Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2014/0330

 

Б.А, А.С нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Б.А, А.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хамтран хариуцагч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 202 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын гаргасан давж заалдах гомдлоор, Б.А, А.С нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А, А.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын товыг зарласан акт, үйлдлийг, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар Б.А-г томилох талаар захиргааны акт гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлснээр 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагт тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаан хуульд заасан ирцтэйгээр хуралдаж, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, тодорхой шийдвэрийг гаргасан. Нэгэнт албан ёсоор

 

иргэдийн Нийтийн Хурал хууль ёсны дагуу явагдаж шийдвэрээ гарган уг шийдвэрийн дагуу томилох эрх бүхий албан тушаалтан нь хүлээн авч шийдвэрлэсэн байхад дахин энэ талаар шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ албан тушаал нь хуулиар тогтоосон бүрэн эрхийн хугацаатай төрийн улс төрийн албан тушаал болохын хувьд Б.Агийн насан туршийн ажлын байр биш юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу Б.Агийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бөгөөд үүнийгээ нотолж хуульд заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авснаар цаашид нэр дэвших эрх үүсэхгүй болсон гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өрөө тасалгааны цоож цуургыг сольсон үйлдэл хийгээгүй, одоогоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хороодын иргэдийн Нийтийн Хурлыг хамруулсан хурал зөвлөгөөн зохион байгуулаагүй. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас зохион байгуулсан үйл ажиллагаанд тус хорооны шинээр сонгогдсон иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Төмөрбаатар болон бусад Тэргүүлэгчид тогтмол оролцдог. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу үзэл бодлоор нэгдсэн хэсэг бүлэг иргэдийн хуралдсан хуралдааны шийдвэрээр хороо нь хэд хэдэн иргэдийн Нийтийн Хуралтай байх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Б.А нь МАН-ын гишүүн бөгөөд иргэдийн Нийтийн Хуралд хуучин хорооны Засаг даргынхаа өнгөрсөн 4 жилд ямар ажил хийж гүйцэтгэсэн тухай тайлан тавих ёстой байтал хурлыг үл хүндэтгэн ирээгүй. Тэрээр Баянзүрх дүүргийн иргэн биш, Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай, Засаг даргын албыг хаших бүрэн эрхийн хугацаа дууссан, өндөр насны тэтгэвэрт гарах өөрийн хүсэлтээ Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргаж, 6 сарын цалинтай тэнцэх 3 сая төгрөгийн мөнгөн тусламж авсан. Өнөөдрийг хүртэл иргэдийн Нийтийн Хурлын тамга, хурлын даргын өрөөний түлхүүр, бичиг баримтыг хүлээлгэж өгөөгүй, төрийн албыг гацааж байна гэжээ.

Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуралд 18 наснаас дээш бүх насны иргэд оролцсон хурал болсон. Гэтэл 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хуралд дандаа 1970 оноос өмнөх насны иргэд оролцсон намын хурал байсан нь тодорхой байна. 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хуучин ажилтнууд болон Б.А-д урилга өгсөн. Энэ өдрөөс эхлэн зараа тарааж эхэлсэн. С СӨХ-ны захирал н.Т жижүүрүүдэд үүрэг өгч зарлалыг байнга авхуулж байсан, бид нар өдөр болгон зарлалаа тавьдаг байсан. Засаг захиргааны ажил цаана нь явагдаж байгаа учир уг

 

хэрэг маргааныг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 1- ний өдрийн 202 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Сийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын товыг зарласан үйлдлийг, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Агийн гаргасан үлдэх “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар Б.Аг томилох талаар захиргааны акт гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.С-ийн гаргасан “2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б давж заалдах гомдолдоо: Шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй иргэдийн нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хэлэлцсэн. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 202 тоот шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг нь ойлгомжгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4, 23.13-т тус тус заасан зохицуулалт нь хорооны иргэдийн Нийтийн Хуралд үл хамаарах ойлголт гэснээ үндэслэх хэсгийн холбогдох хэсэг, тогтоох хэсгийн 1 дүгээрт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-ийг үндэслэл болгож, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын товыг зарлаагүй байтал зарласан болгож, зарласан гэх үйлдэл, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 01, 02, 03 дугаар тогтоолуудыг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Мөн тогтоох хэсгийн 3-т "...хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулах эсэхийг даалгасугай" гэсэн ойлгомжгүй шийдвэр гаргасан. Хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Дээрх хуулийн 9.3-т "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид "Хурал" гэх/..." гэж заасан нь баг хорооны гэж тодотгоогүй л бол "Хурал" гэх нь зөвхөн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамаарна гэдгийг тогтоосныг үндэслэвэл мөн хуулийн 23.4 дэх заалт нь хорооны иргэдийн Нийтийн Хуралд үл хамаарах заалтыг хэрэглэсэн. Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно" гэсэн заалт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулагдсан бөгөөд тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн эрх хэмжээнд хурлыг зарлан хуралдуулна гэсэн зохицуулалт байхгүй байтал мөн хуулийн 23.4, 20.1.1-т заасан зөвхөн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн заалтыг хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамааруулан ойлгож, 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1,3-т заасан бүрэн эрхийн хүрээнд Хурлын хуралдааны дарга, тэргүүлэгчдийг сонгож, хурлын дотоод зохион байгуулалтын асуудлаа бие даан олонхын саналаар шийдвэрлэсэн хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг зөвшөөрөхгүй тул гомдлыг хэлэлцэн хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын товыг зарласан үйлдэл, 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх, уг иргэдийн Нийтийн Хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар Б.Аг томилох талаар захиргааны акт гаргахыг тус дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийг А.С, Б.А нар шүүхэд гаргасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 17 дугаар зүйлийн 17.2-д “Баг хорооны Хурлын энэ хуулийн 17.1.1-17.1.3, 17.1.8-д зааснаас бусад бүрэн эрхийг уг Хурлын хуралдааны чөлөөт цагт тухайн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэж заажээ.

Хуулийн энэ заалтын дагуу хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг тухайн хорооны иргэдийн Нийтийн Хурал товлон зарлах, тодруулбал, өмнөх Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулах эрхтэй байна.

Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвартай байхад оршино.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

 

 

 

 

хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна”, 7 дугаар зүйлийн 7.1.3-т “энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан Хурлын хуралдааны чөлөөт цагт тэдгээрийн Тэргүүлэгчид”, 9 дүгээр зүйлийн 9.2-д “Энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөөт цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэж заажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид нь асуудлыг хамтын зарчмаар олонхын саналаар шийдвэрлэх ба бүх Хурлын Тэргүүлэгч нарт хурлын товыг мэдэгдэж, тэдгээрийг хуралд оролцох, санал өгөх эрхээр хангасан тохиолдолд Хурлын Тэргүүлэгчдийн хэлэлцэн шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр үйлчлэх ёстой.

2013 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг “Өдрийн сонин”-д мэдээлэн, 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлосон болох нь гэрч Я.Юндэнгийн “...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2012 оны 2 дугаар сарын 02-ны орой 2012 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хурлаа хий гэсэн бичиг ирсэн. Тэргүүлэгчидтэйгээ холбоо барихад Ганчимэг багш хөдөө явсан, Самданцоодол албан томилолттой эзгүй байсан...” гэсэн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд энэ нь “хорооны удирдлагын тогтолцоог хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны чөлөөт цагт тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлэх” хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь заалтаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэх”-ийг хориглосон байх тул Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас өмнөх хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөлгүйгээр тус дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг тогтоож, зарлан хуралдуулсан үйлдэл хүчин төгөлдөр бус байна.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг товлож, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх, хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн, уг хуралдаанаас гаргасан “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 01 дүгээр тогтоол, "хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 02 дугаар тогтоол, “хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоолуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Мөн тус дүүргийн 1 дүгээр хорооны 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хуралдсан

 

иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлсэн Б.А-г томилуулах 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн албан бичигт “2 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тогтоол, баримтыг үндэслэн дүүргийн Засаг дарга уг асуудлыг шийдвэрлэсэн... дахин шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй” гэж үзсэн, ийнхүү нэр дэвшигчийг томилохоос татгалзсан хариуг 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 3/577 дугаар албан бичгээр өгсөн байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Энэ тохиолдолд “зохих шатны Хурал 15 хоногийн дотор Засаг даргад дахин нэр дэвшүүлэх” үүргээ хэрэгжүүлээгүй, 1 дүгээр хорооны Засаг даргаар Ц.Баттулгыг томилсон дүүргийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/59 дүгээр захирамж хүчинтэй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Аг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаар томилохыг тус дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин шүүх Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас гарсан тогтоолуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн байтлаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг захиргааны актын шинжийг агуулаагүй учир 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/-г... гэж зааснаас гадна мөн хуулийн 3.1.5-д “үйл ажиллагаа”-г захиргааны актад хамааруулан авч үзсэн байна.

Захиргааны үйл ажиллагаа нь захиргааны акттай адилтгах хэмжээний эрх зүйн ойлголт ба хууль зүйн үр дагавар үүсгэж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байна.

Иймд, хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэх үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаан хууль бус явагдсан болох нь тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 1- ний өдрийн 202 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Сийн “2013 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

Д.БААТАРХҮҮ

Б.ТУНГАЛАГСАЙХАН


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.