| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0746/Э |
| Дугаар | 2018/ ШЦТ/775 |
| Огноо | 2018-11-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2018/ ШЦТ/775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Харуул монгол овогт Отгонбатын Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811026290927 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эх, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харуул монгол овогт О.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ О.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч О.А нь 2018 оны 9 дүгээр сарын 15-наас 16-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сурагчийн 5 дугаар гудамжны 34 тоотод хохирогч Ц.Бямбасүрэнгийн баруун гарыг хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний нагац дүү болох Туулхүүгийн найз залуу О.А согтуу ирээд маргалдахдаа хутгаар миний баруун гарыг зүсчихсэн.." гэх мэдүүлэг/хх-ийн 13-16х/, гэрч Г.Анхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дунд сургуулийн найз Туулхүү, А, Аийн найз Мөөгий нартай хамт хүүхдийн 100-д байх Мөөгийн гэрт уулзсан. 23 цагийн үед бид дөрөв Мөөгийгийн гэрээс гарч яваад Сансарт байх Туулхүүгийн гэрлүү явсан. Тэгсэн А машин дотор явж байгаад Туулхүү рүү агсам согтуу тавьж Туулхүүг ална гэж хэлээд Туулхүү машин барьж байсан чинь машины үрүүлийг хоёр тийш нь А савчуулаад байсан. Туулхүү машинаа зогсоогоод А, Мөөгий бид гурвыг машинаас буулгаад 100 айлд байх жоби барилгын материалын худалдааны төв рүү яваад тэнд уулзахаар болсон. Тэгээд Мөөгий бид хоёр Жоби барилгын материалын худалдааны төв дээр ирээд Туулхүүтэй уулзаад Мөөгий гэр лүүгээ харьсан. Харин Туулхүү бид хоёр Туулхүүгийн нагац эгчийн гэрлүү явсан. А өөрөө такси бариад явсан. Туулхүү бид хоёр Туулхүүгийн нагац эгчийнх нь гэрт байж байсан чинь А хашааг нь давж байшин дотор орж ирээд уйлаад юм яриад байсан. Гэнэт гал тогооны шүүгээ нь дээр байсан сагсан дотроос иштэй хутга аваад Туулхүү рүү дайрсан. Тэгсэн Туулхүүгийн нагац эгч Бямбасүрэн Туулхүүг хамгаалж Аийг холдуулах гэж байсан чинь А хутгаараа Туулхүүгийн нагац эгч Бямбасүрэнгийн баруун гарын бугалганы хэсгийгдээд талаас нь хутгалсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 19-21х/, гэрч М.Туулхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...А манай нагац эгчийн хашааг давж байшин дотор орж ирээд уйлаад юм яриад байсан. Тэгээд гэнэт гал тогооны шүүгээ нь дээр байсан сагсан дотроос цэнхэр иштэй хутга аваад над руу дайрсан. Манай нагац эгч Бямбасүрэн намайг хамгаалж Аийг холдуулах гэж байгаад баруун гарын буглагны хэсгийг дээд талаас нь хутгалсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/, Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 1125 дугаартай "...Ц.Бямбасүрэнгийн биед баруун сарвууны 2, 3 дугаар хурууны нугалах шөрмөсийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарна..." дүгнэлт /хх-ийн 38х/ яллагдагч О.Аийн мэдүүлэг /хх-ийн 43-44х/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч О.Аийг бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул О.Аэд торгох ял оногдуулж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Харуул монгол овогт Отгонбатын Аийг хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Аийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Аэд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ