| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00478/И |
| Дугаар | 530 |
| Огноо | 2017-09-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 530
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Ж.Өлзийбүрэнд холбогдох “Утасны үлдэгдэл төлбөр, нотариатын зардал 86.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-наас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн утга: Ж.Өлзийбүрэн нь 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч “Скайтел” ХХК, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Эрүүл мэндийн төвийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах” гэрээнд хамрагдан 160.000 төгрөгийн үнэ бүхий “UNO dua”l маркын гар утас 1 ширхэгийг авч төлбөрийг 6 сар хүртэл хуваан төлөхөөр тохирсон.
Ж.Өлзийбүрэн нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөр 80.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Ж.Өлзийбүрэнгээс гар утасны төлбөрийн үлдэгдэл 80.000 төгрөг, нотариатын зардалд 6000 төгрөг, нийт 86.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ий Сэлэнгэ салбарын захирал Д.Адъяа 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...Хариуцагч Ж.Өлзийбүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 86.000 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-наас хариуцагч Ж.Өлзийбүрэнд холбогдуулан “Утасны үлдэгдэл төлбөр, нотариатын зардал 86.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ж.Өлзийбүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 86.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь буюу 2275 төгрөг хариуцагчаас, үлдэх тал хувь буюу 2275 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Ж.Өлзийбүрэнд холбогдох “Утасны үлдэгдэл төлбөр, нотариатын зардал 86.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь буюу 2275 төгрөг хариуцагчаас, үлдэх тал хувь буюу 2275 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ