Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/452

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0434/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч Б.Т,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Г.Эт холбогдох эрүүгийн 1918007010511 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Г.Э /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ....... аймгийн .....сумын ..... дугаар баг, ..... дүгээр байрны ..... тоотод Б.Ттэй маргалдан хоорондоо барилцан ноцолдож, улмаар Б.Тийн зүүн гарын ядам хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Эийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр найзууд болох С, Т хоёр цуг байна гээд намайг утсаар дуудахаар нь очсон. Тухайн үед манай хоёр найз согтууруулах ундааны зүйлийг нэлээн хэрэглэсэн байдалтай байсан. Тухайн үед эхлээд хохирогч нь Стай муудалцаж байснаа надтай үргэлжлүүлж маргаад ийм асуудал болсон. Хохирогч нь миний нүүр рүү гарын хуруунуудаараа самардаж байхад хохирогчийн хуруу ядам хуруу нь миний ам руу орж ирэх үед хазсан. Хохирогчийн хохирол төлбөрт 91.200 төгрөгийг бэлнээр хохирогчид өөрт нь өгсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Тийн өгсөн: ... шүүгдэгчийн нөхөртэй утсаар холбогдоод түр зуур өөрийгөө аргалж байх боломж байна уу? гэхэд шүүгдэгчийн нөхөр болно гэж хэлсэн. Тэгтэл шүүгдэгч надтай маргалдаад, ноцолдож байх үед шүүгдэгч миний гарын хурууг хазсан байсан. 00-ийн өрөө ортол миний гарын хуруунаас цус гарч байсныг хараад, гарын хуруу гэмтсэн гэдгийг мэдсэн. Шүүгдэгчид миний гарын хуруу гэмтсэн байгааг хэлтэл шүүгдэгч “хохь нь муу гичий минь” гэж хэлээд дахиад муудалцаад ноцолдсон. Шүүгдэгч надад шүүх хурал болохоос өмнө 100.000 төгрөгийг өгсөн. Би сэтгэл санаагаар хохирсон бөгөөд энэ хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлсэн баримт байхгүй... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Эы өгсөн: ...Г.Э нөхөртэйгөө утсаар ярьчхаад “би нөхөртөө хоол аваачиж өглөө, манай нөхөр ажилтай байгаа” гэж хэлсэн, дараа нь Т нь Г.Эийн нөхөртэй утсаар яриад байсан. Тэгээд Э, Т нар хоорондоо муудалцаж маргалдаад, барилцаж аваад зууралдаад байхаар нь би Эийг салгаад “чи арай эрүүл байгаа юм чинь ингээд явчих” гээд гэрээсээ явуулсан. Тэгтэл Т “гар хазчихлаа” гэхээр нь харсан чинь Тийн хурууг хазаад урчихсан, тэндээс нь цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

Гэрч Т.Сын өгсөн: ...Э нөхөртэйгөө утсаар ярьж байсан чинь Т утсыг нь булааж аваад ярьсан. Тэгээд Э “миний амьдралд оролцох хэрэггүй, би гэр бүлийн асуудлаа өөрөө шийдвэрлэнэ” гэж хэлэхэд Т “юун сүртэй юм бэ?” гээд тэр 2 хэрэлдээд Т нь Эийг цохиод барилцаад эхэлсэн. Тийн хурууг хазахыг бол хараагүй, би өөрөө нэлээн халамцуу байсан. Нэг мэдэхэд Т гараас нь цус гарчихсан “миний хуруу ийм болчихлоо шүү дээ, Э чинь хазчихлаа” гээд орилоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 852 дугаартай “Г.Эийн биед дух, баруун хөмсөг, зүүн хацар, хүзүүнд зулгаралт, хүзүү, зүүн шуу, сарвуунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/,

Б.Тийн зүүн гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үеийн өндгөн талд зүсэгдсэн шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24-25/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 851 дугаартай “Б.Тийн биед зүүн гарын 4 дүгээр хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,

Хохирогч Б.Тийн зүүн гарын 4 дүгээр хуруунд шарх үүсэж оёдол хийлгэсэн талаарх гэрэл зураг /хх-ийн 30/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Эийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 19 дүгээр байрны 26 тоотод Б.Ттэй маргалдан хоорондоо барилцан ноцолдож, улмаар Б.Тийн зүүн гарын 4 дүгээр хурууг хазаж зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зүүн гарын 4 дүгээр хуруунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Г.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тийн биед зүүн гарын 4 дүгээр хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалга, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний зардалд 91.230 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүгдэгч нь төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Г.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/, Дархан-уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1672 дугаартай албан бичиг /хх-ийн 44/, шүүгдэгчийн гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46, 49/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 47, 50, 51/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь найз нөхдийн харилцаатай боловч бие биенээ үл хүндэтгэн, “гэр бүлийн амьдрал руу орлоо” гэх шалтгаанаар харилцан маргалдаж, улмаар шүүгдэгч нь хохирогчийн хурууг хазсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх ба энэ байдлыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний бусад орлого олох боломж, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг гэх хувийн байдал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эт оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР