Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/464

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0449/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч  А.Оргилбаяр,

Шүүгдэгч Д.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Д.Шт холбогдох эрүүгийн 1918008190569 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Д.Ш /РД: /, ...... аймгийн ..... суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Д.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ...... аймгийн ..... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Анхан шатны шүүхийн авто машины зогсоолд иргэн Д.Агийн гээгдүүлсэн 500.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй вай-6 загварын гар утсыг олж аван “Энхжин” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж 150.000 төгрөгийн зээл авсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн урд таксинаас буухдаа халааснаасаа өөрийн эзэмшлийн Хуавэй вай-6 загварын хар өнгийн гар утсыг газарт унагаасан байсан. Тухайн үедээ мэдээгүй байсан. Дараа нь хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд гар утсаа газарт унагаасан харагдаж байсан. Миний гар утсыг мөнгөлөг саарал өнгийн Ниссан санни маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан үсээ ул тавьж хусуулсан, хүрэн бор царайтай, дунд зэргийн нуруутай, хар өнгийн богино хүрэмтэй, хар өнгийн өмдтэй, цэнхэр малгайтай цамц өмссөн, 40 орчим насны эрэгтэй хүн олоод авч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Миний гар утсыг манай нөхөр П нь “Мобиком корпораци” ХХК-аас 540.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Би гээгдүүлсэн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан учраас өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх хохирогч Д.Агийн мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- ...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр Ш нь манай ажил дээр ирээд “Шүүхийн урд талын зогсоолоос Хуавэй-6 загварын гар утас оллоо. Кодыг нь тайлуулах гэсэн юм” гэж хэлээд надаас 20.000 төгрөг авч явсан. Орой нь гэртээ ирэхдээ тухайн гар утасны кодыг тайлуулаад өөрийнхөө сим картыг хийчихсэн ирсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тухайн гар утсыг “Энхжин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 150.000 төгрөгөөр барьцаалсан... гэх гэрч Ц.Сийн мэдүүлэг /хх-ийн 17/,

- ...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Д овогтой Ш гэх хүн Хуавэй вай-6 загварын гар утсыг “Ах нь хөдөөний хүн байгаа юм, машин эвдэрчихсэн 180.000 төгрөгөөр авчих” гэхээр нь тухайн утсыг 150.000 төгрөгөөр барьцаалж авсан. Би 150.000 төгрөгөө буцааж авсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх гэрч С.Угын мэдүүлэг /хх-ийн 18/,

- ...Шүүхийн урд талын зогсоол дээр бор өнгийн Хуавэй ьай-6 загварын гар утас байхаар нь би авсан. Тухайн үед тэр гар утас руу хүн залгаад байхаар нь эхнэрээсээ 20.000 төгрөг аваад Зах дээр очоод гар утасны кодыг тайлуулаад өөрийнхөө сим картыг хийгээд хэсэг ашигласан... гэх шүүгдэгч Д.Шын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

“Мобиком корпораци” ХХК-аас иргэн Л.П нь Хуавэй вай-6 загварын гар утсыг 559.000 төгрөгөөр зээлийн нөхцөлөөр худалдаж авсан тухай гэрээ /хх-ийн 6/,

Шүүгдэгч Д.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гар утас 150.000 төгрөгөөр барьцаалсан тухай “Энхжин” барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээ /хх-ийн 8/,

Хохирогч Д.Агаас гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/,

“Энхжин” барьцаалан зээлдүүлэх газраас хураан авсан Хуайвэй вай-6 загварын гар утсыг хохирогч Д.Ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “иргэн Д.Агийн эзэмшлийн Хуавэй вай-6 загварын шинэвтэр гар утас 500.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ад 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гар утсаа буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Агийн “...Би гээгдүүлсэн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан учраас өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, “Энхжин” барьцаалан зээлдүүлэх газраас хураан авсан Хуайвэй вай-6 загварын гар утсыг хохирогч Д.Ад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11/, хохирогчийн шүүхэд ирүүлсэн “...хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй” хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Шын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Анхан шатны шүүхийн авто машины зогсоолд иргэн Д.Агийн гээсэн 500.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй вай-6 загварын гар утсыг бусдын өмч гэдгийг мэдсээр байж авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гар утсаа хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Ш нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д.Ш нь ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32-36/, гэрч Ц.Сэлэнгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ш нь хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх ба түүний орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Шт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 шиирхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Шт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР