| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00476/И |
| Дугаар | 508 |
| Огноо | 2017-09-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 508
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Төрийн” банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төртүвшингийн нэхэмжлэлтэй Ч.Бадамцэцэгт холбогдох “Зээл, зээлийн хүү 1.579.05559 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төртүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Нэхэмжлэлийн шаардлага: Зээл, зээлийн хүүний төлбөр 1.579.05559 төгрөгийг үүргийн гүйцэтгэлийг С.Цэрэнхандын тэтгэврийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэх
Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч С.Цэрэнханд, Ч.Бадамцэцэг нар нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 150000310798-20150810 тоот гэрээ байгуулан 5.690.413 төгрөгийн тэтгэврийн зээлийг 18 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан зээлсэн юм. Гэтэл зээлдэгч С.Цэрэнханд нь 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өвчний улмаас нас барсан тул тэтгэврийн зээлийн гэрээний 2.3.1-д “Хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг бүрэн хүлээнэ” гэсэн заалтын дагуу Ч.Бадамцэцэг нь сар бүр зээлийг төлж 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн барагдуулах байсан боловч өнөөг хүртэл итгэл эвдэн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул харилцагч Ч.Бадамцэцэгээс үндсэн зээл 1.529.00376 төгрөг, хүү 50.05183 төгрөг нийт 1.579.05559 төгрөгийг гаргуулж манай банкийг хохиролгүй болгож өгнө үү! ... гэжээ.
Хариуцагч Ч.Бадамцэцэг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...“Төрийн” банкны нэхэмжлэлтэй Ч.Бадамцэцэг надад холбогдуулан 1.579.05559 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2018 он дуустал бүрэн төлж дууссан байна. Тэмдэгтийн хураамж тайлбарлаж өгснийг ойлголоо ... гэжээ.
Үндэслэх нь:
“Төрийн” банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төртүвшин нь Ч.Бадамцэцэгт холбогдуулан “Зээл, зээлийн хүү 1.579.05559 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ч.Бадамцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.579.05559 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар
нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн тайлбар нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.215 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 40.215 төгрөгний тал хувь болох 20.0075 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 20.0075 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн” банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төртүвшингийн нэхэмжлэлтэй Ч.Бадамцэцэгт холбогдох “Зээл, зээлийн хүү 1.579.05559 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.215 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 40.215 төгрөгний тал хувь болох 20.0075 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 20.0075 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч “Төрийн” банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ