| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0503/и |
| Дугаар | 441 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 441
2017 оны 08 сарын 30 өдөр Дугаар 129/ШШ2017/0441 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1955 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр баг, Цагаандавааны 12-12 тоотод оршин суух Луу гүн овгийн Ёндонгийн Сүхбаатар /РД:АА57081551/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ё.Сүхбаатар, гэрч Л.Ламсүрэн, Б.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ё.Сүхбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Архивын лавлагаа болон хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1981 оноос 1991 оныг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ё.Сүхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1978 оны 08 сарын 15-ны үеэр цэргийн албанаас халагдаж ирээд 1978 оны 09 сараас эхлэн “Улаан туг” нэгдлийн Цац бригадад малчнаар ажиллаад 1991 оныг хүртэл хугацаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ажиллаж байсан байдлыг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1981 оноос 1991 оныг хүртэл хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ё.Сүхбаатар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 10 сарын 15-ны өдрийн 58 дугаартай “МХЗЭ-ийн байгууллагын 60 жилийн ойг тохиолдуулан зарим гишүүнийг шагнах тухай” тогтоолд: 1.МХЗЭ-ийн 60 жилийн ойг угтсан ажилд амжилт гаргасан МХЗЭ-ийн 13 гишүүнийг МХЗЭ-ийн 60 жилийн ойг тохиолдуулан 1 дүгээр хавсралтаар шагнасугай. Хавсралтад 5. Ё.Сүхбаатар Цац бригад баярын бичмг 1, 18-ын торго 3, бүгд үнэ 57 төгрөг, 50 мөнгө гэсэн,
2. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 05 сарын 01-ний өдрийн 43 дугаартай “Цалин олгох тухай” тушаалд: 1.БНМАУ-ын бүх нийтийн цэргийн үүргийн хуулийн 03 дугаар бүлгийн 62 дугаар зүйлд зааснаар түр цэрэгт 1985 оны 05 сард 30 хоногийн хугацаагаар томилогдон сургууллаж яваад ирсэн доор хүмүүсүүдэд дундаж цалингийн 75 хувийг олгохыг санхүүд зөвшөөрсүгэй. 2. 7-д Ёндонгийн Сүхбаатар цацад хоньчин гэсэн,
3. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 03 сарын 25-ны өдрийн 21 дугаартай “Мал зарлага болгох тухай” тогтоолд: 1. 1987 оны гуравдугаар сард өвчний бус шалтгааны улмаас хорогдсон 1646 төгрөгний адуу 1, үхэр 4, хонь 6, ямаа 8, бүгд 19 малыг зарлага болгон данснаас хассугай. Хавсралтын 6-д Ё.Сүхбаатар бүгд 10, хонь 6, ямаа 4 гэсэн,
4. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 01 сарын 30-ны өдрийн 12 дугаартай “Ажлаас чөлөөлөх шилжүүлэн томилох тухай” тушаалд: 1.Эмчилгээ тэжээлийн цэгийн зохион байгуулалтанд өөрчлөлт орсонтой холбогдуулан Цац бригадын ЭТЦ-ийн малчин Ё.Сүхбаатар, ... нарыг 02 сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн бригадад нь малчнаар шилжүүлэн тус тус томилсугай” гэсэн,
5. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 сарын 03-ны өдрийн 12 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолд: 1.ХАА-н нийгмийн даатгалд хамрагдаагүй гишүүдэд олгох ээлжийн амралтыг ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан заавар бригадын зөвлөлүүдээс ирүүлсэн санал сум бригадад байнга зохиогддог ажилтай зохицуулан боловсруулсан жагсаалтыг хэлэлцээд 1 дүгээр хавсралтаар баталсугай. Хавсралтын 93-т Ёндонгийн Сүхбаатар эр, үхэрчин, 10 сарын 01-ний өдрөөс ажилласан хоног 260 хоног гэсэн,
6. Ё.Сүхбаатарын цэргийн батлах,
7. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 408 дугаартай тодорхойлолтод: “Тус архивын сан хөмрөгт хадгаладагдаж байгаа Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1993 онд хувьчлал авсан гэх боловч энэ үеийн баримтыг шүүн үзэхэд Ёндонгийн Сүхбаатарт ажил төрөлтэй холбоотой материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн,
8. Гэрч Л.Ламсүрэнгийн шүүх хуралдааны шатанд өгсөн “Би 1975 оноос Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац бригадад намын дарга, Цац бригадын цэцэрлэгийн нярваар тус тус ажиллаж байгаад 1981 оноос хойш Архангай аймгийн төвд шилжин ирж, намын хороонд нярав, жолоочоор ажиллаж байсан. Одоо Архангай аймгийн Ганданд ажиллаж байна. Хүсэлт гаргагч Ё.Сүхбаатарыг Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдлийн Цац бригадад малчнаар ажиллаж байсныг нь мэднэ. Намайг 1975 онд ажиллаж байх үед малчнаар ажиллаж байсныг нь мэднэ. Ё.Сүхбаатар нь “Улаан туг” нэгдлийн Цац бригадад ажиллаж байсныг нь мэднэ. Хэний суурьт ажиллаж байсан зэрэг нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Намайг 1981 онд Архангай аймгийн намын хороонд ажиллахаар ирэх үед Ё.Сүхбаатар нь “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх
Гэрч Б.Төмөрбаатарын шүүх хуралдааны шатанд өгсөн “Би 1982 оноос 2000 оныг хүртэл Батцэнгэл суманд ажиллаж байсан. 1982 оноос “Улаан туг” нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг 1982 онд анх нягтлан бодогчоор “Улаан туг” нэгдэлд ажилд ороход Ё.Сүхбаатар нь Цац бригадад хоньчноор ажиллаж байсан. Би Батцэнгэл сумын сургуулийг төгссөн учир өмнө нь Ё.Сүхбаатар гуайг малчнаар ажиллаж байсныг нь мэднэ. Ээжтэйгээ хамт хонь малладаг байсан юм. Ё.Сүхбаатар нь 1990 оныг хүртэл ажиллаж байсан. Улаан туг нэгдэл 1990 оноос 1992 оныг хүртэл хувьчлагдсан. Би Ё.Сүхбаатарыг 1989 оныг дуустал ажилласныг сайн мэдэж байна. Харин 1990 онд ажиллаж байгаагүй. 1990 онд бага хувьчлал эхэлж байсан үе. Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд Эмчилгээ тэжээлийн цех гэж байдаг байсан. Малчнаар нь Аяажав гэх настай хүн байсан. Ё.Сүхбаатар мөн ажиллаж байсан санагдаж байна. Манай нэгдэлд Самбуугийн Сүхбаатар гэх нэртэй хүн Дэл бригадад ажилладаг байсан. Өөр Ёндонгийн Сүхбаатар нэртэй хүн байхгүй. Намайг ажиллаж байх үед Ё.Сүхбаатар ял шийтгэл эдэлж байгаагүй. Гавьяа шагнал авч байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлгүүд,
9. Гэрч Л.Ламсүрэн, Б.Төмөрбаатар нарын Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байсан бичилттэй шүүх хуралдааны шатанд өгсөн нотлох баримтууд зэрэг болно.
Хүсэлт гаргагч Ё.Сүхбаатар нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 01 сарын 30-ны өдрийн 12 дугаартай “Ажлаас чөлөөлөх шилжүүлэн томилох тухай” тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 05 сарын 01-ний өдрийн 43 дугаартай “Цалин олгох тухай” тушаал, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 03 сарын 25-ны өдрийн 21 дугаартай “Мал зарлага болгох тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 10 сарын 15-ны өдрийн 58 дугаартай “МХЗЭ-ийн байгууллагын 60 жилийн ойг тохиолдуулан зарим гишүүнийг шагнах тухай” тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 03 сарын 03-ны өдрийн 12 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоол, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 408 дугаартай тодорхойлолт, гэрч Б.Төмөрбаатарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ё.Сүхбаатарын хүсэлтээс 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж, хүсэлтээс 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрч Л.Ламсүрэн хүсэлт гаргагч Ё.Сүхбаатартай 1981 оноос хойш хамт ажиллаагүй учир түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Луу гүн овгийн Ёндонгийн Сүхбаатарыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаантуг нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч Ё.Сүхбаатарын хүсэлтийн шаардлагаас 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ё.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.