| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0490/и |
| Дугаар | 428 |
| Огноо | 2017-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 428
2017 оны 08 сарын 23 өдөр Дугаар 129/ШШ2017/0428 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1958 онд төрсөн, Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт оршин суух Сахлагууд овгийн Чимэдийн Лхагважав /РД:АЭ58031111/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Санжмятав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Лхагважав шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Би Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1981 оноос 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Цэргийн албыг 1976 оноос 1979 онд алба хаасан. Уг нь цэргээс халагдаж ирээд тус нэгдэлд ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримтууд 1981 оноос гарсан тул Лхагважав намайг Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 1 хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Санжмятав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Лхагважав нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Ч.Лхагважавын хөдөлмөрийн дэвтэрт 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудад ажилласан хоног, авсан хөлс бичилттэй,
2. 1981 оны 07 сарын 01-ний өдрийн Архангай аймгийн Тариат сумын малчин Лхагваагийн хүндэт жуух бичиг,
3. Ч.Лхагвад 1981 оны 10 сарын 16-ны өдөр Ялалт нэгдлийн зөвлөлөөс олгосон талархал,
4. Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 357 дугаартай Чимидийн Лхагважавын Тариат сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалийн тодорхойлолтод:
5. 1985 оны 02 сарын 11-ний өдрийн Тариат сумын Ахуй үйлчилгээний хамт олноос Ч.Лхагважавт олгосон баярын бичиг,
6. 1987 оны 07 сарын 07-ны өдрийн Архангай аймгийн Тариат сумын Ардын депутатын гүйцэтгэх захиргаа, намын хороо, нэгдлийн зөвлөлөөс Ч.Лхагваа ахлагчтай суурийн хамт олонд олгосон баярын бичиг,
7. 1987 оны 11 сарын 07-ны өдрийн Архангай аймгийн Тариат сумын Ардын депутатын гүйцэтгэх захиргаа, намын хороо, нэгдлийн зөвлөлөөс Ч.Лхагвад олгосон баярын бичиг,
8. 1988 оны 02 сарын 18-ны өдрийн Ч.Лхагвад олгосон гэрчилгээ,
9. 1988 оны 04 сарын 22-ны өдрийн Архангай аймгийн Тариат сумын Ардын депутатын гүйцэтгэх захиргаа, намын хороо, нэгдлийн зөвлөлөөс Ч.Лхагважавт олгосон баярын бичиг,
10. Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 12 сарын 10-ны өдрийн 71 дугаартай “Малчдад 1988 оны ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1.МАА-н 5 бригадын малчдад 806 хүнд 1988 оны ээлжийн амралтыг 1,2,3,4,5 дугаар хавсралтаар олгосугай. Хавсралтад Ч.Лхагважав хоньчин, амрах хоног 15 гэсэн,
11. Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1989 оны 06 сарын 14-ний өдрийн 40 дугаартай “1989 оны ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1. Нэгдлийн үйлдвэрлэлд байнга ажиллаж байгаа нэгдлийн гишүүн 908 хүнд 1,2,3,4,5,6,7 дугаар хавсралтаар 1989 оны ээлжийн амралт олгосугай. Хавсралтад Ч.Лхагважав гэсэн,
12. Гэрч Э.Лхагвадоржийн өгсөн “Би Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Мөрөн бригадад аав Эрдэнэшангийн фермд 1968 оноос 1983 оныг хүртэл малчнаар ажиллаж байгаад Архангай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажилд орж 1993 он хүртэл ажилласан. Намайг Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Мөрөн бригадад ажиллаж байхад Ч.Лхагважав нь 1980 оны үед тус нэгдэлд Мөрөн бригадад Жимгэр нэртэй газар аав Чимэдийн хамтаар ажиллаж байсныг би түүнтэй нэг нэгдэлд нэг бригадад ажиллаж байсан учир мэднэ. Ч.Лхагважав Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд Мөрөн бригадад очиход Ч.Лхагважав нь малаа маллаад л байж байдаг байсан. Ч.Лхагважав нь Тариат сумын Ялалт нэгдлээс өөр газар ажиллаагүй, тасралтгүйтус нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэх,
13. Гэрч Д.Мэндбаярын “Би Ч.Лхагважавыг бага байхаас нь сайн мэднэ, бид Тариат сумын Мөрөн бригадын сургуульд хамт сурч, Ч.Лхагважав надаас 2 дээр ангид сурдаг байсан. Би 1975 онд 07 дугаар ангиа төгсөөд эвлэлийн улаан илгээлтээр гарч Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд Мөрөн бригадад малчин болж, аав, ээжийнхээ туслах малчнаар ажилладан байсан. Намайг 1975 онд Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд Мөрөн бригадад малчаар ажиллаж эхлэхэд Ч.Лхагважав нь тус нэгдлийн Мөрөн бригадад малчнаар ажиллаж байгаад 1976 онд цэргийн албанд татагдсан. Би 1978 онд цэргийн албанд татагдаж 1981 оны 06 сард халагдаж ирээд үргэлжлүүлэн Тариат сумын Ялалт нэгдэлд Мөрөн бригадад Дамдинсүрэнгийн суурьт малчнаар ажиллахад Ч.Лхагважавыг хэний суурьт мал маллаж байсныг нь сайн санахгүй байна, аавыгаа түшиглэж мал маллаж байсан. Тухайн үед Ч.Лхагважавын аав нь Тариат сумын Ялалт нэгдэлд Мөрөн бригадад суурийн ахлагч хийж, удаа дараа аварга малчин болж байсан. Би Тариат сумын Ялалт нэгдэлд Мөрөн бригадад малчнаар 1984 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад Тариат сумын хүн эмнэлэгт жолоочоор орж ажилласан. Ч.Лхагважав нь намайг Ялалт нэгдлээс гарахад малчнаар ажиллаад үлдсэн. Ч.Лхагважав нь Тариат сумын Ялалт нэгдлийг хувьчлагдах хүртэл мачлнаар ажилласан, өөр газар шилжин ажиллаж байгаагүй. Би Ч.Лхагважавтай нэг нэгдэлд нэг бригадад хамт ажиллаж байснаас гадна нэг суманд байдаг байсан учир түүнийг Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд Мөрөн бригадад малчнаар ажиллаж байсныг мэднэ” гэх,
14. Ч.Лхагважавын 1976 оны 07 сарын 15-ны өдрөөс 1979 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан тухай лавлагаа,
15. Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 408 дугаартай албан тоотод “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Тариат сумын Ялалт нэгдлийн 1981, 1987, 1990 оны баримтыг шүүн үзэхэд Ч.Лхагважавын ажил төрөлтэй холбоотой материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн зэрэг болно.
Хүсэлт гаргагч Ч.Лхагважав нь Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Ч.Лхагважавын хөдөлмөрийн дэвтэр, Лхагваагийн хүндэт жуух бичиг, Ч.Лхагваад 1981 оны 10 сарын 16-ны өдөр Ялалт нэгдлийн зөвлөлөөс олгосон талархал, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 357 дугаартай Чимидийн Лхагважавын Тариат сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалийн тодорхойлолт, 1985 оны 02 сарын 11-ний өдрийн Тариат сумын Ахуй үйлчилгээний хамт олноос Ч.Лхагважавт олгосон баярын бичиг, 1987 оны 07 сарын 07-ны өдрийн Архангай аймгийн Тариат сумын Ардын депутатын гүйцэтгэх захиргаа, намын хороо, нэгдлийн зөвлөлөөс Ч.Лхагваа ахлагчтай суурийн хамт олонд олгосон баярын бичиг, 1987 оны 11 сарын 07-ны өдрийн Архангай аймгийн Тариат сумын Ардын депутатын гүйцэтгэх захиргаа, намын хороо, нэгдлийн зөвлөлөөс Ч.Лхагвад олгосон баярын бичиг, 1988 оны 02 сарын 18-ны өдрийн Ч.Лхагвад олгосон гэрчилгээ, 1988 оны 04 сарын 22-ны өдрийн Архангай аймгийн Тариат сумын Ардын депутатын гүйцэтгэх захиргаа, намын хороо, нэгдлийн зөвлөлөөс Ч.Лхагважавт олгосон баярын бичиг, Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 12 сарын 10-ны өдрийн 71 дугаартай “Малчдад 1988 оны ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1989 оны 06 сарын 14-ний өдрийн 40 дугаартай “1989 оны ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч Э.Лхагвадорж, Д.Мэнбаяр нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ч.Лхагважавын Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сахлагууд овгийн Чимэдийн Лхагважавыг Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ч.Лхагважавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.