| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0839/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/867 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/867
2020 11 10 2020/ШЦТ/867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
Хохирогч П.Хнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон жоожоо овогт Д.Мт холбогдох эрүүгийн 2011 00000 0857 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон жоожоо овогт Д.М, Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .... эмнэлэгт манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо Сургуулийн ... дүгээр гудамж ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:...................................................../.
/холбогдсон хэргийн талаар/
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Маас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би тэр өдөр одонгийн найранд гаднаас эрүүл орсон. Гэтэл согтуу гээд байсан. Би хоолны халуун сав авах гээд орсон юм. Би архи уугаагүй удсан болохоор хэдэн хундага архи уугаад согтсон байсан. Би энэ хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би тухайн үед юу болсныг санахгүй байгаа. Яагаад муудалцаад яагаад цохисон гэдгээ мэдэхгүй байгаа” гэв.
Хохирогч П.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хэрэг болдог өдөр манай найзын эхнэр одон авсан гээд намайг урьсан. Би аав, ээжтэйгээ хамт орсон. Тэгээд аав, ээж явахад би үлдээд найзтайгаа хамт архи уусан. Манай эмэгтэй дүү орой ажлаа тараад ирсэн байсан. Би архиндаа согтсон байсан үед энэ хүн манай эмэгтэй дүү рүү дайраад орилоод байсан. Тэгээд намайг унтаж байхад хажуугаас цохисон. Тэгээд цус гараад би алчуураар дараад гэр рүү гүйгээд орсон. Цагдаа гэмтлийн эмнэлэг 2-н машин зэрэг шахуу ирсэн. Биеийн эрүүл мэндийн хувьд цохиулсан хэсгээрээ мэдрэл байхгүй болсон. Хуучин би цэрэгт байхдаа гэмтэл авч байсан юм” гэв.
Хохирогч П.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хажуу талын хашааны найз Д эхнэр Б нь одон авч, одонгийн найранд уригдсан юм. Тэгээд найранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд оройн 19-20 цагийн үед байхаа гаднаас М гэх ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоолны сав авна гэж орж ирсэн. Тухайн үед би жижиг өрөөнд хүүхдүүдтэй тоглож байгаад орон дээр нь хэсэг унтсан. Тэр үед миний дээрээс зүүн талын шанаа хэсэг рүү аягаар цохисон. Тэгээд цаашаа юу болсоноо санахгүй байна. Учир нь би ухаан алдаад унасан ...зүүн талын шанаа руу шаазан аягаар цохиулж шанаанаас цус гараад ухаан алдсан. Одоо харахад зүүн талын хацар луу уруулын дээд хэсэгт, баруун талын мөрөнд урсан, зүүн талын эгэмэнд шалбарсан байна. Энэ бүгдийг харахад намайг ухаан алдсан байхад цохиж гэмтээсэн байна ...” гэсэн мэдүүлэг /хх-9-12х/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...19-20 цагийн үед байхаа манайд ирсэн хүмүүсийг гаргаж өгөөд эргээд ороод ирэхийн хооронд Х зүүн талын нүүрээ дараад гэр лүүгээ орсон. Тэгээд би араас нь ороод юу болсон талаар асуухад танай хамаатны ах Мт цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгээд 102, 103 дуудсан ...” гэсэн мэдүүлэг /хх-15-16х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №9538 тоот дүгнэлтэд:
“1. П.Х биед зүүн хацар ясны хугарал, дух, зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, тархи доргилт, эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-22-23х/,
Шүүгдэгч Д.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55х/,
Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-60х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.М нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Сургуулийн ... тоотод иргэн П.Х нүүрэн тус газарт аягаар цохиж зүүн хацар ясны хугарал, дух, зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, тархи доргилт, эгэмд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзээд түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч П.Хнь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын 430.000 төгрөгийн баримт /хх-62-63х/-ыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсныг шүүгдэгч Д.М нь уг төгрөг /хх-60х/-ийг төлж барагдуулсаныг дурдах нь зүйтэй.
Мөн хохирогч П.Хнь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон жоожоо овогт Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хохирогч П.Хнь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 430.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН