар авсан газрыг малын бэлчээр болгож ашигласан тул дуудлага худалдааны үнийг буцаан нэхэмжилж байна. Газар эзэмшүүлэгч тал иргэн Т.Дөлгөөнийг газар таны эзэмшилд байгаа гэсэн итгэл төрүүлж өнөөдрийг хүртэл газрын татвар төлүүлж байсан. Мөн гэрээний 5.1 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн Бугат сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/124 дугаартай захирамж гарсныг иргэн Т.Дөлгөөнд албан ёсоор өөрт нь мэдэгдээгүй ба түүний нагац ах Хасбаатар болон түүний эцэг Төмөрбаатар нарт нь мэдэгдсэн гэдэг. Гэтэл Т.Дөлгөөн саяхан хүртэл газрын татвараа төлсөн байгаа. Иймд Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас газрын дуудлага худалдааны төлбөр 8700000 төгрөг, газрын татварт төлж байсан 193000 төгрөг, нийт 8893000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ш.Ганбат шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Т.Дөлгөөн 2011 онд нагац ах Хасбаатарын газартай залгаа 100 га газрыг дуудлага худалдаагаар авсан. Бид нэг нутгийн байнга уулздаг хүмүүс тул би газрыг хураах тухай нагац ах Хасбаатарт нь хэлж байсан. Бугат сумын Засаг дарга Мааньтын бүх газрыг малын бэлчээр болгох захирамж гаргасан. Би зарим дуудлага худалдаагаар авсан газруудыг хэлсэн боловч Засаг дарга 2 жилийн хугацаа дууссан л бол хуулийн дагуу хураана гэсэн. Мөн аймгийн хэмжээнд сум болгонд чацаргана хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 100 га газар олго гэсэн. Үүний дагуу ахиж газар олголтыг сэргээх боломжтой гэж үзсэн юм. Харин Засаг дарга өмнө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байсан болохоор өмнөх газрын маргаанууд одоо болтол шүүхээр шийдэгдээгүй байгаа гээд газар олгоогүй. Газрын дуудлага худалдааны төлбөр 8700000 төгрөг миний хувийн дансанд ороогүй, би хувьдаа аваагүй. Манай сум газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө эхлээд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж дараа нь Засаг даргын захирамжаар баталдаг тул энэ асуудлууд надад хамааралгүй гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Дөлгөөн нь хариуцагч Ш.Ганбатад холбогдуулан 8893000 төгрөг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Булган аймгийн Бугат сумын газрын даамал Ж.Ганбат нь миний эзэмшлийн газрыг надад хэлж мэдэгдэлгүйгээр малын бэлчээр болгож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул өөрт учирсан хохирлоо гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч Т.Дөлгөөн нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүний газар эзэмших эрхийг Булган аймгийн Бугат сумын Засаг дарга захирамж гарган хүчингүй болгосон. Дуудлага худалдааны үнэ болон газрын төлбөрийг би хувьдаа авч ашиглаагүй, орон нутгийн орлогод орсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.   

Нэхэмжлэгч Т.Дөлгөөн нь 2011 онд дуудлага худалдаанд оролцож Булган аймгийн Бугат сум Мааньтын адаг гэх газар 100 га тариалангийн талбайг үр тариа, тэжээлийн ургамал тарих зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан “дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээ”, “иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэргээр нотлогдож байна.

Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх, үүргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлдэг бөгөөд газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үүргийг сумын газрын даамал гүйцэтгэдэг байна.

Талуудын байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.4-т Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгохоор заажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон байх нөхцөлийг шаардах хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан газрын төлбөр 8700000 төгрөг, газрын төлбөр 193000 төгрөг, нийт 8893000 төгрөг нь орон нутгийн орлогод орсон болох нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна. /хх-8-12/

Иймд нэхэмжлэгч Т.Дөлгөөний хариуцагч Ж.Ганбатаас 8893000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ж.Ганбатаас 8893000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Дөлгөөний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Дөлгөөний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 157238 /нэг зуун тавин долоон мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарзохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.ОДОНЧИМЭГ