Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/239

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Ж.Ц- түүний өмгөөлөгч Д.Наранбулаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Ц-эд яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 201626022632 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад  хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1954 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, өндөр насны тэтгэвэрт байдаг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... байр ...  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Ж.Ц-

 

Шүүгдэгч Ж.Ц- нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” гэх нэртэй зочид буудлын нийтийн байрны 401 тоотод оршин суух 64 настай эрэгтэй Ж.Дамдинпэрэнлэйтэй нь хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож зүүн талын III, VII, IX,дугаар хавирга, баруун талын III, V, VI, VII, IX дүгээр хавирганы далд хугарал гэмтэл буюу талийгаач ахыг зодож бие махбодийн, сэтгэл санааны шаналал, үүсгэж хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Манай талийгаач ах 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээсээ гараад 10 дугаар сарын 16-ны өдрийн 16-17 цагийн үед ирээд гадаа сууж байсан. Би түүнд “та орооч” гэхэд “хөл болохгүй байна” гэж хэлээд үүдний сандал дээр сууж байсан. Би эмийн сан ороод эргээд ирэхэд үүдний жижүүр ах 1 давхарт гаргаж өгсөн байсан. Тэгээд ах “Жижгээ намайг буцаж ирээд гэрт оруулж өгнө” гэсэн гээд байж байтал жижүүр ирээд ахыг өргөөд гэрт оруулсан. Ахын хөл нь болохгүй байсан. Харин үүрээд явахад огт ёолохгүй байсан. Ах маань ээжийн орон дээр унтдаг байсан. Би үүдний талд байдаг орон дээр унтдаг байсан. Манай ээж 2016 оны 4 дүгээр сард нас барсан. Би ахыгаа унт гээд унтуулсан. Маргааш өдөр нь ахад хоол хийж өгөөд орой нь унтсан. Тэгтэл 2016 оны 10 дугаарс сарын 17-ны өглөө “та яагаад шөнө яраглаад унтахгүй байгаа юм бэ” гэж асуусан. Мөн “та миний авч өгсөн пүүзийг ямар хүнд өгсөн юм бэ” гэхэд “би нэг хөдөөний хүнд өгсөн” гэж хэлсэн. Би ахаас “та хүнд зодуулсан юм биш үү, шөнөжин яраглаад унтахгүй байсан” гэж асуухад “би зодуулаагүй” гэж хэлээд орон дээр хэвтэж байсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой унтаад 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. 2016 оны 10 дугаар сары 18-ны өдөр “та бос, би шээсэн орны даавууг угаая” гээд өөрийнх нь хувцастай хамт угаалгын машинд угааж хатаагаад индүүдээд “та одоо бос л доо” гээд таягаар нь хөнгөхөн тоншсон. Тэгээд ах босож усанд орох хооронд цагаан хэрэглэлийг нь сольж өгсөн. Ах усанд орж гараад орон дээр гарахдаа царай нь сонин болоод дуу гарахаа больсон. Тэгэхээр нь би түргэн тусламж болон цагдаа дуудсан. Тэгтэл цагдаа 18 цагийн үед ирээд надаас “чи хэнтэй амьдардаг вэ” гэж асуухаар нь “ахтайгаа хоёулаа байдаг” гэж хэлсэн. Тэр үед ах маань орныхоо урд нас барсан байсан. Би ах маань энэ байна гэж хэлсэн. Цагдаатай зэрэгцээд түргэн тусламж ирсэн. Түргэн тусламжийн эмч ирээд “энэ хүн нас барсан байна” гэж хэлсэн. Тэгээд намайг цагдаа байцаагаад 2 сар шоронд суулгасан. Би дотроо ахыгаа зүгээр байж байгаад нас барчихдаг сонин юм гэж боддог байсан. Би шоронд сууж байхдаа болсон асуудлын талаар их бодсон. Би одоо хүртэл итгэж чадахгүй байдаг. Ах маань тухайн үед усанд орж гарч ирээд бурхан болсон. Ахыгаа ийм амархан нас барчихдаг юм байхдаа гэж их бодсон. Би өдий хүртлээ эрүүлжүүлэхэд орж үзээгүй. Би хүн алах хүн биш” гэв.

Шүүхээс хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Ц- нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” гэх нэртэй зочид буудлын нийтийн байрны 401 тоотод оршин суух 64 настай эрэгтэй Ж.Дамдинпэрэнлэйтэй нь хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож зүүн талын III, VII, IX,дугаар хавирга, баруун талын III, V, VI, VII, IX дүгээр хавирганы далд хугарал гэмтэл буюу хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 6-19 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 21 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Мөнхзулын “2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байхад өглөөний 10 цагаас эхэлсэн бөгөөд дүү нь гэх буурал толгойтой хөгшин хачин сөөнгө хоолойгоор орилоод ямар нэгэн зүйлээр хана руу юм уу эсхүл газар юм уу тас түс гэх чимээ цохилтоор гарч байсан. Энэ өдрийн турш тийм чимээ сонссон ба хэсэг намдахад дахиад үргэлжилж байсан. Ингээд дүү чимээ сонсохоор нь цагдаад өөрийнхөө 91010653 утаснаас 19 цагийн орчим дуудлага өгсөн. Ингээд 19 цаг 50 минутын орчим цагдаагаас над руу яриад энэ хоёр хүн хоёулаа бие муутай хөгшин өвгөн хүмүүс байна, ийм хүмүүст яаж арга хэмжээ авах вэ гэж хэлсэн. Мөн нэг хүн усанд орж гарч байна гэж хэлсэн. Цагдаа ирсэн байхад цагдаа руу мөн орилж хашгичаад нөгөө бие нь саажилттай өвгөн нь орилоод байсан. Харин тэр талийгаач нь хааяа тааралдахад инээж байгаа харагддаг юм. Тэрнээс биш нэг их юм яриад байдаггүй. Цагдаа явсаны дараа дахиад орилж хашгирч байхад эд зүйл шидэх ямар нэгэн хүнд зүйл буюу хатуу зүйлээр цохих тас няс гэх чимээ гарч байгаад намжсан. Харин өчигдөр буюу 10 дугаар сарын 18-ны өдөр уг дуу чимээ юм цохих чимээ өглөөний 10 цагаас 11 цагийн орчим эхлээд оройн 18 цагийн орчим TВ-9 телевизийн Монгол коммент нэвтрүүлэг эхлэх үеээр  намжаад дахин сонсогдоогүй. Ингээд 20 цагийн орчим байхаа цагдаагаас явж байна хажуу айлд ямар хүн байдаг гэхээр нь хоёр өвгөн байдаг талаар хэлэхэд нь нэг нь нас барсан байна эргээд таньтай уулзъя гэсэн.10 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд ямар нэгэн хүмүүс ирээгүй бөгөөд харин талийгаач ах болилдоо чи болиочээ гэх дуу чимээ сонсогддог юм. Би уг дуу чимээг сонсоод энэ өвгөнөө яагаад байдаг юм болдоо гэж боддог байсан. Харин 17-ноос 18 өдрүүдэд энэ талийгаачийн чи болилдоо гэх чимээ сонсогдоогүй зүгээр л тас няс гэх цохилтын дуу сонсогдсон. ... Дүү нь таяггүй харвасан юм уу гэмээр татагнаж явдаг юм. Талийгаач архи уусан байхыг харж байгаагүй. Дүү нь архи үнэртүүлсэн орцонд хэд хэдэн удаа таарсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 28-31 дүгээр хуудас/

 

Гэрч М.Энхжингийн “... хана нимгэн болохоор дуу чимээ нь чанга сонсогддог ба уг хоёр өвөө байнга л муудалцаад хэрэлдээд эдлэл шидэлцэх шиг тас няс гэсэн чимээ гаргаад байдаг. Ямар шалтгаанаар муудалцдаг байсан талаар мэдэхгүй байна. Ер нь дандаа нэг нь юм шидээд байх шиг тас няс гэсэн чимээ гараад нэг нь болилдоо гэж гуйх чимээ гардаг юм. Намхан нөгөөгөөсөө арай дүү гэмээр өвөө нь хазгар явдалтай боловч таяг тулдаггүй зүгээр л хазагнаад л явж байдаг байсан. Хазгар явдалтай болохоос эрүүл хүмүүс шиг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 32-34 дүгээр хуудас/

 

Гэрч Ч.Алтанцоожийн “2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 13-наас 14 цагийн орчим Дамдинпэрэнлэй гуай сувилахуйн сургуулийн үүдний сандал дээр сууж байсан. Ах нь унаад хөлөө гэмтээсэн, явж чадахгүй байна, чи намайг оруулаад өгөөч гэхээр нь би за за энэ хавиарх ажлаа дуусгачихаад таныг гэрт чинь оруулж өгье гэж хэлчихээд. ... Талийгаачийг үүрээд орц руу оруулсан. Би гэр лүү нь оруулаад өгье гэхэд дүү байхгүй гээд байсан. Би талийгаачийг орцонд үлдээчихээд ажлаа хийгээд явж байтал 16 цагийн үед дүү болох Цэгмэд нь ирсэн. Талийгаачийг дахиж үүрээд 2 давхарт , 3 давхарт, 4 давхарт амраад гэр нь оруулаад эхний орон дээр авчаад суулгасан чинь дүү нь ирээд наанаасаа бос гээд цамцнаас нь татаад байхаар нь би болиулаад талийгаачийн зааж өгснөөр өөрийнх нь орон дээр аваачаад суулгасан. Би талийгаачийг орцонд оруулж өгчихөөд 2 цаг гарангийн дараа камерт харсан чинь Цэгмэд ирчихсэн талийгаачийн цамцнаас нь татаж байсан. Тэгэхээр нь би очоод та болиоч ээ гэсэн чинь “наадах чинь миний авч өгсөн гутлыг зараад архи уучихсан байна гэхээр нь би яасан юм тэр гутлыг зарчихсан юм уу гэсэн чинь тэгсэн ах нь 5000 төгрөгөөр зараад 2000 төгрөгөөр нь үсээ засуулсан юм. Миний буруу гээд байсан. ...Тэгтэл Цэгмэд миний  авч өгсөн гутлыг зарчихлаа, би наадхыг чинь 2 хоног хүлээлээ  гээд загнаад байх шиг байсан. Би ч та 2 ах дүү 2 байж боль боль гээд өнгөрсөн. Надтай хамт тамхи татаад ус байна уу гэхээр нь ус өгч байсан мөн хавирга өвдөж байна гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 40-41 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Батнасангийн “2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “гэрт нь ороход 2 настай хүн байсан, гэр орон нь эмх замбараатай, Ж.Ц-ийн биед ил харагдах ямар нэг бэртэл гэмтэл шарх сорви байгаагүй. Харин ах гэх Дамдинпэрэнлэйгийн хувьд ванндаа усанд ороод хөлөө хаалга хэсэг рүү харуулсан жийсэн байдалтай сууж байсан бөгөөд биед нь ил харагдах гэмтэл шарх сорви анзаарагдаагүй. Бид нар “та зүгээр үү” гээд асуусан чинь ах нь зүгээр зүгээр юу болсон юм миний хүүхдүүд гэсэн. Одоо үзүүлээд байгаа зураг дээрх шиг ийм их шарх сорви гэмтэл байсан бол юу боллоо гэж хөгшин настай хүнийг үлдээгээд явах вэ дээ. Талийгаач хөлөө жийгээд суусан байсан болохоор бидэнд нүүр царай, биеийн байдал зэрэг нь маш сайн харагдаж байсан. Цэгмэд нь маш их амьсгаадсан, зан байдлын хувьд их ширүүн ааштай хүн шиг санагдсан. Яагаад гэхээр бид нарыг гэрээс нь гарахад араас нулимаад зайл гээд байсан. Мөн Гантөмөрийн хөл рүү шалны модоороо чичээд байсан. Би нарыг талийгаачтай ярилцаж байхад Цэгмэд нь орж ирээд байсан. Гэхдээ нүүр царай нь ямар нэг бэртэл гэмтэл шарх сорви огт ажиглагдаагүй шүү дээ. Хэрвээ ийм их бэртэл гэмтэл шарх сорви нь бидэнд харагдсан бол эмнэлэг дуудах байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 42-43 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1923 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. Ж.Дамдинпэрэнлэйн биед цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дотор эрхтэнүүдэд хүргэх гэмтэл тогтоогдохгүй байна.

2. Ж.Дамдинпэрэнлэйн биед зүүн III-VII, IX,X баруун III, V, VI, VII, IX-р хавирганы хугарал, баруун хөлийн дунд чөмөгний хугарал, биеийн ил хэсгийн олон тооны цус хуралт, шалбаралт, зулгаралтуудтай гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, унаж ойчих аль ч үед үүсэх боломжтой.

4.  Ж.Дамдинпэрэнлэйн биед тогтоогдсон олон хавирганы хугарал, баруун дунд чөмөгний хугарал гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1 зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна.

5. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь спиртийн агуулж илрээгүй гэсэн хариу ирүүлсэн байна.

6. Цус АВО-н системээр АII-р бүлэгтэй байна.

7. Ж.Дамдинпэрэнлэй нь зүрх, элэгний архаг үрэвсэлтэй байна.

8. Ж.Дамдинпэрэнлэй нь зүрхний булчингийн эмгэгшил өвчний улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэсэн дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 49-52 дугаар хуудас/

 

Шинжээч С.Одончимэгийн “... Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл юм. Талийгаачийн биед учирсан гэх баруун хөлийн дунд чөмөгний хугарал нь унах үед болон ойчих үед л  үүсэх магадлал өндөртэй гэмтэл юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 74 дүгээр хуудас/

 

Гэрч Ш.Чулуунсүхийн “... та худлаа хэлээд байгаа юм биш үү энэ хүн чинь нүүр  царайг нь харсан ч шинэ шарх ихтэй, хөмсөг язарсан, хэвтсэн байдлыг нь харахад хөл нь хугарсан байна. Энэ хүн ваннд усанд ороод унасан ч гэсэн ийм  гэмтэл учрах боломжгүй шүү дээ гээд ванны өрөө рүү Цэгмэдийг дагуулж ороод ванныг харуулсан. Тэгэхэд Цэгмэд юм хэлэхгүй байсан. Би гэрийнх нь байр байдлыг ажиглахад ямар нэг цусны толбо байхгүй, гэрийнхээ шал болон бусад газрыг угааж цэвэрлэсэн, талийгаачийг хүртэл угааж цэвэрлэсэн байсныг нь өөрт нь харуулсан чинь “за за ах нь үнэнээ хэлье би ахыгаа цохичихсон юмаа, уур хүргээд байхаар нь таягаараа цохисон. Тухайн үед хэдэн удаа цохисон гэдгээ мэдэхгүй байна. Уур маш их хүрсэн байсан. Ямар ч байсан би таягаараа цохисон. Унасан хойно нь хөлрүү нь өшиглөж дэвссэн” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 168-169 дүгээр хуудас/

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  шинжээчийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 302 дугаартай:

“1. Ж.Ц- нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө “Танин  мэдэхүйн эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

2. Ж.Ц- нь гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа “Танин мэдэхүйн хөнгөн эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байсан байна.

3. Ж.Ц- нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байна.

4. Ж.Ц- нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 209-212 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 544 дугаартай  шинжээч Б.Ундармаа, Ж.Ганцэнгэл, Т.Сэлэнгэ нарын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. Ж.Дамдинпэрэнлэйгийн цогцост цээжний хэнхэрцгийн битүү гэмтэл: Зүүн талын III, VII болон  IX, X хавирга, баруун талын III, V, VI, VII, IX хавирганы далд хугарал, хугарал орчмын гялтан хальсны цус хуралт, баруун дунд чөмөгний толгой хэсгийн далд хугарал, толгойн хуйх, нүүр, зүүн чих, хүзүү, баруун зүүн мөр, баруун, зүүн бугалга, шуу, сарвуу, цээж, хэвлий, нуруу, өгзөг, баруун, зүүн гуя, өвдөг шилбэ, тавхайн олон тооны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдсон байна. Талийгаач нь баруун дунд чөмөгний толгой хэсгийн хугарлын улмаас уушгины судас өөхөн бөглөөдсөөр бөглөрч нас баржээ.

2. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1923 тоот дүгнэлтийн 8-р заалт үндэслэлгүй. Бусад заалтууд үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн материалаар гаргасан 221 тоот дүгнэлтийн 5,6-р заалт болон 8-р заалтын ... гэмтлийн шокод орж нас барсан болно гэсэн нь үндэслэл муутай, бусад заалтууд үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 214-216 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 545 дугаартай  шинжээч Б.Ундармаа, Ж.Ганцэнгэл, Т.Сэлэнгэ нарын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. Ж.Ц- нь “Артерын даралт ихсэх өвчин, III зэрэг, тархины давтан цус харвалт /2013 ба 2014 он/ -ын дараахь байдал, баруун гар хөлийн саажил, судасны гаралтай тархины эмгэгшил зэрэг архаг өвчтэй байна.

2. Талийгаач Ж.Дамдинпэрэнлэйд тогтоогдсон  толгойн хуйх, нүүр, зүүн чих, хүзүү, баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, шуу, сарвуу, цээж, хэвлий нуруу, өгзөг, баруун, зүүн гуя, өвдөг, шилбэ, тавхайн олон тооны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Ж.Ц- нь дээрх гэмтлүүдийг учруулах боломжтой. Ж.Дамдинпэрэнлэйгийн цогцост тогтоогдсон цээжний хэнхэрцгийн битүү гэмтэл: зүүн талын III, VII болон  IX, X хавирга, баруун талын III, V, VI, VII, IX хавирганы далд хугарал, хугарал орчмын гялтан хальсны цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэл тухайлбал хугарал үүссэн хэсэгт өшиглөх, дэвсэх зэрэг үйлдлээр дээрх гэмтлүүдийг учруулах боломжтой. Харин талийгаач босоо байрлалд байгаа үед үүсгэх боломжгүй. Талийгаачид тогтоогдсон баруун дунд чөмөгний толгой хэсгийн далд хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл тухайлбал унах, эсхүл тухайн хэсэгт хүчтэй мөргөх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, тиймээс Ж.Ц- нь дээрх гэмтлийг учруулах  боломжгүй болно” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 222-223 дугаар хуудас/

 

Шинжээч Б.Ундармаагийн “...Бид дүгнэлт гаргахдаа талийгаач Ж.Дамдинпэрэнлэйгийн цогцосны эд эсийн шинжилгээг дахин шинжлүүлэхэд уушигны судасны өөхөн бөглөөдөс илэрсэн. Иймээс бид энэ өөрчлөлтийг үхэлд хүргэх үндсэн шалтгаан гэж үзсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 226-227 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1011 дугаартай  шинжээч Т.Амартүвшин, Г.Энхбаатар, Н.Туяа, Х.Батбаяр, Э.Галбадрах нарын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. Талийгаач Ж.Дамдинпэрэнлэй нь баруун дунд чөмөгний  далд хугарал, гэмтлийн улмаас уушигны судсуудад нь өөхөн бөглөөдөс үүссэнээс нас  баржээ.

2. Ж.Дамдинпэрэнлэйн цогцост учирсан зүүн талын III, VII болон  IX, X хавирга, баруун талын III, V, VI, VII, IX хавирганы далд хугарал, хугарал орчмын гялтан хальсны цус хуралт, баруун дунд чөмөгний далд хугарал гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.3.1 зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Бусад толгойн хуйх, нүүр, зүүн чих, хүзүү, баруун зүүн мөр, баруун, зүүн бугалга, шуу, сарвуу,  цээж, хэвлий, нуруу, өгзөг, баруун, зүүн гуя, өвдөг шилбэ, тавхайн олон тооны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

3. Талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ.

4.5. Шинжээч эмч С.Одончимэгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1923 тоот дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн М.Энхбаяр, Ц.Оюун-Эрдэнэ, О.Болороо нарын 221 тоот дүгнэлтийг гаргасан эмч нар нь мэргэжил арга зүйн алдаа гаргасан эсэхийг шүүх эмнэлэг тогтоохгүй.

6. Шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 544, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 722 тоот дүгнэлтийн 2-р заалтын олон хавирганы хугарал гэснээс бусад баруун дунд чөмөгний далд хугарал гэмтлийн улмаас уушигны  судсуудад өөхөн бөглөөдөс үүссэнээс нас баржээ гэсэн нь үндэслэлтэй байна” гэсэн  дүгнэлт. /хэргийн 2 дугаар хавтас 35-37 дугаар хуудас/

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  Шүүх сэтгэц эмгэг судлалын 957 дугаартай:

“... 3. Ж.Ц- нь өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байна.

4. Ж.Ц- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь цочрон давчидаагүй байсан болно.

5. Ж.Ц- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 2 дугаар хавтас 43-49 дүгээр хуудас/

 

Шинжээч Т.Амартүвшингийн “... зүүн талын III, VII болон  IX, X хавирга, баруун талын III, V, VI, VII, IX хавирганы далд хугарал гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1 зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 77-79 дүгээр хуудас/

 

Ж.Ц-ийн яллагдагчаар болон сэжигтнээр өгсөн “... Би ахыг бос гэхэд босохгүй байхаар нь орон дээр хэвтэж байхад нь бос наад ор дэрийг чинь угаая гээд таягаараа толгойн тус газарт нь нэг удаа цохисон. Мөн би хоёр хацар руу нь байнга алгаддаг байсан. Яагаад гэхээр ах маань сэтгэцийн өвчтэй тул миний хэлсэн зүйлийг огт ойлгодоггүй учир ойлгуулах гээд байнга алгаддаг байсан. Уржигдар буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр та өвчтэй дүүгээ хаяад архи уугаад яваад өглөө надад таны санаа чинь зовохгүй байна уу, намайг хайрлаж өрөвдөхгүй байна уу гэж хэлээд 2 хөл рүү нь ээлжлээд 2-3 удаа өшиглөөд авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 91-93, 95-96 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Ц- нь өөрийн төрсөн ах Ж.Дамдинпэрэнлэйг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзэв.

Хэрэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, шүүгдэгч Ж.Ц- гэмт хэрэг үйлдээгүй болон гэмт хэргийн шинжгүй үйлдэл хийсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Прокуророос Ж.Ц-эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “бие махбодийн шаналал, зовиур үүсгэж ...” гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн боловч энэ хүндрүүлэх нөхцөл байдлыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуульд /шинэчилсэн найруулга/ шинээр хуульчилсан тул шүүгдэгч Ж.Ц-ийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт хамаарахгүй гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Ц- нь өөрийн төрсөн ах Ж.Дамдинпэрэнлэйд хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож хүндэвтэр гэмтэл учруулсан үйл явдал нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн үйлдэл тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцвол зохино.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж мөн зүйл хэсгийн  2 дахь заалтад “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Ж.Ц-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхбаяр “...Ж.Ц-эд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэл байхгүй...” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчээс хохиролд гаргуулах төлөх төлбөргүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн судалтай цагаан өнгийн даавуу 1 ширхэг, судалтай цайвар шаргал өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хар эрээн өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн хос оймс, улбар шар футболк 1 ширхэг, хар хүрэн өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн гар утас 1 ширхэг, саарал өнгийн бариултай таяг 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Нөгөөтэйгүүр хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, Ж.Ц-ийн баривчлагдсан, цагдан хоригдсон  56 хоногийн хугацааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Ц-эд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэнийг мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.  

2. Шүүгдэгч Ж.Ц-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ж.Ц-эд холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

4.  Хэрэгт Ж.Ц- 56 /тавин зургаа/ хоног баривчлагдсан, цагдан хоригдсон  болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн судалтай цагаан өнгийн даавуу 1 ширхэг, судалтай цайвар шаргал өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хар эрээн өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн хос оймс, улбар шар футболк 1 ширхэг, хар хүрэн өнгийн өмд 1 ширхэг, цагаан өнгийн гар утас 1 ширхэг, саарал өнгийн бариултай таяг 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Ц- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ц-эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ