Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 00368

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг би, Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багт оршин суух Г.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын Өлзийт багт оршин суух Б.Батчулуун, Г.Цээтуяа нарт холбогдох, 42300000 төгрөг гаргуулах буюу 350 толгой мал гаргуулах тухай 132/2017/00323/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Баярмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Би нөхөр Б.Ганболдтой 2007 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсон. 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү Г.Ганбаярыг төрүүлсэн. Нөхөр Б.Ганболд нь 2017 оны 01 дүгээр сард зам тээврийн осолд орж биедээ хүнд гэмтэл авсан бөгөөд үүний улмаас нас барсан. Нөхөр Б.Ганболд нь хүү Г.Ганбаяр бид хоёрт гэрээслэл бичээд нас барсан. Нөхөр Б.Ганболдын аав Б.Батчулуун, ээж Г.Цээтуяа нар хүү бид хоёрын амьдралын эх үүсвэр болсон 350 тооны мал, мөн 5 ханатай гэрийг авч явсан. Иймд нөхөр Б.Ганболдын аав Б.Батчулуун, ээж Г.Цээтуяа нараас морь 9, үхэр 27, ямаа 210, хонь 104, нийт 350 тооны малыг, мөн иж бүрэн тавилгатай 5 ханатай гэрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батчулуун, Г.Цээтуяа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Батчулуун, Г.Цээтуяа нар нь бэр болох Г.Баярмаагийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад доохи хариу тайлбарыг гаргаж байна. Миний хүү талийгаач Б.Ганболд нь бэр Г.Баярмаатай 2007 онд гэр бүл болж 2017 онд ач хүү Г.Ганбаяр мэндэлж, тэд мал аж ахуй эрхлэн амьдарч байсан. 2017 онд талийгаач хүү маань авто тээврийн осолд орж хүнд гэмтэж удаан хугацаагаар хэвтэрт байж, мөн уг хэргийн улмаас Цагдаагийн байгууллагаар шалгагдах болсноор хүүгийн маань сэтгэл санаа тогтворгүй зүйл байсан ч эцэг, эх, ах, дүү найз нөхөд гээд бүгд л санаа тавьж сэтгэлийн дэм болж байсан. Гэвч хүү маань 2017 оны 5 дугаар сард зуурдаар нас барж гэр бүлийнхэн, найз нөхдөд хүнд цохилт болсон. Тухайн үед бэр Баярмаад хатуу үг хэлж байсаныг үгүйсгэхгүй ч хуулийн байгууллагад хандана гэж төсөөлж байсангүй. Хүү маань Г.Баярмаатай өрх тусгаарлаж айл болсон учир хүүгийнхээ үлдээсэн эд хөрөнгийг бэр болон ач хүүгээсээ булааж авах санаа зорилго огт байхгүй. Тухайн үед "би та нарыгаа л дагаж, харж амьдрахгүй бол өөр хэнийгээ харж амьдрах билээ" гэж хэлж байсан атлаа бидэнтэй зөвшилцөж, санал бодлоо хуваалцахгүйгээр нутаг усныхан, ах дүү нарт нэхэмжлэлд дурдсан буруу ойлголтыг төрүүлж байгаад хөгшин настай хүний хувьд гомдож байна. Биднийг гэрээ нүүлгэх үед Г.Баярмаа нь "төрсөн дүүгийндээ очиж 2 хоноод ирье" гэж хэлж явчихаад эргэж ирэхгүй, холбоо барихгүй байсан учир бид хүүгийнхээ гэрийг буйран дээр нь үлдээж зүрхлээгүй учир ачиж явсан. Нэхэмжлэлд дурдсан 350 толгой мал /Үүнд: хонь 210, ямаа 104, үхэр 27, адуу 9/, 5 ханатай гэр тавилгын хамт нэхэмжилсэн байна. Гэхдээ Г.Баярмаа явахдаа зарим тавилга болон өөрийн эд зүйлийг гэр нүүлгэхэд ах дүү нараараа ирж авахуулсан. Тэр хоёр хүн нь хамт гэрийг нь буулгаж ачиж өгсөн. Малын тооны хувьд адуу 9 гэж байгаа боловч манайх адуу 4 толгой, үхэр 23 толгойг тууж ирсэн. Бусад адуу 5 толгой, үхэр 4 толгой дутуу байгааг нь сайн мэдэхгүй байна. Бэр маань өөрөө мэдэх байх гэж бодож байна. Үлдсэн мал, эд зүйлийн хувьд хэзээ ч ирж авсан бид хүлээлгэн өгнө. Хүргэж өгөх боломж байхгүй. Өөрөөр хэлбэл бид дээрхи дутуу мал болох адуу 5 толгой, үхэр 4 толгойноос бусад бүх нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Харин хүүгийнхээ хүү, бидний ач хүү болох Г.Ганбаяртай хааяа ч гэсэн уулзах эрх бидэнд байгаа гэдэгт итгэж байна. Учир нь манай бэр хэлэхдээ "хүүг дахин уулзуулах бодолгүй байгаа тухайгаа" хэлсэн. Бид эрүүл мэндийн байдал болон эдийн засгийн байдлаас шалтгаалан шүүхийн дуудсан цагт ирэх боломжгүй байна. Г.Баярмаа нь бидний тайлбарыг хүлээн зөвшөөрөх юм бол биднийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Баярмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Баярмаа миний бие Б.Батчулуун, Г.Цээтуяа нарт холбогдуулан гаргасан мал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 5 адуу, 4 үхэр, нийт 9 тооны бод мал гаргуулах шаардалгаасаа татгалзаж байна гэжээ ҮНДЭСЛЭХ нь:

Г.Баярмаа нь Б.Батчулуун, Г.Цээтуяа нарт холбогдуулан 42300000 төгрөг гаргуулах буюу 350 толгой мал гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5 адуу, 4 үхэр, нийт 9 бод малыг төлөхөөс татгалзаж 341 толгой мал болон эд зүйлийг хүлээлгэн өгөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь 5 адуу, 4 үхэр, нийт 9 тооны бод мал гаргуулах шаардалгаасаа татгалзсан ньбусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарГ.Баярмаагийн нэхэмжлэлтэй Б.Батчулуун, Г.Цээтуяа нарт холбогдох 42300000 төгрөг гаргуулах буюу 350 толгой мал гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 184725 /нэг зуун наян дөрвөн мянга долоон зуун хорин тав/ төгрөг, хариуцагч Б.Батчулуун, Г.Цээтуяа нараас 184725 /нэг зуун наян дөрвөн мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж Төрийн санд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                       О.ОДОНЧИМЭГ