Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 123/ШШ2020/0023

 

 

 

 

2020 оны 07 сарын 09 өдөр               Дугаар                                             Зуунмод сум

                                            123/ШШ2020/0023

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ө” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ө” ХХК-иас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан  гаргасан “Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/001 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Г.М, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Ө” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Ө” ХХК нь Төв аймгийн А сумын нутаг дэвсгэрт “Бөхөгийн гол” гэх газарт орших түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 4197А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тус тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2007 оны 01 дүгээр сарын 22-ны “Синчи ойл” ХХК-д 30 жилийн хугaцаатай олгогдсон бөгөөд манай “Ө” ХХК 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан. “Ө” ХХК нь тусгай зөвшөөрөл шилжүүлэн авснаас хойш Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3, 20.1.5, 20.1.8 дугаар зүйлүүдэд заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргүүд болон мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргүүдийг бүрэн биелүүлж ажилласаар ирсэн.

Гэтэл Төв аймгийн Засаг даргын зүгээс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А/001 дугаартай захирамжаар манай ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг Төв аймгийн А сумын Засаг даргын Тамгын газраас шуудангаар ирүүлсэн тус сумын Засаг даргын 05/435 тоот албан бичгийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар анх мэдсэн. Төв аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсгүүдийг үндэслэн манай “Ө” ХХК-ийн эзэмшил дэх түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах MY-000000 дугаартай тусгай зөвшөөрлийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хүчингүй болгож цуцалсан байх бөгөөд Засаг даргын дээрх А/001 дугаартай захирамж нь Захиргааны Ерөнхий хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиуд болон холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна.

Засаг даргын зүгээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож цуцлах шийдвэр гаргаж байгаа ч тухайн шийдвэрээ гаргахаас өмнө мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар “...Цуцлах үндэслэл тогтоогдсноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэх үүргээ хэрэгжүүлж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг хангах үүрэгтэй байсан. Засаг даргын зүгээс тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон талаар нэхэмжлэгчид мэдэгдэл ирүүлсэн зүйл байхгүй бөгөөд хариуцагчийн дээрхи үйлдэл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн зөрчил болно. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Төв аймгийн Засаг даргаас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А/001 дугаартай захирамж гарган тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар Төв аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 05/435 дугаартай албан бичгийг 2020 оны 01 дүгээр сарын 27-нд шуудангаар хүлээн авснаар анх олж мэдсэн бөгөөд цуцлах шийдвэр гаргасан үндэслэлийн талаар болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг ямар үндэслэлээр хэрэгжүүлэлгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчиж байгаа талаар хариуцагч Төв аймгийн Засаг даргад 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20/10 дугаартай албан бичгээр гомдол гарган хүргүүлэхэд хариуцагчийн зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 01/547 дугаартай албан бичгээр хуулийн илтэд үндэслэлгүй тайлбар дүгнэлт хийсэн хариуг манай компанид ирүүлсэн. Тодруулбал: Хариуцагчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 01/547 дугаартай албан бичигт " Төв аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 31 ны өдрийн 01/1098 дугаартай албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэн цуцлах болсныг мэдэгдсэн... Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасныг дагуу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн хугацаа хэтэрсэн байх тул захирамжийг дахин авч үзэж хянан шийдвэрлэх боломжгүй байна..." гэж дурдсан байх бөгөөд тус 01/547 дугаартай албан бичгээр тайлбарлан мэдэгдээд байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэлүүд нь хариуцагчийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан "... Цуцлах үндэслэлийн талаар мэдэгдэх..." үүргийг хэрэгжүүлэх хуулиар тогтоосон зохицуулалттай хамааралгүй, хууль зүйн үндэслэл болгоод байгаа Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг нь цуцлах үндэслэлийн талаар урьдчилан мэдэгдэх зохицуулалтанд хамаарахгүй бөгөөд цуцлах үр дагавар үүсгэсэн захиргааны актыг албан тушаалтан гаргаснаас хойш холбогдох этгээдэд мэдэгдэх агуулагтай зохицуулалтанд хамаарна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид цуцлах үндэслэл тогтоогдсон талаар 2017 оны 11 дүгээр сарын 31-ны өдөр 01/1098 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байх ямар ч боломжгүй бөгөөд Засаг дарга өөрөө тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг “... А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тусгай зөвшөөрөл цуцлах санал”-ыг үндэслэн тогтоосон талаар өөрийн гаргасан А/001 дугаартай захирамжиндаа тодорхой дурдаж үндэслэл болгосон байдаг. Гэтэл Төв аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2018 оны 04  дүгээр сарын 16-ны өдер хуралдаж 23 дугаартай тогтоол гаргаж тусгай зөвшөөрлүүдийг цуцлах санал гаргасан байх бөгөөд хариуцагчийн А/001 дугаартай захирамжийн үндэслэл болсон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 23 дугаартай тогтоол нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гарсан байхад хариуцагч цуцлах үндэслэлийн талаар нэхэмжлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 31-ны өдөр мэдэгдсэн байх боломжгүй юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан захирамж гаргасан талаар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй. Зүй нь хариуцагчийн зүгээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт зааснаар "тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид мэдэгдэнэ..." гэж үүрэг хүлээсэн байх бөгөөд тухайн үүргээ биелүүлж цуцалсан шийдвэрийн талаар нэхэмжлэгчид мэдэгдэлгүй орхигдуулсан. Хариуцагчийн шийдвэрийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс болж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрх ноцтой зөрчигдсөн. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох, Сонсох ажиллагаа явуулах зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд тогтоосон журмыг хэрэгжүүлэлгүй шууд цуцлах шийдвэр гаргасан нь хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна..." гэж заасан байхад хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрөл цуцалсан талаар мэдэгдэлгүй Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгүүдийг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсгүүдээр олгогдсон гомдол гаргах эрхийг ноцтой зөрчигдөхөд хүргэсэн. Хариуцагчийн зүгээс холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэгчийн эзэмшил дэх тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох хууль зүйн боломжгүй бөгөөд хуулиар олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд захирамж гарган тусгай зөвшөөрлийг цуцалсан үйлдэл нь хууль бус юм. Зүй нь нэхэмжлэгчийн эзэмшил дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль батлагдсан 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс өмнө тухайн үеийн Ашигт Малтмал Газрын тосны хэрэг эрхлэх газраас олгогдсон тусгай зөвшөөрөл олгодог байсан бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт зааснаар “...Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын эрхэд тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох..." эрхүүдийг хамааруулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн MY-000000 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах эрх нь хариуцагч Төв аймгийн Засаг даргад бус одоогийн Ашигт Малтмал Газрын Тосны газарт олгогдсон байхад өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, шийдвэр гаргаж байгаа нь илт хууль бус үйлдэл юм. Иймд Түгээмэл Тархацтай Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.4, 43 дугаар зүйлийн 43.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсгүүдийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/001 дугаартай захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагчийн зүгээс хэрэглэсэн хууль зүйн үндэслэлийн талаар, захиргааны актыг гаргахдаа хуульд заасан процессын хэрэгжилтийг хангасантай холбоотой нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн бэ гэдэг талаар тайлбар гаргаж байгаа. Хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 397 дугаартай захиргааны актыг мэдэгдсэн. Мэдэгдэх үед 2017 онд Засаг даргаас албан бичиг явуулсан гэж тайлбарлаж байгаа. Мэдэгдэх үеийн хууль зүйн зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар үндсэн 2 агуулгатай байдаг. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргахаас өмнө тухай захиргааны актыг холбогдох этгээдэд мэдэгдэж захиргааны акт гаргах процессын ажиллагаанд оролцох эрхээр нь хангадаг зохицуулалттай байдаг. Уг зохицуулалт нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргахаар өмнө мэдэгдэхийг хариуцагч талд үүрэг болгож тогтоож өгсөн. Гэтэл захиргааны акт гаргахаас өмнө нэхэмжлэгч талд ямар нэгэн байдлаар мэдэгдэх ажиллагааг авч хэрэгжүүлээгүй.

2. Акт гаргахаас өмнө мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс болоод нэхэмжлэгчийн хувьд тухайн захиргааны акт гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хуульд тодорхойлж өгсөн. Акт гаргахтай холбоотой бусад процесс ажиллагаанд оролцох эрхийг нь хязгаарласан. Захиргааны акт гаргаснаас хойш мэдэгдэх ажиллагааг хариуцагч талд хуулиар тогтоож өгсөн байдаг. Тухайн захиргааны акт гарснаас хойш Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд “...тухай захиргааны акт гарсан шийдвэрийг актад холбогдох этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг хэрэгжүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “...Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан. Өөрөөр хэлбэл Төв аймгийн Засаг дарга нь гаргасан актаа “Ө” ХХК-д мэдэгдэх үүргийг хуулиар хүлээлгэсэн боловч үүргээ биелүүлээгүй. 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн Төв аймгийн А сумын Засаг даргын 5/435 гэсэн албан бичгээр мэдэгдсэн гэж хэлдэг. Гэвч Төв аймгийн А сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан захиргааны акт гаргасан албан тушаалтан биш юм. А сумын засаг даргын мэдэгдлийг мэдэгдсэн гэж тайлбарлах үндэслэл байхгүй. Мөн уг мэдэгдсэн албан бичиг нь тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотой албан бичиг биш байсан. Энэ нь нөхөн сэргээлт хийлгэх талаар мэдэгдэл байсан. Танай тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцалсан гэх мэдэгдэл байгаагүй. Иймд Захиргааны ерөнхий хууль болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан мэдэгдэх үүргүүдээ хариуцагч биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэв хариуцагч тал үүргээ биелүүлээд хууль заасан ажиллагаануудад нь оролцоод явсан бол тусгай зөвшөөрөл цуцлагдах хэмжээний үр дагавар гарах байсан уу гэдгийг дүгнэх хэрэгтэй байна. Төрийн байгууллагын уялдаа холбоогүйгээс болоод Хан-Уул дүүрэгтэй хүртэл бид харьцсан байгаа. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүрэг дээр очоод төлбөр төлөөд байгаа асуудлыг манай талд хамааралгүй гэсэн байдлаар хариуцагч тал тайлбар тавьж байгаатай уялдахгүй байгаа. А сум нь Төв аймгийн нутаг дэвсгэрт хамаарна. Гэтэл А сумын нутаг дэвсгэр дээр өөр нутаг дэвсгэрт хамаарах нэгжүүд орж ирээд тухайн газар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж үйл ажиллагаа тайлбар дүгнэлт хийгээд төлбөр хураамж авдаг үйлдэл нь хариуцагч талд огт хамааралгүй зүйл биш юм. Өөрийнхөн нь нутаг дэвсгэр дээр тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас өөр нутаг дэвсгэрийн байгууллага төлбөр хураамж аваад байгааг төрийн байгууллагууд зохицуулах ёстой. Үүний шалтгаан нь юу вэ гэхээр А суманд үйл ажиллагаа явуулж байгаа хайрга дайрганы Аж ахуй нэгжүүдэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан тухай илтгэх хуудас байдаг. Уг илтгэх хуудсыг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хийсэн илтгэх хуудас байгаа. 4 дэх хэсэгт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо, Төв аймгийн А сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал элс, хайрга олборлож буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих гэж заасан байдаг. Энэ нь Хан-Уул дүүрэгтэй холбож тайлбарлах боломжгүй. Ингээд хоорондоо эмх замбараагаа алдсан байдалтай байна. Төв аймгаас шаардлага тавиад төлбөр хураамж аваад байдаг. Нөгөө талаас Хан-Уул дүүрэг шаардлага тавиад төлбөр хураамж аваад байдаг. Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороо нь Төв аймгийн зүгээс илтгэх хуудас бичээд дүгнэлт гаргасан байдаг. Хан-Уул дүүрэг нь Төв аймгийн А сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалт хийгээд байна. Иймд Хан-Уул дүүрэгт төлбөр хураамж төлөөд байгаа нь манайд хамааралгүй юм гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиа баримтлаад Засаг дарга нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргах эсэх асуудлыг нэг мөр болгоогүй. Хариуцагч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиараа Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм гэж тайлбарлаад байгаа боловч Ашигт малтмал газрын тосны газар нь энэ бол манай бүрэн эрхийн асуудал гээд нэхэмжлэгч “Ө” ХХК-д, 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр 7/657 дугаартай албан бичгээр Төв аймгийн Засаг даргад мэдэгдсэн байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Төв аймгийн Засаг даргын захирамж нь үндэслэлгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүчингүй болгосныг мэдсэн. Түүнээс хойш Засаг даргад гомдол гаргасан. Гомдлын хариуг харахад агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй байсан. Гомдлын агуулгын хувьд 2017 оны 12 дугаар сарын 31-нд захирамжаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болох үндэслэл бүрдсэн гэж мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн байна гэсэн утгатай хариу ирсэн. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “...Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. 2017 оны 12 сард мэдэгдсэн гэсэн мэдэгдэл захиргааны акт биш албан бичиг болж байна. Төв аймгийн Засаг даргаас манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон талаар огт мэдэгдээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Ашигт малтмалын газраас 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу захирамж гарснаас хойш 1 жилийн дараа манай солбилцолд өөрчлөлт оруулж шинээр бүртгэсэн тухай албан бичиг ирүүлж, тусгай зөвшөөрөлтэй хүчинтэй байсан. Энэ хүртэл хугацаанд манайх Ашигт малтмалын газартай харилцаатай үйл ажиллагаа явуулахаар байсан. Төв аймгийн Засаг даргын захирамж нь хууль зөрчсөн, хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Тусгай зөвшөөрлийг цуцалсан бол 10 хоногийн дотор манай компанид мэдэгдэж гомдол гаргах эрхийг эдлүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ бол биелүүлээгүй. Тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл нь юу байсан бэ гэвэл 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Сумын Иргэдийн хурлаас гарсан санал гэсэн байдаг. Уг саналыг бидэнд мөн л мэдэгдээгүй, бидний эрхийг хангаагүй. Засаг даргын захирамж нь хууль зөрчсөн хүчингүй захирамж гэж үзэж байна. Иймд Төв аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, С.Э нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Ө” ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл ажиллагаа нь нэг удаагийн шалгалтаар бус удаа дараагийн хяналт шалгалтын  үр дүнд хуулийн дагуу авагдсан арга хэмжээ юм. Тус аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд 2015, 2017 онуудад хийгдсэн удаа дараагийн хяналт шалгалтаар дараах зөрчил тогтоогдсон болно. Үүнд:

2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр А сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч холбогдох хуулийн дагуу хяналт шалгалт хийхэд Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь Газрын тухай хуулийн 27.1-27.4 дэх заалтыг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөнийг илрүүлж 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага өгсөн.

Аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/238 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 5 дугаар сарын 12-ны өдөр А сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд “Ө” ХХК уурхай дээр байх ёстой бичиг баримт байхгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг зөрчсөн, Улсын байцаагчийн тавьсан актыг зөрчин удаа дараа лац хөндөж хууль бусаар үйл ажиллагаа явуулсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зэрэг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг зөрчсөн, Түгээмэл тархацтай Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Бөхөг голын энгийн хамгаалалтын бүсэд орсон нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг, мөн тусгай зөвшөөрлийн талбайд 18,28 га газрыг хөндөж Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийг тус тус зөрчсөн.

Хяналт шалгалтуудаар ажилласан ажлын хэсэг жил бүрийн тайлан, судалгаа мэдээлэл, холбогдох баримтыг цуглуулж аймгийн Засаг даргад танилцуулан аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1908 тоот албан бичгээр “Ө” ХХК-д тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн.

2018 оны 04 сарын 09-ний өдрийн аймгийн Засаг даргын орлогч Д.М-н баталсан удирдамжийн дагуу 04 сарын 11-ний өдөр нь хяналт шалгалт хийхэд өмнөх нөхцөл байдал хэвээр байсан болно.

Ажлын хэсгээс явуулсан удаа дараагийн хяналт шалгалтын мэдээлэл, А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай 2018 оны 04 сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 05 сарын 10-ны өдрийн 07/149 тоот дүгнэлтээр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3н, 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Ө” ХХК MV-000000 тоот Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2018 оны 06 сарын 05-ны өдрөөс хүчингүй болгож цуцалсан болно. “Ө” ХХК аймгийн Засаг даргын 2018 оны А/001 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан нь удаа дараагийн хяналт шалгалтаар илэрсэн хууль бус /Уурхай дээр байх ёстой бичиг баримт байхгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.3 дахь заалтыг зөрчсөн, Улсын байцаагчийн тавьсан актыг зөрчин 5 удаа лац хөндөж хууль бусаар үйл ажиллагаа явуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулж бйагаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зөрчсөн, Түгээмэл Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалтыг, Бөхөг голын энгийн хамгаалалтын бүсэд орсон нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1 заалтыг мөн тусгай зөвшөөрлийн талбайгаас 21.3 га газрыг хэтрүүлэн хөндөж газрын тухай хуулийн 24.7 дахь заалтыг тус тус зөрчсөн үйлдлээ ухамсарлаагүйн дээр засаж залруулах ажлыг огт хийлгүй хууль бусаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулан гэсэн үйлдэл гэж үзэж байна. Мөн захирамж гарснаас хойш бараг 2 жил болж нэхэмжлэл гаргаж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/001 дугаар захирамж нь хууль эрх зүйн үндэслэлтэй захирамж тул “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар цуцална. Хэдийгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын  тухай хуулиар олгосон хэдий ч 2014 оноос хойш аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрлийн олгох, цуцлах эрх нь нээгдсэн. Гол мөрний ургац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглох тухайн хуульд заасны дагуу хураагдсан бол тухайн хууль батлагдсанаас хойш Засгийн газрын тогтоолууд гарах үед хасалтаа хийлгэх ёстой байсан. Гэтэл тухайн компани 2019 онд хасалтаа хийлгэсэн. Үүнд манайх ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. 2017 он, 2018 онд тухайн тусгай зөвшөөрлийг цуцлахаар өмнө нь хийгдэж байсан зохион байгуулалтын үйл ажиллагаа хийж байхад тухайн үйл ажиллагаа хийгдээгүй байсан учраас Гол мөрний ургац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн үндэслэлийг авч хангасан байгаа. Тухайн үед хасалт хийгдээгүй байсан. А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тусгай зөвшөөрөл цуцлуулах санал нь 2018 оны 04 сард ирсэн. Манай байгууллагаас хүсэлт явуулаад тухайн компани хууль зөрчиж байна гэж үзсэний үндсэн дээр 2017 онд 2-3 удаа шалгалт явуулаад тухай шалгалтаар Байгаль орчин хамгаалах тухай хууль зөрчсөн байна. Үүнд ямар санал хүсэлт байна вэ гэхэд сумаас тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналтай байна. Мөн манай сумаас хэд хэдэн удаа шалгалт явуулахад нөхөн сэргээх талбай хэвээрээ байгаа учир тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэсэн саналыг захирамж гарахаас 2 сарын өмнө ирүүлсэн. Мэдэгдлийн хувьд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1902 тоот албан бичгээр “Ө” ХХК-д тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн. Тухайн албан бичгийг шуудан яаж хүргэдэг, яаж дамжуулсныг мэдэхгүй байна. Татвар хураамжийн хувьд Хан-Уул дүүрэгт төлбөр төлсөн байсан. Тухайн нөөцийг хаана ашигласан тэр газраа төлбөр хураамжаа төлөх ёстой. Хан-Уул дүүрэгтэй хийсэн гэрээ хэлцэл манай байгууллагатай хамааралгүй. Төв аймаг дахь А сумын ашиглалтын асуудлыг ярьж байгаа болохоос Хан-Уул дүүрэгтэй холбоотой асуудал яригдаагүй юм. Ийм үндэслэлээр “Ө” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан захирамж нь хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь “Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/001 дугаар захирамжийг “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд “Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 сарын 06-ны өдрийн А/001 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаснаар тодорхойлж хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчээс “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиа баримтлаад Засаг дарга нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр гаргах асуудлыг нэг мөр болгоогүй. Ашигт малтмал газрын тосны Хариуцагч нь түгээмэл тархацтай хуулиараа Засаг даргын бүрэн эрхийн асуудал юм гэж тайлбарлаад байгаа боловч Ашигт малтмал, газрын тосны газар нь энэ бол манай бүрэн эрхийн асуудал гээд нэхэмжлэгч “Ө” ХХК-д болон Төв аймгийн засаг даргад 2019 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр 7/657 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Засаг даргаас манай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гарснаас хойш Ашигт малтмал, газрын тосны газраас манай тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулж, хугацааны сунгалт хийж, үйл ажиллагаа хэвийн явж байсан  байдаг. Гэтэл хариуцагчаас акт гаргахаас өмнө сонсгох мэдэгдэх, гаргасны дараа актаа мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс болоод нэхэмжлэгчийн хувьд тухайн захиргааны акт гаргах ажиллагаанд оролцох, гарсан дариуд нь мэдэж гомдол гаргах эрхийг хязгаарласан, улмаар тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх зөрчигдсөн” гэж,

Хариуцагчаас “Төв аймгийн Засаг даргын 2018 оны А/001 дугаар захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлогч болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хяналт шалгалт хийхэд “Ө” ХХК нь нийт 18.28 га талбайг хөндөж, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байх хугацаанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тул А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тусгай зөвшөөрөл цуцлуулах санал, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дүгнэлттэй танилцаад “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 н, 29.2, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, “Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэж тайлбарлан тус тус тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан маргааны үйл баримтаас үзвэл, Маргаан бүхий акт болох Төв аймгийн Засаг даргын 2018 оны “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлах тухай” А/001 дугаар захирамжаар “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тул...” гээд нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн МҮ-000000 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ. [1]

Хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт гарахаас өмнө 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 01/1908 албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн гэж, байгууллагын явуулсан бичгийн бүртгэлийн баримтыг шүүхэд ирүүлжээ.[2] Харин хариуцагчийн гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс хариуцагчид гаргасан 2020 оны 20/10 дугаартай гомдолд[3] хариу ирүүлсэн Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07/183 дугаартай албан бичигт[4], маргаан бүхий актыг гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч ..., байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэснээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын гаргасан дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэсэн тайлбарууд байх бөгөөд энэ нь дээрх цуцлах тухай мэдэгдэл явуулсан гэх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөсөө хойш 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг шалгаж, дүгнэлт гаргах, ажлын хэсгийн шалгалтын удирдамж”-ийг батлан гаргаж, улмаар тус ажлын хэсгээс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан “А суманд үйл ажиллагаа явуулж буй хайрга, дайрганы аж ахуйн нэгжүүдэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан тухай илтгэх хуудсаар гаргасан дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан болж байна.[5]   

Үүнээс үзвэл, холбогдох хуульд зааснаар эрх бүхий этгээдээс үндэслэл бүхий дүгнэлт гараагүй байх үед хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжид урьдчилан мэдэгдэл явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Нөгөө талаас нь авч үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагын дүгнэлт 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргаснаас сая тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл илэрлээ гэж дүгнэлт гарснаас хойш, актыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зааснаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжид мэдэгдэх, сонсох үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талаас энэ талаар “ ...гомдол гаргах эрх хөндөгдсөн, хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/547 дугаартай албан бичгээр өгсөн хариу[6] нь, нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэсэн нь үндэслэлгүй” гэж маргахад хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргасны дараа нэхэмжлэгч аж ахуйн нэгжид мэдэгдсэн гэх баримт байхгүй, нэхэмжлэгч нь Төв аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05/435 дугаартай албан бичгийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид хаяглан явуулсныг[7]  хүлээн авснаар маргаан бүхий акт гарсныг анх олж  мэдсэн гэснийг үгүйсгэх үндэслэл баримт байхгүй болох нь тогтоогдож, улмаар хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан үүргээ гүйцэтгээгүй байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн гомдол, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэлгүй байна.

 

Мөн хэрэгт авагдсан баримтад, хариуцагч Засаг даргын гаргасан маргаан бүхий акт 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гарснаас хойш Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 7/657 дугаартай албан бичигт [8] Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах эрх нь Ашигт малтмал, газрын тосны газарт байгаа гэж тайлбарлаж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 7/6968 дугаартай албан бичиг[9], Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай" 516 дугаартай тушаалаар[10] тус тус нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн харилцаа хэвийн явагдаж, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн МҮ-000000 дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад тусгай зөвшөөрлийн 2018, 2019 оны төлбөрийг төлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сунгаж бүртгэсэн, хариуцагчийн “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2014 оноос хойш олгогдсон тусгай зөвшөөрлүүд аймагт байдаг, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн бүртгэл, хувийн хэрэг нь Ашигт малтмал, газрын тосны газарт байдаг” гэсэн тайлбар зэргээр Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар болон хариуцагч Төв аймгийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн харилцаанд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ нэгдсэн бодлого, уялдаа холбоогүй ажиллаж, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг зөрүүтэй мэдээллээр хангаж, асуудал эрхэлсэн байгууллагаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг авч, хугацааг сунган бүртгэлжүүлж, талбайн солбицолд өөрчлөлт оруулах зэргээр эрхийг нь хүчинтэй байна гэсэн итгэл үнэмшил төрүүлэхүйц ажиллаж байсан болох тогтоогдож байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг 2018 оны 06 дугаар сард гарсан захиргааны актыг 1 жил 6 сарын хугацаанд мэдэх бүрэн боломжтой байсан, орон нутгийн төсөвт төлбөр төлж, харьцаж байгаагүй, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүх ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу талбайн солбицолдоо өөрчлөлт оруулаагүй, хуулиар хориглосон заалтыг зөрчсөн байсан  гэж буруутгах үндэслэлгүй байна.   

 

Дээрхээс үзвэл хариуцагч нь аймгийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрх хэмжээтэй байх боловч Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан эрхлэх чиг үүрийн асуудлын хүрээнд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газартай нэгдсэн бодлогод хүрч ажиллаагүй, зөрчилтэй байр суурь илэрхийлж байсан зэргээс нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг зөрчиж, маргаан бүхий актыг гаргасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43 дугаар зүйлийн 43.8, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Төв аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/001 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгосугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ЗОРИГТБААТАР.