Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2014/0331

 

“Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ф” ХХК-ийн 5404Х дугаартай тусгай зөвшөөрлийг ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан болохыг мэдээллийн сандаа бүртгээгүй Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 5404Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд шинэчилсэн координатын тэмдэглэл хийлгэх, Ашигт малтмалын хайгуулын 5404Х дугаартай тусгай зөвшөөрлийн 2013 оны 09 дүгээр сарын 15-аас 2014 оны 02 дугаар сарын 07-ыг хүртэлх төлбөрийг урьдчилан төлсөн тул энэ хугацааг Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацаанд нэмж тооцуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2008 оны 393 дугаар шийдвэрээр 5404Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Ф” ХХК-д шилжүүлсэн. Улмаар тус компанитай ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээнд 2013 оны 09 дүгээр сарын 15-нд ашиглалтын өмнөх үйл ажиллагаа дуусгавар болохоор заасан. 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, акт үйлдэн ашиглалтын өмнөх гэрээг дүгнэж дуусгавар болгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 48.3-т зааснаар хайгуулын ажлын тайлангаа ирүүлээгүй, 24.1-т заасан ашиглалтын зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Ф” ХХК-ийн 5404Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд байгуулсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг мэдээллийн сандаа бүртгээгүй Кадастрын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 5404Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд шинэчилсэн координатын тэмдэглэл хийлгэх, Ашигт малтмалын хайгуулын 5404Х дугаартай тусгай зөвшөөрлийн 2013 оны 09 дүгээр сарын 15-аас 2014 оны 02 дугаар сарын 07-ыг хүртэлх төлбөрийг урьдчилан төлсөн тул энэ хугацааг Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацаанд нэмж тооцуулах тухай" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Манай компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн утга, агуулга нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад зайлшгүй бүрдүүлэх баримт бичгийн бүрдүүлбэрт 25.1.7-д "байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ" гэсний дагуу байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамд хандахад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.3.-Д "Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ." гэж заасны дагуу баталсан Техник-эдийн засгийн үндэслэлийг биднээс нэхсэн, бидний зүгээс Техник-эдийн засгийн үндэслэлийг батлуулахаар өөрөөс шалтгаалах бүхий л чадлаараа хөөцөлдөж Эрдэс баялгийн зөвлөлийг хуралдуулж Техник-эдийн засгийн үндэслэлийг батлуулах гэсэн боловч Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.1-д "тухайн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаас хойш 60 хоногийн дотор," батлуулахаар

 

заасантай зөрчилдөж, 5404Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон цагт Техник-эдийн засгийн үндэслэлийг баталж өгнө гэсэн юм.

Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зөрчилдөөн, хийдэл, Төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоогүйгээс болж манай компани цаг хугацаа хөрөнгө мөнгөөр багагүй хохирсон байхад бид чадлынхаа чинээгээр оролдож, зүтгэж ирсэн атал хуулийн хийдлийн өмнө хүчин мөхсөдсөнийг шүүх ойлгож хүлээж авахгүй байгаад үнэхээр гомдолтой байна.

«(''                    Төрийн бий болгосон хуулийн хийдлийг даван туулах арга, механизм нь төрд

байхаас бус иргэн, хуулийн этгээдэд хэзээ ч олгодоггүй юм, хэрэв иргэн, хуулийн этгээдэд ийм эрх олговол эрх зүйг үгүйсгэх үзлийн "салхийг сэвэлзүүлэх" маш муу талтай.

Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээгээр хүлээсэн гэж буй техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, хянуулах, батлуулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг эрх бүхий байгууллагаар хийлгэх, хянуулах, батлуулах, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үүргүүдээс техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах үүргээс бусад нь бүгд хэрэгжих ямар ч боломжгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар

зүйлийн 23.1-д заасан харилцаанаас давсан үүрэг ногдуулсан, мөн Ашигт малтмалын

тухай хуулиар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэгжүүлэх боломжтой үүрэг байдаг.

Тийм ч учраас хариуцагчийн хариу тайлбарт дурдсан Эрдэс, баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн "Журам батлах тухай" 78 дугаар тушаалыг шалгахад сайтад нийтлэгдээгүй, Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19 -ний өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд /хуучнаар/ бүртгэгдээгүй , тушаалын 3 дахь хэсэг нь Ерөнхий сайдын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар захирамжийн хавсралтаар нэгэнт хүчингүй болсон Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 410 дугаар тушаалыг дахин хүчингүй болгосон зэрэг ойлгомжгүй агуулгатай байсан.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам" -ын дагуу Эрдэс, баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн "Журам батлах тухай" 78 дугаар тушаал нь бүртгэгдээгүй тул Засгийн газрын дээрх тогтоолын дагуу манай компани ногдуулж байсан эрх, үүрэг дуусгавар болгосон бүх харилцаа хууль бус болж байна. Захиргааны хэргийн шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэх учиртай

 

гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

“Ф” ХХК нь Ашигт малтмалын газарт холбогдуулан 5404Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд байгуулсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг мэдээллийн сандаа бүртгээгүй Кадастрын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, 5404Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд шинэчилсэн координатын тэмдэглэл хийлгэх, Ашигт малтмалын хайгуулын 5404Х дугаартай тусгай зөвшөөрлийн 2013 оны 9 дүгээр сарын 15-аас 2014 оны 2 дугаар сарын 07-ыг хүртэлх төлбөрийг урьдчилан төлсөн тул энэ хугацааг Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацаанд нэмж тооцуулах” тухай шаардлага бүхий ,1 нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ шүүх бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Ф” ХХК нь “... ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох...” гэсэн агуулга бүхий “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ дүгнүүлэх” тухай 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/01 тоот албан бичгийг Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст хүргүүлж байжээ.

с                        Гэтэл хариуцагчаас “нэхэмжлэгч хайгуулын талбайд ашиглалтын зөвшөөрөл

хүссэн өргөдлөө гэрээ дуусгавар болгохоос өмнө ирүүлээгүй” гэж тайлбарласан, мөн анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж, өргөдөл гараагүй” гэж дүгнэлт хийсэн байгаа нь ойлгомжгүй юм.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга Ц.Даваацэрэн, нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Адилбиш нарын хамтран дүгнэсэн “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд заасан заалтууд биелэгдсэн тухай” 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн № 2012/11 тоот акт гарахаас өмнө нэхэмжлэгч компани 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж" өргөдлөө гаргаж байсан гэх нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүх тэрхүү нотлох баримттай холбоотой хариуцагчийн тайлбарыг гаргуулаагүй, уг баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг явуулаагүй, мөн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдсөн, үүнтэй холбоотой захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тодруулаагүй байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гэрээгээ хүлээсэн “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгэх, “техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, хянуулах, батлуулах” гэсэн үүргээ, ажлаа гүйцэтгээгүй” гэж тайлбарласан атлаа “...хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд шинэчилсэн координатын тэмдэглэл хийлгэх, төлбөрийг урьдчилан төлсөн тул энэ хугацааг Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний хугацаанд нэмж тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн хүсэл зориг, сэргээлгэхийг хүссэн эрх нь юу болох нь тодорхойгүй, мөн нэхэмжлэгч компани нь “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл” хүсэж өргөдлөө гаргасан, үүнтэй холбоотой хариуцагчийн ямар үйл ажиллагаа, шийдвэр байгаа, мөн уг хариуцагчийн үйлдэл нь хуулийн дагуу явагдсан эсэх талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийж, нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байна.

Мөн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, “техник эдийн засгийн үндэслэл” зэрэг дүгнэлтүүдийг холбогдох байгууллагаар гаргуулахтай холбоотой нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа захиргааны байгууллага, албан тушаалтын эс үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн төрийн захиргааны байгууллагуудаас лавлагаа авч, хэргийг шийдвэрлэх нь нотолгооны ач холбогдолтой байна.

Иймд, анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧИД                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Б.ТУНГАЛАГСАЙХАН

Э.ХАЛИУНБАЯР