Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/777

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Аргалжин овогт А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811018380930 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бага боловсролтой /бичиг үсэг мэднэ/, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эцэг, эх, эгч, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Аргалжин овогт А.Б, Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч А.Б нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоот 59 дүгээр гудамжны 56 тоотод хохирогч О.Золжаргалд "гар утас худалдаж авна" гэж хуурч, “Самсунг Эс-7 эджи” загварын гар утсыг залилан авч нийт 450.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 20-ны хавьцаа өөрийн хэрэглэж ашиглаж байсан “Самсунг галакси эс-7 эджи” нэртэй гар утсаа худалдахаар фэйсбүүк хаягаар гар утасны хар зах, гар утасны наймаа гэсэн зарын групп дээр зар байршуулсан. Ингээд хэд хоногийн дараа буюу 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүк хаяг руу Batuk Batka гэсэн хаягнаас утсаа хэдээр зарах вэ гэсэн чат бичсэн байхаар нь би түүнрүү хариу бичиж үлдээсэн. Тэгсэн чинь тэр хүн хаана очиж үзэх вэ гэхээр нь гэрийнхээ хаягыг хэлсэн. Харин удалгүй нэг дугаараас залгаад утас үзэх хүн байна ирчихлээ гэхээр нь би урдаас нь гараад Хайлаастын эцэс дээр очсон нэг дугаар луу залгахад эмэгтэй хүн авах шиг болоод түүнтэй ярьж байгаад гэрийн онгойлгоод гадаа гарсан. Би надаас санаа зовоод гадаа утсаар ярьж байна гэж ойлгоод араас нь гараагүй бөгөөд орж ирэхгүй байхаар нь араас гарахад тэр залуу байхгүй алга болсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36х/, гэрч Г.Дамчаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...3, 4 дүгээр хороолол ахуйн үйлчилгээний урд талын автобусны ард байх үйлчилгээний газруудын хажууд байсан нэрийг нь мэдэхгүй барьцаалдан зээлдүүлэх газраас дээрхи загварын гар утсыг 320.000 төгрөгөөр худалдан гэсэн байхаар нь би ярилцаж байгаад 295.000 төгрөгөөр худалдан авсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17х/, яллагдагч А.Баяртулгын мэдүүлэг /хх-ийн 43х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч А.Баяртулгыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч А.Баяртулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул А.Бд торгох ял оногдуулж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Аргалжин овогт Алтангэрэлийн Баяртулгыг бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Баяртулгыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.БАТГЭРЭЛ