Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/990

 

 

 

185/2020/0957/Э

 

 

 

 

  2020       12        07                                  2020/ШЦТ/990     

 

 

                                 

                                

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн  нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Шүүгдэгч: Д.Ч /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Боржигон овогт Д.Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000861058 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 1-16 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, 1994 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 1998 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, 2011 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сум дундын 6 дугаар шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 5 сар 29 хоногийн хорих ялаар тус шийтгүүлсэн Б овгийн Д.Ч, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Д.Ч нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 28- ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Усан сангийн автобусны буудлын хажуугийн гудамжинд хохирогч М.Т-ын халаасанд байсан биет 110.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,

 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн Усан сангийн автобусны буудлын хажууд байрлах “Дэвжих Оргил” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Д.Ц халаасанд байсан биет 25000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

    Хохирогч М.Т-ын “...Би хүргэнээ ирсэн гэдгийг мэдээд би түүнд шар айраг авч өгөхөөр гэрийн ойролцоо байдаг “Дэвжих Оргил” нэртэй хүнсний дэлгүүр лүү явсан юм. Дэлгүүрийн гадна авсан 100 граммын архиа уучхаад нарийн гудамжаар гэр лүүгээ өгсөөд явж байхад миний өөдөөс надтай хамт автобуснаас буусан гартаа торт бариад явж байсан залуу ирж байсан бөгөөд тэр намайг тэвэрч аваад “өө ахтай дахиж тааралдлаа” гэж хэлээд намайг тэвэрч аваад миний өмдний халаасанд байсан бэлэн 110.000 төгрөгийг аваад намайг түлхэж газар унагачхаад доошоо гүйгээд яваад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас /

     Хохирогч Д.Ц“...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байтал манай эхнэр Наранцэцэг нь түлшний газар яваад түлш байгаа эсэхийг үзээд ир гээд хэлэхээр нь би 12 цагийн үед гараад түлш зардаг газар луу явж байтал зам дагуу байдаг хүнсний дэлгүүрийн үүдэнд нэг залуу хүрч ирээд миний кармаанаас мөнгийг дээрэмдэж аваад яваад өгөхөөр нь би гэрлүүгээ яваад эхнэр болох Наранцэцэгт хэлээд манай эхнэр өөрийнхөө утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг/хавтас хэргийн 56-58 дугаар хуудас/

     Гэрч Г.Н-н “...Цэдэндамбыг 12 цагийн үед урагшаа түлш ирсэн үгүйг үзээд ир гээд явуулсан юм. Тэгсэн удалгүй царай нь хачин болчихсон орж ирээд 1 хүүхэн, 1 залуу хоёр халааснаас мөнгө аваад явчихлаа гэж орж ирэхээр нь цагдаад дуудлага өгсөн, би явуулахдаа 25000 төгрөг өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 59-60 дугаар хуудас /

     Гэрч Ж.Г-н “...ааваас хаана дээрэмдүүлснийг асуухад уг “Дэвжих Оргил” дэлгүүрээс зүүн тийш зам гараад харалдаа гудамж руу өгсөж явж байхад нь өөдөөс нь ирж байсан эрэгтэй өөртэй нь мэндлээд ахтай дахиж таарлаа гэж хэлээд тэврээд халаасанд нь байсан 110.000 төгрөгийг аваад түлхчхээд яваад өгсөн гэж хэлсэн. Тэр залуу нь автобусаар хойшоо гэр лүү явж байхад нь хамт явж байсан хүн гэсэн. Тэр залуу автобусанд байхдаа торт барьсан байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 12 дугаар хуудас /

     Гэрч Э.Ц-с “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингис гэдэг залуу архи уусан халамцуу байдалтай гартаа торт барьсан орж ирсэн. Намайг нэг шил 0,33 литрийн Хараа нэртэй архи зээлчих гэхээр нь би түүнд татгалзсан учраас тэр гараад явсан. Удалгүй гаднаас нэг хөгшин юм аваад гарсан. Тэгээд удалгүй тэр хөгшин эргэж орж ирээд “намайг сая гудамжинд дээрэмдчихлээ” гэхээр нь нь би ямар хүн байсан талаар асуухад тэрээр “сая надтай хамт автобусаар ирсэн биерхүү, хар царайтай, торт барьсан хүн намайг барьж аваад, миний халаасанд байсан бэлэн 110.000 төгрөгийг дээрэмдчихлээ” гэхээр нь цагдаа дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 13-14 дугаар хуудас /

     Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хавтас хэргийн 16-18, 64-68 дугаар тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

     Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч Д.Ч нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 28- ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Усан сангийн автобусны буудлын хажуугийн гудамжинд хохирогч М.Т-ын халаасанд байсан биет 110.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн Усан сангийн автобусны буудлын хажууд байрлах “Дэвжих Оргил” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Д.Ц-н халаасанд байсан биет 25000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн болох нь шүүгдэгч Д.Ч-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Т, Д.Ц нарын мэдүүлэг,  гэрч Г.Н-ийн “...Цэдэндамбыг 12 цагийн үед урагшаа түлш ирсэн үгүйг үзээд ир гээд явуулсан юм. Тэгсэн удалгүй царай нь хачин болчихсон орж ирээд 1 хүүхэн, 1 залуу хоёр халааснаас мөнгө аваад явчихлаа гэж орж ирэхээр нь цагдаад дуудлага өгсөн, би явуулахдаа 25000 төгрөг өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 59-60 дугаар хуудас /

     Гэрч Ж.Г-н “...ааваас хаана дээрэмдүүлснийг асуухад уг “Дэвжих Оргил” дэлгүүрээс зүүн тийш зам гараад харалдаа гудамж руу өгсөж явж байхад нь өөдөөс нь ирж байсан эрэгтэй өөртэй нь мэндлээд ахтай дахиж таарлаа гэж хэлээд тэврээд халаасанд нь байсан 110.000 төгрөгийг аваад түлхчхээд яваад өгсөн гэж хэлсэн. Тэр залуу нь автобусаар хойшоо гэр лүү явж байхад нь хамт явж байсан хүн гэсэн. Тэр залуу автобусанд байхдаа торт барьсан байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 12 дугаар хуудас /

     Гэрч Э.Ц-с “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингис гэдэг залуу архи уусан халамцуу байдалтай гартаа торт барьсан орж ирсэн. Намайг нэг шил 0,33 литрийн Хараа нэртэй архи зээлчих гэхээр нь би түүнд татгалзсан учраас тэр гараад явсан. Удалгүй гаднаас нэг хөгшин юм аваад гарсан. Тэгээд удалгүй тэр хөгшин эргэж орж ирээд “намайг сая гудамжинд дээрэмдчихлээ” гэхээр нь нь би ямар хүн байсан талаар асуухад тэрээр “сая надтай хамт автобусаар ирсэн биерхүү, хар царайтай, торт барьсан хүн намайг барьж аваад, миний халаасанд байсан бэлэн 110.000 төгрөгийг дээрэмдчихлээ” гэхээр нь цагдаа дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 13-14 дугаар хуудас /

     Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

      Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилготой, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан нь нийгэмд аюултай, гэм буруутай, санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

    Шүүгдэгч Д.Ч нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Усан сангийн автобусны буудлын хажуугийн гудамжинд хохирогч М.Т-ын халаасанд байсан биет 110.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн Усан сангийн автобусны буудлын хажууд байрлах “Дэвжих Оргил” хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Д.Ц халаасанд байсан биет 25000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад нийт 135.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ч-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Д.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Ч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасанаар учруулсан хохиролыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд хамааруулсан ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Улсын яллагчаас шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгэмд үзүүлэх хор аюул, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан төрөл, хэмжээний дотор болох 2 жил хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Э.Чингэсийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сар 29 хоногийн хугацаатай хорих ялаас эдлээгүй үйлдсэн 1 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 3 жил 1 сар 14 хоногоор тогтоож,   нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийн ар гэрээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын мөнгө болох 135000 төгрөгийг байршуулсан Худалдаа хөгжлийн банкны 100900005406 тоот данснаас 110.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Т-т, 25.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ц-д тус тус олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болно.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Д.Ч-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-т  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,3,4-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Ч-т Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сар 29 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Ч-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ээс төрийн сангийн 100900005406 дансанд байршуулсан 135.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Т-т 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгийг, хохирогч Д.Ц-д 25.000 /хорин таван мянга/ төгрөгийг тус тус олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Д.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Чийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН