| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0507/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/531 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч П.Нямцэцэг,
Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг
Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н нарт холбогдох эрүүгийн 1811 00936 0395 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Н.Э, 1991 оны 11 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, өм эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар 7 дугаар хороолол, 3 дугаар байр 43 тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 279 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 89 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 07 сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 09 cap 21 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 95 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 07 сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 5 cap 24 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж байсан, хэрэг хариуцах чадвартай,
2. Боржигон овогт Д.Н, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ам бүл 5, ээж, эмээ, эгч, ахын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал 6 дугаар баг Баянхангай гудамж 2 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;
Шүүгдэгч Н.Э, Д.Н нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Хүчит шонхор” худалдааны төвийн дэргэдэх автобусны буудал дээр С.Ямааранзын самсунг жи 5 загварын Д.Н нь “утсаар яриад өгье” гэж хуурч эд хөрөнгийг нь авч 228,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 4 сарын 25-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9 дүгээр гудамжны 284 тоотод оршин суух Б.Амгаланбаатарын өвлийн сууцны төмөр хаалттай хагархай цонхоор хууль бусаар нэвтэрч, оёдлын машин, хүлээн авагч төхөөрөмж, төмс, 4 ширхэг хэвийн боов зэргийг хулгайлж 108.200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “Хүчит шонхор” худалдааны төвийн дэргэдэх автобусны буудал 2018 оны 3 сарын 16-ны орой шүүгдэгч Д.Н нь хохирогч С.Ямааранзын 228,000 төгрөгийн үнэ бүхий самсунг жи 5 загварын гар утсыг “ах руугаа яриад өгье, өгч байгаач” гэж хуурч аваад хамт амьдарч байсан шүүгдэгч Н.Эд дамжуулахад тэрээр авч зугтан, интернет тоглоомын газрын ажилтанд батерейг нь салган өгч хадгалуулсан,
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 4 сарын 25-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9 дүгээр гудамжны 284 тоотод оршин суух Б.Амгаланбаатарын өвлийн сууцны төмөр хаалттай хагархай цонхоор орж, оёдлын машин, хүлээн авагч төхөөрөмж, төмс, 4 ширхэг хэвийн боов зэргийг хулгайлж 108.200 төгрөгний хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Н.Эгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Д.Нийн найз надад манай найз хонох газаргүй байгаа гэртээ хонуулчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би цуг амьдарч болно гэхдээ түрээсийн төлбөр хувааж төлнө шүү гэж хэлээд бид хоёр цуг амьдрах болсон. Хэрэг болсон өдөр буюу 2018 оны 3 сарын 16-ны өдөр найзтайгаа хамт гэрээсээ гарсан. Гэтэл манай найз намайг түр хүлээж бай айл руу ороод ирье гээд явсан. Тэр үед Д.Н замын цаана хэдэн согтуу хүмүүстэй хамт явж байсан. Тэгээд би замын эсрэг тал руу найз Ука дээр очсон. Тэгсэн Ука найз нь утастай болсон. Чи хадгалж бай гээд надад өгсөн. Тэгэхээр би найздаа энэ утсыг чинь яах юм бэ гэхэд чи авч бай найз нь согтуу болохоор утсаа хаяах гээд байна гэсэн. Тэгэхээр нь би замын эсрэг талын дэлгүүр орж дэлгүүрт хадгалуулсан. Улсын яллагчийн ярьж байгаагаар 4-5 хүнтэй байсан гэдэг нь худлаа. Мөн цагдаа намайг байнга архи уудаг гэж хэлсэн байсан, тэр мөн худлаа зүйл. Өмнө нь ялаа эдэлж дуусаад гарч ирээд хулгай дээрэм хийж амьдаръя гэж бодоогүй. Би хөдөлмөрөөрөө амьдарч эхэлсэн. Би байнга архи уудаггүй. Хэрэв байнга уудаг байсан бол эрүүлжүүлэхэд орох байсан. Гэтэл нэг ч удаа эрүүлжүүлэхэд орж байгаагүй..” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Д.Нээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Хүчит шонхорын тэнд байдаг Амг би таньдаг. Амг нь намайг Н.Этэй танилцуулсан. Тэр үед би хамаатны эгчийхээсээ гарч яваад Н.Э, Амгаланбаатар хоёртой таарсан. Тэгээд Н.Эгийн түрээсийн байранд хальт очсон. Тэндээ хоноод маргааш нь гараад би найзындаа очих гээд явж байхад утасны эзэн тэнд явж байсан. Надаас гал байна уу гэж асуухад надад гал байхгүй байсан. Харин би ахтайгаа утсаар ярих хэрэгтэй байсан учир хохирогчоос утас байна уу гэж асуусан. Байгаа гээд надад утсаа өгсөн. Тэгээд утсыг нь аваад ярих гээд зогсож байсан чинь Н.Э хойноос ирж байсан. Тэгээд ирээд надаас юу хийж байгааг асуугаад наад утсаа өгч байгаач гэж хэлээд утсыг аваад явсан. Н.Э тухайн үед тэр утсыг миний утас гэж бодоод аваад гүйсэн гэж надад хэлсэн. Бид хоёр хохирогчийн утсыг булааж авах талаар төлөвлөсөн зүйл байхгүй. Би тухайн үед архи их хэмжээгээр уугаагүй байсан. Нутгийнхаа эгчийнд бага зэрэг уучихаад гарч яваад хохирогчтой таарсан. Хохирогчийн утсыг Н.Э аваад гүйсний дараа хохирогч намайг бариал авсан. Тэгэхээр нь би Н.Эг таньдаг. Хойно түрээсийн байранд байдаг талаар нь хэлэхэд надаас зуураад авсан. Тэгээд удалгүй хөдөлгөөнт эргүүл хүрч ирсэн. Тэгээд Н.Эгийн араас очиж болсон явдлыг хэлэхэд Н.Э би чиний утас гэж бодоод дэлгүүрт хадгалуулсан гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч С.Я нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-24-25/ “..Анх эмэгтэй нь утсаараа яриулаач гээд гуйгаад би гар утсаа өгсөн. Тэр эмэгтэй миний гар утсыг аваад цаашаа эргээд зугтах үйлдэл гаргасан. Тэр үед дэргэд нь 2 эрэгтэй ойрхон зогсож байгаа харагдсан. Би хөөе утас гэхэд тэр эмэгтэй гараа сунгаж ойролцоох нэг эрэгтэйд миний утсыг өгсөн. Тэр эмэгтэй миний утсаар яриагүй. Утас аваад эргээд гараа сунгах үед гарны ойролцоо байсан эрэгтэй нь гар утас аваад хойд зүг рүү гүйгээд явсан. Би араас нь харахад гар утас авсан эрэгтэй гүйж байгаа харагдсан. Тэр эрэгтэйн ойролцоо зогсож байсан эрэгтэй араас нь явж байгаа бололтой цааш буюу хойд зүг рүү алхсан. Би тэр 2 эрэгтэйн ойролцоо зогсож байсан учир хамт явж байна гэж харсан. Миний гар утсыг авахлаа ямар нэгэн хүч хэрэглээгүй. Гуйж аваад дамжуулж өгсөн. Харин утас авсан эмэгтэйг бариад байж байхад араас нь нэг эрэгтэй ирээд цамцны захаар боож татаад байсан..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-34/ “..би хойд зүг рүү явж байхад Ямааранз Хүчит шонхор захын зүүн талын автобусны буудал дээр хөх өнгийн куртиктэй согтуу махлагдуу биетэй, дунд зэргийн нуруутай эрэгтэй хүнтэй хөөцөлдөөд, зууралдаж байгаа харагдсан. Тэр хүн нь машин тойрч зугтаад байсан. Би харчихаад машинаа замын дэргэд зогсоогоод Ямааранзыг дуудахад намайг харчихаад “миний гар утсыг дээрэмдчихлээ наад эмэгтэйгээ бариад аваарай” гэсэн. Тэр үед Ямааранз нөгөө эрэгтэйтэйгээ зодолдоод дээр доороо орж унаад нэг эмэгтэй ойролцоо нь яваад байсан. Би бариад ав гэсэн эмэгтэйг нь бариад авахад өндөр нуруутай туранхай бор царайтай согтуу байсан. Тэр хүүхнийг нь машиндаа суулгаад цагдаа дуудсан. Цагдаа дуудаж байхад нөгөө эрэгтэй нь зугтчихсан байсан. Ямааранз миний машинд ирээд суухад нь би машинтайгаа яваад хойт зүгт байдаг эрүүлжүүлэх байрны дэргэд цагдаа хүлээсэн. Тэр үед машинд суулгасан эмэгтэй нь “чи ямар сүртэй юм, цагдаа дуудаад яах гэсэн юм, би чиний утсыг олоод өгчихнө, энэ дор дэлгүүрт байгаа” гэж ярьж байсан. Ямааранз надад хэлэхдээ “чамайг хүлээгээд байж байхад энэ хүүхэн утсаар яриулаач гэхээр нь утсаа өгөхөд нөгөө эрэгтэй нь аваад ухасхийгээд явсан. Энэ эмэгтэйг бариад авахад араас нь хоёр эрэгтэй ирээд нэг нь боож татсан, нэг нь хавсарч унагасан гэсэн. Анх эмэгтэй нь утсыг нь гуйж аваад цаашаа дамжуулсан гэж байсан. Утас авсан эмэгтэйгээ бариад авахад араас нь 2 эрэгтэй нь зодсон гэж хэлсэн. Тэр эмэгтэй нь өөрөө утастай хүнээс утас гуйхааргүй байсан. Сүүлд нь цагдаа хүлээгээд миний машинд сууж байхад гутлынхаа түрүүнээс нокиа нэртэй утас гаргаж ирээд буцаагаад хийж байгаа харагдсан. Цагдаа ирээд тэр эмэгтэйг суулгаад намайг цагдаагийн хэлтэс рүү очиж бай гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-35/ “..2018 оны 3 сарын 16-ны өдөр 20 цагийн үед байх би өөрийн ажиллуулдаг интернэт тоглоомын газарт үйлчлүүлэгчгүй ганцаараа байж байхад гаднаас нэг эрэгтэй орж ирсэн. Тэр эрэгтэй орж ирээд надад нэг том дэлгэцтэй, андройд гар утас өгөөд та энийг авч байгаач би ийшээ явчихаад ирье гэсэн. Тухайн үед тэр эрэгтэй та батерейг нь салгаад далд хийчих гэсэн. Тухайн үед би яагаад тэр хүнээс утсыг нь авснаа мэдэхгүй байна. Тэр хүнийг хадгалж байгаач гэж хэлэхээр нь аваад шүүгээндээ хийчихсэн байсан. Тэр эрэгтэй согтуу байсан..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-38/ “.. жижүүрийн шуурхай албанаас Хүчит шонхор захын урд гар утсаа дээрэмдүүлсэн хүн байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу яваад очиход дуудлага өгсөн гэх иргэн Ямааранз найз гэх эрэгтэйн хамт Хүчит шонхор захаас хойд зүгт байх баривчлах саатуулах байрны гадаа нэг эмэгтэйг машиндаа суулгасан байсан. Юу болсон талаар асуухад утсаа алдсан гэх Ямааранз гэдэг эрэгтэй энэ эмэгтэй утсаар ярина гээд надаас гуйгаад гар утас авсан. Утсаар ярих гэж байгаад надаас холдохыг оролдсон. Тэр үед танихгүй хэдэн эрэгтэй ирээд боож зодсон гэж хэлсэн. Миний гар утас алга болсон гэж хэлсэн. Тэр үед дэргэд нь байсан найз эрэгтэй нь гар утсыг нь нэг эрэгтэй аваад гүйгээд явсан гэсэн гэж хэлсэн. Дуудлага өгөгч өөрөө бага зэрэг согтуу байсан. Машинд сууж явсан эмэгтэйг нь харахад Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүчит шонхор захын орчмоор архи уусан байдалтай явж байдаг Нямгэрэл гэдэг эмэгтэй байсан. Тухайн үед уг эмэгтэйгээс дуудлага өгсөн иргэний гар утсыг яасан бэ хэн хэнтэй хамт явж байсан бэ гэж асуухад эхэндээ хэлэхгүй байсан, би мэдэхгүй тэр хүмүүсийг танихгүй гээд байсан учир дуудлага өгөгчийг цагдаагийн хэлтэс рүү явуулаад гар утас авсан гэх эмэгтэйг албаны машинд суулгаад “Хүчит шонхор” захын орчимоор эргүүл хийх гээд урд зүг рүү явж байхад саатуулах төвийн урд байдаг “Өнжүүл” зочид буудлын дэргэдэх нийтийн байрны гадаа Нямгэрэлийн хамтаар байнга архи уугаад явж байдаг Эрдэнэсүрэн гэдэг эрэгтэй, нэг эрэгтэйн хамтаар хоёулаа зогсож байсан. Тэр эрэгтэйг суулгаад “Чулуут” нэртэй дэлгүүрийн гадаа очиход хамт архи уудаг гээд 4, 5 эрэгтэй байж байсан. Тэр хүмүүсийг шалгахад..анх баригдсан Эрдэнэсүрэн гэдэг эрэгтэй гар утас авсан гэх Н гэдэг эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа нь тогтоогдсон. Тухайн хүмүүсийг хэлтсийн байранд авчраад гар утас олох чиглэлээр шалгаж байхад Эрдэнэсүрэн гар утсыг аваад дэлгүүрт үлдээсэн талаараа хэлсэн. Эрдэнэсүрэнг дагуулаад дэлгүүрийг заалгахад “Хүчит Шонхор” төвөөс хойд зүгт байх замын зүүн талын биллярд цахим тоглоомын газар луу орсон. Тус газрыг нэг эмэгтэй ажиллуулж байсан ба гар утас авсан эсэх талаар нь шалгахад Эрдэнэсүрэн гэх эрэгтэй ганцаараа орж ирээд миний гар утсыг хадгалж байгаач гээд өгсөн гээд бор шаргал өнгийн арын хэсэг нь хар өнгийн гэртэй Самсунг жи 5 гар утас гаргаж ирсэн. Тухайн үед гар утсыг унтраасан байсан..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-143/ “..2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр би гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Эмнэлгээс гараад гэртээ ирэхэд манай байшинд хулгай орсон байсан. Гэртээ ороод эд зүйлээ бүртгээд үзэхэд зурагтны тоон системийн хүлээн авагч төхөөрөмж, гар оёдлын машин, хүнсэнд хэрэглэж байсан төмс, хэвийн боовнууд алдагдсан байсан..." гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-144/ “..2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Согоот 112 чиглэлийн авто эргүүлийн машинд үүрэг гүйцэтгэж байхад 20 цаг 10 минутанд жижүүрийн шуурхай албанаас Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 9-284 тоотод байх айлын цонхоор эмэгтэй хүн орчихлоо гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу түргэн шуурхай очиход уг байшин эзэнгүй байшингийн урд цонх хагарсан хамгаалалт төмөр хөндийрч эвдэрсэн байсан. Дуудлага өгөгч Энхжаргал нь гудамжинд байж байсан учир ямар хүн орсон талаар асуухад өндөр нуруутай хүүхэн шуудайтай зүйл үүрээд дээшээ явсан. Тэр айл руу орсон байж магадгүй гэж хэлсэн. Түүний зааж өгсөн тоот нь Чингэлтэй дүүргийн 8-260 гэсэн хаягтай хашаа байсан. Уг хашаанд байх айл руу орж шалгахад тэр айлд Нямгэрэл гэдэг өндөр нуруутай эмэгтэй Ганбаатар, Оюунбаатар, Ууганбаяр гэх 4 хүн байсан. Мэдээллийн мөрөөр эмэгтэйтэй нь уулзахад би орсон гэж хэлсэн...авдар дотор шуудайнаас гаргаад хийчихсэн байсан..” гэсэн мэдүүлэг, 144/,
Гэрч У.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-146-147/, “..энэ хүүхэн чинь ямар сонин хүүхэн бэ айлын хашаа даваад орчихлоо гэсэн. Араас нь Ууганбаяр орж ирээд хажуу талын..байшингийн цонхоор орчихлоо гэсэн. Ингээд би наадахыг чинь хэлэхгүй бол болохгүй хамт архи ууж байсан гээд цагдаа дуудсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Эгээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /хх-81-82/ “..Нямгэрэл нилээн согтуу байсан учир би түүнд шинэ түрээсийн байр руу согтуу битгий ор гэж хэлэх гээд өөдөөс нь очсон юм. Нямгэрэлтэй уулзахад Нямгэрэл миний утсыг авчихаач, би гар утсаа алга болгочих гээд байна, чи хадгалчих гэж хэлээд Андройд гар утас өгсөн. Би гар утсыг нь аваад замын эсрэг талын биллярдтай фс рүү ороод ажиллуулда эгчид нь эгчээ энэ утсыг түр хадгалуулчихая тэгэх үү? Би орой эсвэл, маргааш авчихая гэж хэлээд өгсөн. Би тэр эгчийн биллярданд тоглодог учир таньдаг болсон байсан. Би хүнтэй уулзах ажилтай байсан учир ойрхоноор нь тэр газарт хадгалуулчихъя гэж бодсон. Би тэр хүнд энэ утсыг хадгалаад өгөөч гээд хэлхэд за гээд авсан. Би гар утас өгчихөөд буцаап гараад ирхэд цагдаагийн машин ирчихсэн байж байгаад надаас энэ Нямгэрэлийг таних уу гэж асуухад нь би танина гэхэд сая чамд утас өгсөн үү гэж асуухад нь би надад өгсөн гэж хэлсэн, Нямгэрэлийг надтай хамт байр түрээслэж байгаа талаар нь хэлсэн. Тэгээд цагдаа нар суу гээд машинд суулгасан. Машинд Ням, Чул, хохирогч гэх эрэгтэй бид нар суугаад цагдаагийн хэлтэс рүү очсон. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаа надтай хамт буцаж биллярдны газар руу ороод гар утсыг аваад гарч ирсэн. Тухайн үед хохирогч гээд байгаа эрэгтэйд хандаад би ямар ч холбоогүй биздээ гэж хэлхэд хохирогч нь энэ хамаагүй хүн гэж байсан. тэр орчимд хяналтын камер байдаг бол тодорхой харагдах байх. Нямгэрэл надтай хамт амьдрах хугацаандаа ямар утастай байсан талаар нь мэдэхгүй байна. Би гар утасны марк сайн мэддэггүй юм. Тэр өдөр Нямгэрэл бид хоёр 17 цагийн үед Дэнжийн 1000-д Хүчитшонхор захын ойролцоо Чулуунбат, Цогбаяр, Нямка гэх хүмүүсийн хамтаар архи уусан юм. Тэр өдөр бид нар байгаа мөнгөө нийлүүлээд архи авч уусан байсан. Би Нямгэрэлээс гар утас авах үед надад мөнгө байгаагүй, Нямгэрэлд мөнгө байсан эсэх талаар мэдэхгүй байна. Надад Нямгэрэл гар утас өгөх үед дэргэд хүн байгаагүй. Нямгэрэлийн надад өгсөн гар утас нь хэний утас байсан талаар би мэдэхгүй байна..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Нээс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-76-77/ “..Тэр үед замын цаанаас Эрдэнэсүрэн, Цоглоо хоёр ирээд яах гээд байгаа юм, юун хүн юм гэж асуухад нь би энэ хүний утсаар ярьж байгаа юм гэхэд Эрдэнэсүрэн юу ярьж байгаа юм, харъя гээд надтай зууралдаад байсан. Тэр үед юу юм, юун утас юм, хэнтэй яриад байгаа юм гэж асууж байхад Эрдэнэсүрэн гарнаас утас авчихсан байсан. Энэ үед Цоглоо тэр ахтай зууралдаад юун бэ гээд асуугаад байсан. Тэр хоёр хамт архи уусан учир намайг харамлаж тэр хүнтэй зууралдсан, хэнтэй ярьж байгаа юм гээд асуугаад байсан байх. Эрдэнэсүрэн миний гарнаас утас авчихаад хойд зүг рүү гүйгээд явчихсан. Цоглоо тэр эрэгтэйтэй юун хүн бэ гээд зууралдаад байсан. Нөгөө хүн нь намайг утас өг гээд зууралдаад эхэлсэн. Тэр хүн надаас зуурч байхдаа би чамайг тавихгүй, би найзыгаа дуудчихсан, цагдаа дуудчихсан гэж хэлсэн. Тэр үед Цо тэр ахыг намайг тавь гээд зууралдаад байсан. Би хойд зүг рүү яваад нийтийн байр руугаа очих үед Эрдэнэсүрэн нийтийн байрныхаа гадаа Чөөгийгийн хамтаар зогсож оайсан. Би Эрдэнэсүрэнд хандаад тэр утсыг нь өгөө, хаана байгаа юм, нөгөө хүн чинь цагдаа, сэргийлэх болоод бөөн юм болоод байна гэж хэлхэд Эрдэнэсүрэн дэлгүүрт хадгалуулчихсан байгаа гэж хэлсэн. Тэр хоёр тамхи татаад зогсож байсан. Энэ үед доороос цагдаа, нөгөө ах найзтайгаа хүрээд ирсэн. Ирчихээд тэр эрэгтэйн чайз нь намайг машин руу суу гээд байсан. Утасны эзэн эрэгтэй Эрдэнэсүрэнг харчихаад энэ эрэгтэй мөн гээд байсан. Тэгээд цагдаа нар ирээд утасыг нь гаргаж өг гээд Эрд замын зүүн талын биллярдтай дэлгүүр рүү ороод утсыг нь аваад гараад ирсэн. Тэгээд цагдаагийн газар руу явсан. Тухайн үед Эрдэнэсүрэн бид хоёр нэг байранд хамт амьдраад 2-3 хоночихсон байсан. Бид хоёр тэр хүний гар утсыг авах талаар урьдчилан ярилцсан зүйл байхгүй. Би тэр хүний гар утсыг гуйгаад ярих гэж байхад над руу ирчихээд энэ юун хүн бэ? Хэнтэй ярьж байгаа юм гэж байгаад гарнаас утас аваад хойшоо зугтчихсан. Би Эрдэнэсүрэнд тэр эрэгтэйн гар утсыг аваад зугтах талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Би уг нь тэр хүний гар утсыг ах руугаа ярих зорилгоор л гуйж авсан. Ах руугаа ярьж амжаагүй байхад Эрдэнэсүрэн аваад явчихсан..” гэсэн мэдүүлэг,
Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас самсунг жи 5 загварын гар утсыг 228,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-н 41/, Яллагдагч Н.Эгээс самсунг жи 5 загварын гар утсыг хураан авч хохирогч С.Я хүлээлгзн өгсөн тэмдэглэл /хх-н 13-14/, Дамно хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компаний ЧД2-18-322 дугаартай "..оёдлын машин 72.000 төгрөг, хүлээн авагч төхөөрөмж 27.000 төгрөг, төмс 800 төгрөг, 4 ширхэг хэвийн боов 8400 төгрөг нийт 108.200 төгрөг..” гэх үнэлгээний тайлан /хх-н 150/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 134-137/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н140/, шүүгдэгч Д.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-110/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-111/, шүүгдэгч Н.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-83/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Э, Д.Н нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хуурч аваагүй гэх боловч энэ нь хохирогч С.Ямааранзын “Анх эмэгтэй нь утсаараа яриулаач гээд гуйгаад би гар утсаа өгсөн. Тэр эмэгтэй миний гар утсыг аваад цаашаа эргээд зугтах үйлдэл гаргасан. Тэр үед дэргэд нь 2 эрэгтэй ойрхон зогсож байгаа харагдсан. Би хөөе утас гэхэд тэр эмэгтэй гараа сунгаж ойролцоох нэг эрэгтэйд миний утсыг өгсөн”, гэрч Б.Ц “чамайг хүлээгээд байж байхад энэ хүүхэн утсаар яриулаач гэхээр нь утсаа өгөхөд нөгөө эрэгтэй нь аваад ухасхийгээд явсан. Энэ эмэгтэйг бариад авахад араас нь хоёр эрэгтэй ирээд нэг нь боож татсан, нэг нь хавсарч унагасан гэсэн. Анх эмэгтэй нь утсыг нь гуйж аваад цаашаа дамжуулсан” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх бөгөөд дээрх мэдүүлснийг хэрэгт хамааралтай хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нар бид бусдын эд хөрөнгийг авах талаар ярилцан тохироогүй, бүлэглэж үйлдээгүй гэж байх боловч шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг авахдаа согтуурсан байсан хэрхэн авах талаар бөгөөд ярилцан тохироогүй байсан байж болох хэдий ч үйлдлээрээ нэгдэж байгааг шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нар болох хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Н.Э, Д.Н нар хохирогч С.Я эд зүйлийг хууль бусаар авч байгаа үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч байгаа дээрмийн гэмт хэргийн шинжтэй мэт боловч эд хөрөнгийг нь анх хохирогчоос авч байгаа үйлдэл нь хуурч аван өөрсдийн эзэмшилд оруулж байгаагаар зүйлчилсэн прокуророос ялласан Эрүүгийн хуулийн зүйл заалт зөв байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Э, Д.Н нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “бүлэглэн, хуурч бусдын эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж тэдгээрийн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Э, Д.Н нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзээд тэдгээрт тус бүр 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Нийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Иймд шүүгдэгч Д.Нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н нь хэдийгээр хохирлыг буцаан өгөх замаар төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан “хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн боломжгүй байна. Харин дээрхи нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй 1 жилийн хугацаагаар хорих оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсар 8 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Э, Д.Н нь учруулсан хохиролыг буцаан өгөх замаар барагдуулсан байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Э, Д.Н нарын шүүх хуралдаан болохоос өмнө 70 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэсэн хугацаанд оруулан тооцох, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Э, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн, хуурч бусдын эд хөрөнгийг авсан”, шүүгдэгч Д.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Д.Н нарыг тус бүр 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Д.Нийг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Нийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсар 8 /найм/ сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Нд оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Д.Н нарын цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Н.Э, Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Э, Д.Н нарын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР