| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2017/00485/И |
| Дугаар | 511 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 511
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Жи мобайл” ХХК-ий нэхэмжлэлтэй В.Ганзоригт холбогдох “гар утасны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 60.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Нэхэмжлэлийн үндэслэл: В.Ганзоригт нь манай компанитай 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1132227 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулан U6 маркийн 310.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг урьдчилгаа 40.000 төгрөг төлж, 12 сарын хугацаанд сар бүр 22.500 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан. Гэвч В.Ганзоригт нь гэрээний эргэн төлөлтөөр төлөх 270.000 төгрөгөөс одоогийн байдлаар 40.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд В.Ганзоригтоос U6 маркийн гар утасны үлдэгдэл төлбөр 40.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3–т заасны дагуу 384 хоногийн алданги 20.000 төгрөг нийт 60.000 төгрөгийг гаргуулж өгнө үү!.... гэжээ.
Хариуцагч В.Ганзориг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...”Жи мобайл” ХХК-ий В.Ганзориг надад холбогдуулан 60.000 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны 10 дугаар сард төлж барагдуулна. Тэмдэгтийн хураамж тайлбарласныг ойлголоо ... гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь В.Ганзоригт холбогдуулан “Гар утасны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 60.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч В.Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлага болох 60.000 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид
урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Жи мобайл” ХХК-ий нэхэмжлэлтэй В.Ганзоригт холбогдох “гар утасны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 60.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ