Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 517

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар С.Ариунхулангийн нэхэмжлэлтэй, Н.Бат-Эрдэнэд холбогдох  “2013 оны 03 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 28-ныг өдрийг хүртэлх хүүхдийн тэтгэлэг 7.131.900 төгрөг нөхөн гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

         Шүүх  хуралдаанд:

          Нэхэмжлэгч С.Ариунхулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотод 1962 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй,  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Орхон *** дугаар баг, *** дугаар хэсэг, *** дугаар байр, *** тоотод оршин суух, группт байдаг     

                                Буурчийнхан овгийн Авирмэдийн Саранцэцэг           

                                регистрийн  дугаар: МЮ- 62020407

 

          Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд  1971 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй,  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Орхон *** дугаар баг,*** дүгээр хэсэг, **** тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагч ажилтай     

                                Хотгойд овгийн  Намчингийн Бат-Эрдэнэ           

                                регистрийн  дугаар: МЮ- 71011676

 

         Нэхэмжлэгч С.Ариунхулан, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саранцэцэг нарын   

          өмгөөлөгч М.Гансүх

         Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Янжинлхам  нар  оролцов.                                        

                                                            

                                                       Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч С.Ариунхулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       ...”Миний ээж А.Саранцэцэг нь миний эцэг болох Н.Бат-Эрдэнэтэй 1994 оноос хамтран амьдарч байгаад 1999 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр намайг төрүүлсэн. Улмаар эцэг, эх маань таарамжгүй  харьцааны улмаас  тусдаа амьдрах болсон бөгөөд ээж А.Саранцэцэг маань шүүхэд хандаж 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 152 тоот Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шийдвэрээр Н.Бат-Эрдэнэ миний эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлүүлсэн.

         Ингээд миний эцэг Н.Бат-Эрдэнэ шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэгийг цаг хугацаанд нь төлөхгүй байнгын чирэгдэл учруулж байгаад эцэг Н.Бат-Эрдэнэ нь  ээж А.Саранцэцэгт “Би ажилд орох гэсэн юм, энэ хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг эвлэрэн шийдэж шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр хааж өгөөч, би ажилд орчихоод өөрөө хүүхдээ харж хандах болно” гэж хүсэлт тавьж миний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үндэслэлгүйгээр дуусгавар болгосон байна.

            Энэ нөхцөл байдлын улмаас би 2013 оны 03 сараас эхлэн 2017 оны 01 дүгээр сар хүртлэх хүүхдийн тэтгэлэгээ авч чадаагүй, эцэг Н.Бат-Эрдэнэ нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.

             Миний бие энэ цаг хугацаанд 18 насанд хүрсэн. Мөн ээж маань нурууны өвчтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, би цаашид сурч боловсрох, дээд мэргэжил эзэмших хүсэлтэй байгаа учраас доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

             Нэхэмжлэлийн шаардлага: Миний төрсөн эцэг Н.Бат-Эрдэнээс 2013 оны 03 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл надад төлөх ёстой хүүхдийн тэтгэлэг буюу нийт 7.131.900 төгрөг гаргуулж өгнө үү! гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саранцэцэг  шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:  

         ... Би Н.Бат-Эрдэнэтэй 1994 оноос хамт амьдарсан. Тэгээд 1999 онд охин маань төрсөн. Дараа нь бид хоёр таарамжгүй болж салж, тусдаа амьдарсан.  Тэгээд  2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 152 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу охиндоо эцгээс нь тэтгэлэг авахаар тогтоосон. Уг тэтгэвэрийг төлж байгаад Солонгос яваад 5-6 жил болоод ирэхээр нь төлөгдөөгүй тэтгэлэгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиход “Ажилдаа орох гэсэн чинь шүүхийн шийдвэрийн дагуу өртэй байна” гээд байна. Би ажилдаа ормогц  тэтгэвэрийг нь төлж барагдуулна” гэхээр нь би итгээд “хүүхдийн тэтгэлэгийг хааж өгнө үү” гэсэн хүсэлт бичээд өгчихсөн юм. Сүүлд нь ийм үр дагавар үүснэ гэж мэдээгүй. Тэгээд ч Н.Бат-Эрдэнэ нь тухайн үед өгөх ёстой байсан мөнгийг ч өгөхгүй бас л шүүхээр шийдвэр гаргуулж байж авсан.    

              Одоо охин маань насанд хүрч, Их засаг их сургуульд орж суралцаж байгаа ба сургалтын төлбөр, байрны зардал гээд их мөнгө хэрэгтэй болж байна. Иймээс эцэг Н.Бат-Эрдэний төлөгдөөгүй үлдсэн тэтгэлэгийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргасаныг дэмжиж байна. С.Ариунхулангийн нэхэмжлэлийн шаардлагаг хангаж шийдвэрлэж өгнө үү!... гэв.   

 

             Хариуцагч Н.Бат-Эрдэнэ  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

           ...Миний хувьд 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 152 дугаар шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг тогтоосныг цаг тухайд нь төлөөд ирсэн. Гадаадад  биеэ эмчлүүлж байх хугацаанд түр завсардсан. Тэр хугацааны мөнгийг нэхээд байх шиг байна. Тэр хугацааны мөнгийг төлөөд дууссан. Энэ Саранцэцэг өөрөө шийдвэр гүйцэтгэлийн албан дээр очоод “хүүхдийн тэтгэлэгийг хааж өгнө үү” гэсэн бичиг хийж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон шүү дээ. Одоо тэгээд юу нэхээд байгаа юм бэ?Нэгэнт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сайн дураараа зогсоосон нь Саранцэцэгийн хүсэлтээр болсон болохоор дахин тэтгэлэг нэхэх эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү!... гэв.  

 

                  Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                            Үндэслэх нь:

        

                 Нэхэмжлэгч С.Ариунхулан нь Н.Бат-Эрдэнэд холбогдуулан “2013 оны 03 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 28-ныг өдрийг хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэг 7131.900 төгрөгийг нөхөн гаргуулах”-аар шүүхэд  нэхэмжлэл гаргасан  байна.     

                 Нэхэмжлэгч С.Ариунхулангийн төрсөн эх А.Саранцэцэг, түүний эцэг Н.Бат-Эрдэнэ нар нь 1998 оноос 2003 он хүртэл хамтран амьдарч байх хугацаанд 1999 оны 1 дүгээр сарын 28-нд охин С.Ариунхулан төрсөн байна.

            А.Саранцэцэг нь 2003 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Н.Бат-Эрдэнийг охин С.Ариунхулангийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, охиныг 18 нас хүртэл нь Н.Бат-Эрдэнээр тэжээн тэтгүүлэх тухай шүүхийн шийдвэр гарчээ.

                  Н.Бат-Эрдэнэ нь 2007 он хүртэл  хүүхдийн тэтгэлэгийг төлж байгаад Солонгос улс руу эмчилгээнд явж 2013 онд буцаж ирсэн бөгөөд энэ хугацааны хүүхдийн тэтгэлэгийг төлөөгүй байсны улмаас 4.025.000 төгрөг хуримтлагдсан байсныг  Н.Бат-Эрдэнэ нь “уг мөнгийг харилцан тохиролцож төлж барагдуулна” гэсний үндсэн дээр С.Саранцэцэг, Н.Бат-Эрдэнэ нар харилцан тохиролцож  2013 оны 03 дугаар сард шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон боловч         хариуцагч Н.Бат-Эрдэнэ нь тохиролцсоны дагуу сайн дураараа хүүхдийн тэтгэлэгийг төлөөгүйн улмаас А.Саранцэцэг шүүхэд хандаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохоос өмнөх буюу 2008 оноос 2013 оны 3 дугаар сар хүртэлх хүүхдийн тэтгэлэгийг гаргуулан авсан байна.

                 А.Саранцэцэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар насанд хүрээгүй охин С.Ариунхулангийн тэтгэлэг,  уг тэтгэлгийг захиран зарцуулах эрхийг олгосон боловч насанд хүрээгүй тухайн үед 14 настай хүүхдийн өмнөөс  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаснаар  охин С.Ариунхулангийн эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрх ноцтой зөрчигдсөн байх тул С.Ариунхулан нь өөрийн  зөрчигдсөн эрхийг хамгаалж, эцэг Н.Бат-Эрдэнээс насанд хүртэлх хугацааны тэтгэлгийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.

              Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 152 дугаартай шийдвэрээр эцэг Н.Бат-Эрдэнэ нь охин С.Ариунхуланг 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх үүрэг үүссэн байх ба уг үүргээс чөлөөлөгдөх, тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох нөхцлийг Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-т “ тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн, 18 нас хүрсэн” гэж хуульчлан заасан байхад 14 нас 3 сартайгаас 18 нас хүртэл буюу 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 2017 оны 01 дүгээр сарын 28-ныг хүртэл С.Ариунхуланд хуулиар ногдсон тэтгэлэгийг төлөөгүй,  Гэр бүлийн тухай хуулинд заасан “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй” болох нь шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн өгсөн тайлбар, С.Ариунхулан нь эцэг Н.Бат-Эрдэнээр тэжээн тэтгүүлэх эрх үүсгэсэн шүүхийн шийдвэр болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

                Хэдийгээр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т зааснаар “төлбөр авагч, төлбөр авахаас татгалзсан” үндэслэлээр шйидвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон боловч мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс бусад тохиолдолд ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй” гэж заасан нь С.Саранцэцэгийн хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой хүсэлтийн дагуу гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд  гомдол гаргах эрхтэйгээс гадна холбогдох хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулах үндэслэл болж байна.   

                Нэхэмжлэгч С.Ариунхулангийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан “Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэсэн хугацааны дотор гомдол гаргаагүй гэж харагдаж байгаа боловч Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5-д зааснаар “Эцэг, эх, хүүхдийн хоорондын шаардлагын тухайд хүүхдийг насанд хүртэл” хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор хуульчилсан байх тул С.Ариунхулангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй юм.

                Иймд С.Ариунхулангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар Н.Бат-Эрдэний төлөх ёстой байсан тэтгэлэгийг мөнгөн дүнгээр тооцон гаргасныг нотлох баримтын хүрээнд үнэлж 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 2017 оны 01 дүгээр сарын 28-ныг хүртэл олгогдоогүй үлдсэн тэтгэлэг 7.131.900 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар   зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Н.Бат-Эрдэнээс тэтгэлэг 7131.900 төгрөгийг гаргуулан С.Ариунхуланд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хурамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Н.Бат-Эрдэнээс 7131.900 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 129.060 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг  дурьдсугай.

4. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан   хугацаа өнгөрснөөс хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн ирж шүүхийн  шийдвэрийг аваагүй бол  шүүх хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,мөн хуулийн 119 дүгээр зүйлийн119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.МӨНХЦЭЦЭГ