Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00414

 

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00172 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар магадлалтай,

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

ГА ЗӨС  төвд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн төлөөлөгч С.Батсайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн төлөөлөгч С.Батсайхан, хариуцагчийн өмгөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э- миний бие ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс ГА ЗӨС  төвд нян судлалын лаборантаар ажиллаж байгаад 2007 оны 11 дүгээр сарын 13-ний өдрөөс бэлтгэмэлчээр өдий хүртэл ажиллаж ирсэн. Миний бие 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн юм. Иймд Ц.Э- намайг ГА ЗӨС  төвд бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүх хуралдаан болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.

Би 2002 оны 09 дүгээр сарын 03-нд Зоонозын өвчин судлалын төвд бактериологи, лаборантаар ажилд ороод 2007 оноос бэлтгэгчийн орон тоон дээр орж өдийг хүртэл ажилласан. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар намайг бичлэг хийсэн гээд утас булааж аваад цагдаа дээр 3 хоног миний утсыг шалгасан. 11-ний өглөө ажилдаа очиход миний тушаалыг гаргасан байсан. Би цагдаа дээр 3 өдөр шалгуулаад та зөрчилгүй байна хэргийг чинь хаасан. Гарын үсэг зур гэсэн. Гарын үсэг зурж утсаа авсан. Утас асахгүй байсан. Би гэмт хэрэг хийсэн биш. Зоонозын өвчин судлалын төвд 18 жил ажиллаж байна. Ажлын байран дээр заагдсан ажилдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Тиймээс ажилдаа эргэж орно. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Э- нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/43 тоот тушаалаар сахилгын шийтгэл сануулах арга хэмжээ авсан байсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгууллагын даргын өрөөнд байгууллагын ажилчдын хурал дээр бичлэг хийж байгаад цагдаагийн байгууллагаар шалгуулахад удаа дараа бичлэг хийсэн нь нотлогдсон энэхүү үйлдэл нь байгууллагын дотоод журмын ЕС. Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, ноцтой зөрчил. /Энэхүү заалт нь ЗӨСТөвийн бүх ажилчдад хамаарна./ 9.7-д дор дурдсан зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил тооцогдоно. 9.7.11-д хамт олны хурал болон байгууллагын даргын өрөөнд утсаар бичлэг хийх, байгууллагын дотоод асуудал, хувь хүний нууцыг задруулсан тохиолдол гэж заасан.

Хөдөлмөрийн гэрээний 2.3-т хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчилд тооцох тохиолдлууд 2.3-г сахилгын болон ёс зүйн зөрчлийг давтан гаргасан 2.3 ж-д байгууллага хамт олон удирдлагын талаар хэвлэл мэдээлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл өгөх, гүтгэж доромжлох үйлдэл үзүүлэх өмнө байр дотоод хурал цуглаан аливаа бичлэг хийх гэж заасан байна.

Ц.Э-ийн гар утсанд цагдаагийн байгууллагаар шалгалт хийлгэхэд 2018 оны 12 сараас хойш нийт 10 гаруй удаагийн байгууллагын даргын өрөөнд хийсэн бичлэг болох нь тогтоогдсон энэхүү үйлдэл нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил болох тул мөн өмнө нь байгууллагын даргын Б/43 тоот тушаалаар сахилгын шийтгэлтэй байсан нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр бэлтгэмэлчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болно.

Зөрчлийн тухай хуульд зөрчил гэдгийг тодорхойлохдоо: Зөрчил гэдэг нь Зөрчлийн тухай хуулийн 2.1.1-д хуул захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. 2.1.2-д хүн, хуулийн этгээд нь захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заажээ.

Ц.Э- нь гар утсаараа байгууллагын даргын өрөөнд бичлэг хийсэн үйлдэл нь Зоонозын өвчин судлалын төвийн дотоод журам, байгууллагын даргатай хийсэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил юм. Ц.Э- нь ёс зүйн хороогоор орж ёс зүйн хорооны дүгнэлтээр сахилгын шийтгэл авахуулах дүгнэлт гарсны улмаас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б43 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манайх байгууллага дээрээ долоо хоног бүрийн 1 дэх өдөр хурал хийж заншсаны дагуу хурал хийсэн. Энэ хурал дээр байгууллагын ажилчид удаа дараа бичлэг хийж байсан. 03 дугаар сарын 04-ний өдөр Ц.Э- бичлэг хийж байгаад утсыг нь авч үзэхэд 2018 оны 12 сараас хойших хурал дээр ярьсан миний яриаг бүгдийг нь бичиж авсан. Арав гаран бичлэг байсан.

 Энэ нь байгууллагын дотоод журмын 9-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил, энэ заалт нь Зоонозын өвчин судлалын төвийн бүх ажилчдад хамаарна гэсэн заалт байгаа. 9.7-д дор дурдсан зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчилд тооцогдоно гэж байгаа. 9.7.11-д хамт олны хурал болон байгууллагын даргын өрөөнд утсаар бичлэг хийх, байгууллагын дотоод асуудал хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд гэж байгаа.

Байгууллагын ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 2.3-т хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил тохиолдлууд гэсэн заалт байгаа. Үүний 2.3г-д сахилгын болон ёс зүйн зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлнө. 2.3ж-д байгууллага хамт олны талаар хэвлэл мэдээллээр сөрөг мэдээлэл өгөх, аливаа бичлэг хийх гэж заасан байгаа. Аливаа бичлэг гэдэгт дуу дүрсний бичлэгүүд аль аль нь орно. Ноцтой зөрчил гаргасан. Мөн сахилгын давтан зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Бичлэг хийсэн талаар цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Энэ хүнийг бичлэг хийж байна гэхээр нь өрөөндөө дуудаж оруулж ирээд утсаа өг гэсэн утсаа өгсөн. Кодоо хийгээд нээ гэхэд өөрөө кодоо хийж нээсэн. Тийм байж Цагдаагийн байгууллага дээр очоод утас булааж авсан гэж хэлсэн. Бичлэг хийсэн тохиолдолд утсыг булааж авсан ч болно гэж цагдаагийн байгууллагын эрх бүхий хүн тайлбарлаж өгсөн. Утсыг нь нээгээд үзэхэд 12 сараас хойш 10 гаран удаагийн бичлэг байсан. Хальт сонсоход дандаа миний яриаг хуулж авсан байсан. Ямар зорилгоор яах гэж бичлэг хийсэн нь тодорхой. Байгууллагынхаа удирдлагыг матах гэж бичлэг хийдэг. Сахилгын шийтгэл авсан байгаа. Ажлаас халагдаж магадгүй гэж бичлэг хийсэн гэдгээ өөрөө Цагдаагийн байгууллага дээр хүлээн зөвшөөрсөн. Цагдаагийн байгууллага дээр шалгуулахад бичлэг хийсэн нь тогтоогдсон. Энэ нь Зөрчлийн тухай хуулиар орон байранд бичлэг хийсэн тохиолдолд зөрчлийг хүлээн авахгүйгээр цагдаагийн байгууллага шийдвэрлэсэн. Орон байр нь юу юм гэхээр хүний оршин суугаа орон байрыг хэлдэг юм байна. Байгууллага нь орохгүй гээд хэргийг буцаасан. Гэхдээ энэ нь манай байгууллагын хувьд ноцтой зөрчил.

Яагаад гэхээр Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заагаад өгсөн ноцтой зөрчил. Өөрөө уншиж танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Зөрчлийн тухай хуулийн 2.1.2-т хувь хүн, хуулийн этгээд захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч зохих арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд зөрчил гэж үзнэ гэж байгаа. Энэ нь манай байгууллагын тухайд аливаа бичлэгийг байгууллагын удирдлагын өрөөнд хийхийг хориглоно гэж заасан дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ нь бид нарын мөрдөх ёстой акт гэж үзэж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байж байгууллагын даргын өрөөнд удаа дараа бичлэг хийсэн. Яагаад бичлэг хийх гэдгийг хөдөлмөрийн дотоод журам болон гэрээнд тусгасан бэ гэхээр 2016 оноос хойш манай байгууллагын нэр бүхий 9 ажилчид зохион байгуулалттайгаар эмч нарын баяраар архи барьж ирээд байгууллагын өрөөнд эмч нарт хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр архи авч ирж өгөөд бичлэг хийж Авилгатай тэмцэх газар, Эрүүл мэндийн сайд, Үндэсний төв, Засаг дарга, тамгын дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга гээд аймгийн дарга нэртэй бүх хүнд С.Батсайхан гэж хүн архичин гэж хэлээд бичлэг хийгээд өгдөг. Түрүүчийн таны орсон шүүх хурал дээр Сумъяабазар сануулах арга хэмжээг хүчингүй болгуулах гээд шүүх хуралд оролцоход сиди дээр буулгаад өгсөн байсан. Энэ мэтчилэн бичлэг хийгээд хүний нэр төрд халдаад байсан болохоор нь би байгууллагын ажилчидтай ярилцаад бичлэг хийж нэгнийгээ гүтгэж доромжлохоо больё. Үүн дээр байгууллагын удирдах удирдуулах ёс гэж байдаг юм. Би шаардлага тавьж байна. Тэгэхэд бичлэг хийгээд хүнийг дарамтлах нь буруу юм гээд байгууллагын дотоод журамд тусгаад өгсөн үйлдэл байхад энэ хүн мэдсээр байж ямар зорилгоор бичлэг хийснээ Цагдаагийн байгууллага дээр өөрөө маш тодорхой хэлсэн. Энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Түүний дараа ах Төмөрхуяг нь манай гэр бүлийн хүн рүү залгаж утсаар дарамталсан. Маш хэцүү байдалд байлгаж байгаа гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00172 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан ГА ЗӨС  төвийн бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Хойд овогт Цэвэгмэдийн Энхцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг Ц.Э-ийг Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн бэлгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй нь тэнцэх 1 499 859 төгрөгийн нөхөн олговрыг олгож, уг олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих сан, дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгасугай гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Ц.Э- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Зооноз өвчин судлалын төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 38 948 төгрөгийг гаргуулж улсын оруулсугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Э-ийн давж заалдсан гомдлыг хангаж,

Нэхэмжлэгч Ц.Э- нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Батсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлт хийгээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн мөн нэхэмжлэлийн шаардлагын агуулгад хамааралгүй хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомжид нийцээгүй эсэх дээр дүгнэлт өгч “Хөдөлмөрийн тухай хуулийн” 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн баримталсан нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага байхад давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлээгүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч шийдвэрлэсэн.

Тус байгууллага нь төрөөс эрүүл мэндийн үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг “Төрийн үйлчилгээний" байгууллага тул тус төвийн ажилчид албан хаагчид нь ажил олгогчтой хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Хуульд тусгайлан заагдаагүй эрх үүргийг байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг зохицуулалттай байгууллага юм.

Ажил олгогчийн хувьд ажилтан нартаа хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн ажилтан нарт танилцуулж зөвшөөрсний үндсэн дээр хийгдсэн байдаг.

Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамдаа сахилгын ноцтой зөрчилд тооцох жагсаалтад хамт олны хурал цуглааны үеэр нууцаар бичлэг хийхийг хориглосон үйлдлийг тусгаж өгсөн нь өөрөө Байгууллагын нууцын тухай хуулийн 3.2-т байгууллагын нууц гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ. 4.2,-т Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах нууцыг байгууллага өөрөө тогтооно гэж заасан байдаг тус заалтуудыг зөрчөөгүй юм.

Мөн Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “Хөдөлмөрийн тухай хуулийн” 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомжид нийцсэн байх ёстой бөгөөд тухайн хөдөлмөрийн гэрээнд заасан хамт олны хурал цуглааны үеэр бичлэг хийхийг хориглосныг хориглосон зохицуулалт хууль тогтоомжид байхгүй тул уг хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцээгүй гэрээ байна гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь өөрөө хууль зөрчөөгүй юм.

Нэхэмжлэгч Ц.Э- харин хамт олны хурал дээр бичлэг хийсэн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож, “...бичлэг хийгээгүй,...” гэх тайлбар дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгддэг.

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Э- нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-д заасан ноцтой зөрчил гаргасан нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон буюу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан зөрчлийг гаргасан байх тул энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь нэхэмжлэгч Ц.Э-ийн бичлэг хийсэн нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон мөн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой хэрэгт ач холбогдолтой талаас нь дүн шинжилгээ хийхийн оронд, байгууллагын дотоод ажил руу орж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд дүн шинжилгээ хийж нэхэмжлэлийг хангаж шийдсэн нь өөрөө хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 133/ШШ2019/00172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний талаар нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Ц.Э- нь ГА ЗӨС  төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, байгууллагын дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хэрэгт хамааралгүй дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дугаартай тушаалаар тус төвийн бэлтгэмэлч Ц.Э-ийг байгууллагын даргын өрөөнд ажилчдын хурал дээр удаа дараа бичлэг хийж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар үүрэгч ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн  санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3.“ж”-д ...байр дотоод хурал цуглаан, аливаа бичлэг хийх тохиолдлыг хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тухайлан заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ...тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр заасан тул Ц.Э-ийн ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэх гомдол хуулийн дээр заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, талаас нь бүрэн гүйцэд үнэлээгүй байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т нийцээгүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн алдааг засаагүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээгүй асуудалд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх боловч ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон шийдэл зөв байх тул магадлалын үндэслэлийг зөвтгөж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх ГА ЗӨС  төвийн хамт олны хурал нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой нууцад хамаарахгүй гэх үндэслэл зааж, тус байгууллага хөдөлмөрийн дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хамт олны хурлын явцыг дууны болон дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлэхийг хориглосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчим, ил тод байх зарчимд нийцэхгүй гэж дүгнэн, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал хуулийн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болжээ.

Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтныг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр хариуцлага тооцсон бөгөөд энд байгууллагын болон хувь хүний нууцад халдсан асуудлаар зохигч мэтгэлцээгүй болно.

Иймд байгууллагын дотоод ажилд хөндлөнгөөс оролцож, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод дүрэмд дүн шинжилгээ хийсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Хариуцагч ГА ЗӨС  төв хамт олны хурлаар хэлэлцэн шийдвэрлэсний үндсэн дээр “...байгууллагын хурал болон байгууллагын даргын өрөөнд утсаар бичлэг хийх, ...байр, дотоод хурал цуглаанд аливаа бичлэг хийх...”-ийг хориглож, энэ үйлдлийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор тохиролцож, энэ талаар хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасныг буруутгах үндэслэлгүй.

Нэгэнт хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчил дутагдал гаргасан бол ажилтан зохих хариуцлагыг хүлээх учиртай боловч ажилтны гаргасан зөрчил тодорхой, нотлогдсон байхыг шаардана.

Ажил олгогчоос ажилтан Ц.Э-т хариуцлага тооцох үндэслэл болсон байгууллагын хуралдаан дээр хийсэн гэх бичлэг хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Ц.Э- нь хэдийд, хаана, бичлэг хийсэн нь тодорхойгүй, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн  тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх ажилтныг үндэслэлгүй ажлаас халсан гэх Ц.Э-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

Харин Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох зохицуулалтыг бичээгүй, ажилтныг эгүүлэн тогтоосон ажил, албан тушаалын нэршлийг алдаатай /буруу/ бичсэн байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, алдааг засах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Ц.Э-ийг” гэсний өмнө “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар” гэж нэмж, “бэлгэмэлчийн” гэснийг “бэлтгэмэлчийн” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч С.Батсайханы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч ГА ЗӨС  төвөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД