| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0404/и |
| Дугаар | 443 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 443
2017 оны 08 сарын 30 өдөр Дугаар 129/ШШ2017/0443 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Жаргалан хорооллын 2-1 тоотод оршин суух Тайж овгийн Ёндонгийн Сэрчмаа /РД:АС62061500/-ын хүсэлттэй,
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ё.Сэрчмаа, гэрч Ж.Рэнцэнханд, С.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ё.Сэрчмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний Архангай аймгийн Хашаат сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 10 сарын 05-ны өдрөөс 1987 оны 01 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ё.Сэрчмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оноос 1987 оныг хүртэл Архангай аймгийн Хашаат сумын 8 жилийн сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан. Намайг Ёндонгийн Сэрчмаа гэдэг. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр Ё.Ширчмаа гэж буруу бичсэн байсан. Тухайн үед яагаад миний нэрийг буруу бичсэнийг мэдэхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ё.Сэрчмаа нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Ёндонгийн Ширчмаа гэсэн бичилттэй 1986 оны 12 сарын 30-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрт:
2. Архангай аймгийн Хашаат сумын СХ-ийн 8 жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 10 сарын 05-ны өдрийн 34 дугаартай “Ажилчид авах тухай” тушаалд: 1. Тус сумын АДХГЗ, ҮЭ-ийн хороо, санхүүгийн тасгийн шийдвэр, өөрсдийн хүсэлт, хөдөлмөрийн гэрээ хийсэн байдлыг харгалзан ... цэвэрлэгчээр Ёндонгийн Ширшмаа нарыг 10 сарын 01-ний өдрөөс тус тус авч ажиллуулсугай гэсэн,
3. Архангай аймгийн Хашаат сумын СХ-ийн 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 11 сарын 04-ний өдрийн 32 дугаартай “цалингүй чөлөө олгох тухай” тушаалд: 1. Тус сургуулийн дотуур байрын цэвэрлэгч Ё.Сэрчмаад БНМАУ-ын СНЗ-ийн 1977 оны 165 дугаар тогтоолын заалт ёсоор нярай хүүхдээ асрахад нь зориулж сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн 1983 оны 10 сарын 30-аас эхлэн 1984 оны 01 сарын 30-ныг дуустал 03 сарын цалингүй чөлөө олгосугай гэсэн,
4. Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 328 дугаартай Ёндонгийн Ширчмаагийн Хашаат сумын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтод
5. Архангай аймгийн Хашаат сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 01 сарын 14-ний өдрийн 32 дугаартай “Ажилчин чөлөөлөх тухай” тушаалд: 1. Группт орсон тул Ё.Сэрчмааг 1 сарын 14-ний өдрөөс эхлэн цэвэрлэгчийн ажлаас чөлөөлсүгэй гэсэн,
6. Гэрч С.Сувдаагийн шүүх хуралдааны шатанд өгсөн “Ё.Сэрчмаа нь 1982 оноос 1987 оныг хүртэл Хашаат сумын 8 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байгаад дараа нь малчнаар ажиллах болсон. Намайг 1983 онд сургуульд багшаар ажилд ороход Ё.Сэрчмаа ажиллаж байсан юм. Хамт ажиллаж байсан учир 1987 онд Ч.Сэрчмааг ажлаас гарсан гэдгийг нь мэдэж байна. Өнөөдөр хөдөлмөрийн дэвтрийг харахад 1987 оныг хүртэл ажилласан гэж бичигдсэн байсан. Хашаатын сургууль Ё.Сэрчмаа, Рэнцэнханд гээд 2 цэвэрлэгчтэй байсан. 1982 оноос 1987 оны хооронд Хашаат сумын 8 жилийн дунд сургуулийн захирлаар Амаржаргал захирал ажиллаж байсан. Тухайн үед ариун цэврийн өрөөний цэвэрлэгч гэж байдаггүй байсан. Ё.Сэрчмаа талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан. Тэр үед Хашаат сумын сургууль 300 гаруй хүүхэд суралцдаг байв. Сэрчмаа гэх нэртэй өөр хүн тус сургуульд ажиллаж байгаагүй. Сэрчмаагийн аавыг нь Ёндон гэдэг байсан. Ах дүүс дунд нь Сэрчмаа гэх нэртэй хүн байхгүй. Ё.Сэрчмаа ажиллаж байх үедээ шагнал урамшуулал авч байгаагүй” гэх,
Гэрч Ж.Рэнцэнхандын “Би 1974 оноос 1986 оныг хүртэл Архангай аймгийн Хашаат сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгч, малчнаар ажиллаж байсан. Тухайн үед намайг ажиллаж байхад Ё.Сэрчмаа нь тус сургуульд хамт үйлчлэгчээр ажиллаж байсан. Би сургуульд ажиллахаасаа өмнө нь нэгдэл саальчнаар ажиллаж байгаад 1974 оноос 1986 оныг хүртэл сургуульд ажиллаж байгаад сургуулиасаа тэтгэвэрт гарсан. 1986 онд намайг тэтгэвэрт гарахад Ё.Сэрчмаа сургуульд ажиллаад үлдсэн. Тухайн үед сургуулийн цэвэрлэгчээр Дайрий, Нямсүрэн, Дуламсүрэн, Шатар зэрэг хүмүүс үйлчлэгчээр ажиллаж байсан. Дотуур байр баригдаад би дотуур байрны жижүүрээр хэсэг хугацаанд ажиллаж байсан. Ё.Сэрчмаа нь дотуур байрны цэвэрлэгчээр ажиллаж байсан” гэх мэдүүлгүүд,
7. Гэрч Ж.Рэнцэнхандын Хашаат сумын сургуульд ажиллаж байсан бичилттэй нотлох баримтууд зэрэг болно.
Хүсэлт гаргагч Ё.Сэрчмаа нь 1986 оны 12 сарын 30-ны өдөр нээсэн эзэмшигч нь Ёндон овогтой Ширчмаа гэсэн бичвэртэй 1982 оны 10 сарын 05-ны өдрөөс 1987 оны 01 сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны ажиллаж байсан байдал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь Архангай аймгийн Хашаат сумын СХ-ийн 8 жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 10 сарын 05-ны өдрийн 34 дугаартай “Ажилчид авах тухай” тушаал, Архангай аймгийн Хашаат сумын СХ-ийн 8 жилийн дунд сургуулийн захирлын 1983 оны 11 сарын 04-ний өдрийн 32 дугаартай “цалингүй чөлөө олгох тухай” тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 15-ны өдрийн 328 дугаартай Ёндонгийн Ширчмаагийн Хашаат сумын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Хашаат сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 01 сарын 14-ний өдрийн 32 дугаартай “Ажилчин чөлөөлөх тухай” тушаал, гэрч С.Сувдаа, Ж.Рэнцэнханд нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ё.Сэрчмаагийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Тайж овгийн Ёндонгийн Сэрчмааг 1986 оны 12 сарын 30-ны өдөр нээсэн эзэмшигч нь Ёндон овогтой Ширчмаа гэсэн бичвэртэй 1982 оны 10 сарын 05-ны өдрөөс 1987 оны 01 сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны ажиллаж байсан байдал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ё.Сэрчмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН