| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0723/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/718 |
| Огноо | 2020-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/718
2020 10 29 2020/ШЦТ/718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Сугарзагд хөтөлж,
Улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, Б.Алтанцэцэг
Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ж Н холбогдох эрүүгийн 2010018650914 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Б овогт Ж Н /РД:ГМ00212911/,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хороололд байрлах World нэртэй караокед иргэн Б.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2010018650914 дугаартай хэргээс:
Хохирогч Б.А мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №10719 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Ж.О мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/, гэрч Э.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40-45-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 47-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Н гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ж.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хороололд байрлах World нэртэй караокед хохирогч Б.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж “хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.А мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хорооллын World нэртэй караокед үйлчлүүлэхээр ороод караокены дуу сул байхаар текин дээр очоод хэлэхэд сандал дээр сууж байсан залуу “пизда минь цаашаа ор” гэж хэлсэн. ...Тэгээд над руу дайрахаар нь би цээж рүү нь түлхээд өөрөөсөө холдуулахад намайг заамдахаар нь би зөрүүлээд заамдахад үгийн зөрүүгүй миний хамар руу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Миний хамраас цус гарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж 1 давхарт байрлах Натур эмнэлэгт тархи толгойны зураг авхуулсан. Санал гомдол байхгүй. Надад эм тариа худалдаж авсан ямар нэгэн баримт байхгүй байгаа. Н надад 5.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх 11-12 дугаар хуудас/
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед би найз залуу Ж.Н хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын World нэртэй караокед үйлчлүүлж байгаад тооцоогоо төлөөд гарахаар болоод байж байхад Ж.Н найз нь гэх хүн дуудаад гараад явсан. Ж.Н орж ирэхгүй болохоор би гараад текин дээр очиход Б.А гэх залуутай заамдалцаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгах гэж байхад Ж.Н Б.А гэх залуугийн нүүрэн тус газар нэг удаа мөргөхөд тэр залуугийн хамраас цус гарсан. Би найз залуугаа аваад караокеноос гараад гадаа зогсож байхад цагдаа ирсэн. Би өөр өрөөнд байсан тул юунаас болж хэрүүл маргаан гарсныг сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №10719 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1.Б.Алтаншагайн биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.Н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хорооллын World караокед Б.А гэх хүн өрөөнөөсөө байн байн гарч ирээд хөгжим чангалаад өг гээд байхаар нь би “ямар ядаргаатай юм бэ” гэсэн чинь Б.А “чи ажилтан юм уу” гээд маргалдаж эхлээд би өмсөж байсан хувцаснаас нь барьж аваад нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн. Би хохирогч Б.Алтаншагайн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Алтаншагайн хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Ж.Н нь хохирогч Б.А-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зодсоноос хохирогчид “хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ж.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А баримтаар 4.116.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.Н нь хохирогчийн эмчилгээний зардалд 5.000.000 төгрөгийн нөхөн төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, мөрдөн байцаалтын шатанд гаргасан “...Миний бие Ж.Нямсүрэнгээс эмчилгээний зардал болох 5.000.000 төгрөг авсан. Иймд санал, гомдол байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна...” гэх бичгээр гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна гэх хүсэлт зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Н ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Н мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Б овогт Ж Нямсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Н мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Н нь хохирогч Б.А 5.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт баримт ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР