Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 231

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

Хохирогч Т.Цэндсүрэн,

Иргэний хариуцагч В.Байгалмаа,

Шүүгдэгч Т.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Түмэнбаатарын Цолмонд холбогдох эрүүгийн 201619000381 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1980 оны 01 сарын 10-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, ээж, ах дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Баганаран 2-35 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харчин овогт Түмэнбаатарын Цолмон /РДИУ80011010/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар/сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Т.Цолмон нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг 60-н даваа гэх газар засмал замд Портер маркийн 59-01 УНҮ дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажуу руу онхолдож иргэн Т.Цэндсүрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Т.Цолмон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2016 оны 3 сарын 06-ны өдөр түгээлтээр Зүүнхараа руу 07 цагийн үед явж байгаад 60-н давааны гөлөө нь дээр унаад Цэндсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Унаад байж байхад машинтай 2 залуу ирээд хаалга онгойлгоод Цэндсүрэн эгчийг машинд суулгаж явуулаад компаниас хүмүүс ирээд машинаа чирээд явсан гэв.

 

Хохирогч Т.Цэндсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2016 оны 03 сарын 06-ны орой 20 цагийн үед 60-н давааны орчимд гэнэт машин дайвалзаад уначихсан. Тэгээд миний зүүн хөл халуу дүүгээд би хөлдөө гэмтэл авчихлаа гэж Цолмонд хэлээд ямар нэгэн аргаар машинаас гарах хэрэгтэй. Дохиод машин зогсоож замын машинд суугаад захиралтай хамт гэмтлийн эмнэлэг яваад үзүүлээд имра зураг авхуулсан чинь шөрмөс тасарсан гэж байсан тэгээд хагалгаанд орох шаардлагатай гээд би жолооч захирал хоёртой ярьсан. Тэгэхэд захирал 600.000 төгрөг өгсөн тэгсэн чинь хагалгааны мөнгө гээд 1.800.000 төгрөг хийгээрэй гээд захирлын утасруу мессэжээр явуулсан чинь Цолмон мөнгө тушаасан баримтыг авчирч өгсөн. Тэгээд хагалгаанаас гараад Цолмон руу ярьсан чинь би танд мөнгө өгч чадахгүй гэсэн тэгээд захирал руу ярьсан чинь жолооч чинь танд тодорхой хэмжээний мөнгө өгсөн байгаа та өөрөө зохицуул гэсэн. Тэгээд би 1 сарын хугацаанд хүлээгээд надтай холбогдохгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан байгаа би байцаагчид хохирлын баримтаа гаргаж өгсөн байгаа. Би хохиролтой холбогдуулан 3 шаардлага гаргасан байгаа би ажил үүргээ гүйцэтгэж явсан тул үйлдвэрлэлийн осолд тооцуулж, сарын цалингаа гаргуулах саналтай байна. Би хохирогчтой сайн дураараа эвлэрсэн байгаа гэв.

 

Иргэний хариуцагч В.Байгалмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр жолооч Т.Цолмон, борлуулагч Цэндсүрэн эгч нар Зүүнхараа руу борлуулалтанд явж байгаад осолд орсон талаар надад Цэндсүрэн эгч ярьсан тэгээд би хохирогчийг дагуулаад гэмтлийн эмнэлэгт очсон чинь яс хугасан зүйл байхгүй нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн тэгээд би хохирогчийг гэрт нь хүргээд явсан. Тэгсэн 3 хоногийн дараа хагалгаанд орохоор болсон 2.500.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би эхлээд 600.000 төгрөг өгсөн, дараа нь зураг авхуулан гэхээр нь 200.000 төгрөг өгсөн, хагалгааны мөнгө гээд 1.800.000 төгрөг, сүүлд хөлний бэхэлгээ авна гэхээр нь 100.000 төгрөг өгсөн. Цэндсүрэн эгч надаас цалин гэхээр нь би тараасан барааны үлдэгдэл 4.000.000 төгрөг байгаа тэрийгээ дуусгачихаад цалингаа аваарай гэсэн гэв.

 

Гэрч Д.Энхбаатар хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ Оройн 23 цагийн үед манай эхнэрийн /компаний Хос Ивээл ХХК-ны/ борлуулагч Цэндсүрэн эгч утсаар залгаад Цолмон бид хоёр хот руу явж байгаад замын хажуу руу ороод уначихлаа би хот руу явж байна. Цолмон дээр түлш машин босгож аваарай гэсэн. Таны бие гайгүй гэсэн гайгүй гэсэн. Цолмон гайгүй юу гэсэн гайгүй гэсэн. Би суудлын автомашинтай ирэхэд Төв аймгийн Баянжаргалан сумын 60-ын даваа гэх газар Портер машин замын хойд хэсэгт цасан дээр хажуу талаараа уначихсан байсан. Машиныг нь хүмүүстэй нийлж босгож авсан машинд ямар нэгэн эвдрэл гараагүй байсан. Тэгээд машиныг нь босгоод хот руу аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-13 тал/,

 

-Т.Цэндсүрэнгийн Төв аймгийн Замын цагдаагийн тасагт гаргасан гомдол /хх-4 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5 тал/,

-Зам тээврийн осол дээр тогтоогдсон акт /хх-6 тал/,

-Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-7 тал/,

 

-Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №248 тоот актад

1.Т.Цэндсүрэнгийн биед өвдөгний урд чагтан холбоосны бүрэн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл  үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

6. Дээрхи гэмтэл нь унаж ойчих, цохигдох, зам тээврийн осол аль алинд нь үүсэх боломжтой гэжээ. /хх-15 тал/,

-Өвчний түүх /хх-19-26 тал/,

 

-2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №00000050 дугаар дүгнэлтэд

1. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд Портер маркийн 59-01 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Түмэнбаатар овогтой Цолмон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үэж байна. Жолооч Түмэнбаатар овогтой Цолмон нь Монголй улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт зөрчсөн гэж үзэж байна.

2. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн байх боломжтой.

3. Асуултанд тусгагдаагүй шинэ нөхцөл байдал илэрээгүй гэжээ /хх-28 тал/,

 

-Хос Ивээл ХХК-ны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1600/30 дугаар бүхий ажил байдлын тодорхойлолт /хх-41 тал/,

-Хос Ивээл ХХК-ны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1600/28 дугаар бүхий тодорхойлолт /хх-42 тал/,

-Хос Ивээл ХХК-ны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1600/29 дугаар бүхий ажил байдлын тодорхойлолт /хх-43 тал/,

-Зам тээрийн осол хэрэгт нөхөн үзлэг хийсэн зураг /хх-47-50 тал/,

-Сонгинохайрхан дүүргийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх-38 тал/,

            - Т.Цолмонг сэжигтэн /хх-34 тал/, яллагдагчаар /хх-37 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

            - Т.Цолмонгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа  /хх-26 тал/,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Цолмон нь 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг 60-н даваа гэх газар засмал замд Портер маркийн 59-01 УНҮ дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажуу руу онхолдож иргэн  Т.Цэндсүрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Цэндсүрэн, гэрч Д.Энхбаатар нарын мэдүүлэг, Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №248 тоот акт, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №00000050 дугаар дүгнэлт, шүүгдэгч Т.Цолмонгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Т.Цолмонгийн холбогдсон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Т.Цолмонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирлын талаар

            Хохирогч Т.Цэндсүрэнгийн хохирлын төлбөрт иргэний хариуцагч 1100000 төгрөг, шүүгдэгч Т.Цолмон 2400000 төгрөг тус тус төлсөн байна. Хохирогч Т.Цэндсүрэн нь шүүгдэгч Т.Цолмонтой сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй одоогоор нэмж өгөх нотлох баримт байхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд иргэний хариуцагч хохирогчид цаашид гарах гэм хорын асуудлыг баримтыг үндэслэн хариуцан төлөхөө ойлгосон гэх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна. Харин хохирогч Т.Цэндсүрэн нь цаашид ослын улмаас гарсан гэм хорын хохирлын зардлаа хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Т.Цолмон нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Харчин овогт Түмэнбаатарын Цолмонг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Т.Цолмонд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Цолмон нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч Т.Цэндсүрэн нь цаашид ослын улмаас гарсан гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

         

          5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Цолмонд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Т.Цолмонд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА