Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/244

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Ж.Энхжаргал, 

шүүгдэгч Ж.А- түүний өмгөөлөгч Т.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан  Ж.А-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010125 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 29 настай, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, Баталгаат засвар кузов засварын газарт засварчин, ам бүл 4,  эхнэр, 2 хүүхдийн хамт  Улаанбаатар хот Багануур дүүрэг ... дүгээр хороо ... гудамж ...  тоотод  оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... байр ... тоотод оршин суух Ж.А-

 

Шүүгдэгч Ж.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баталгаат кузов засварын газраас нийт 20.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоyota kluger маркийн 55-01 УБЛ улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч Д.Батболдын зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн хугацаанд Тoyota kluger  маркийн 55-01 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны  хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.7 а, 13.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Адъяахүүг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Д.Батболдод нийт 1.123.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ж.А- мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 26-нд Т.Kluger  маркийн 55-01 УБЛ автомашины будгийг авах зорилгоор унаж явсан. Тэргэл төвийн урд талын замын 2 дугаар эгнээгээр явж байхад зам түгжрэлтэй байсан. 3 дугаар эгнээний машин явахаар нь 3 дугаар эгнээ рүү ороход 2 дугаар эгнээнд явж байсан машин тоормос гиишгэсэн. Би замын брожуртай талд явж байсан болохоор зогсохгүй байсан. Тэгээд 2 эмэгтэйг мөргөсөн. Нэгийг нь толиороо шүргээд нэгийг нь гуперны урд талын булангаар мөргөсөн. Би Гэмтлийн эмнэлэг ойрхон байсан учраас зам дээр унасан хүүхдийг Гэмтлийн эмнэлэг рүү үүрээд явъя гэхэд тэр хавьд байсан зорчигч нар явуулаагүй. Би түүнийг замаас гаргаад түргэн тусламж дуудах гэтэл түргэн тусламж дуудсан байсан. Тухайн үед Т.Kluger  маркийн машин хар өнгийн будагтай байсан бөгөөд өнгийг их биеэр нь гаргах ёстой гэсэн учраас автомашиныг унаж явсан. Тэр үед Цогоо гэх залуу манай ажилд орсон бөгөөд уг машиныг унуулаад явах гэхээр сайн танихгүй учраас өгч явуулж болохгүй байсан. Би тухайн өдрийн орой нь машиныг будаж хүлээлгэн өгөхөөр эзэнтэй нь ярьсан байсан” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 5-10 дугаар хуудас/

 

Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл. /хэргийн 15 дугаар хуудас/

 

Хохирогч Л.Адъяахүүгийн “Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчим хичээлээ тарж найз Солонгоогийн хамт Модны хоёроос гэртээ харихаар “БМЗ” чиглэлийн автобусанд сууж хорооллын эцэст бид хоёр буусан юм.

 ...Солонгоо хойд талд нэг алхамын зайтай явган хүний гарцаар алхаж байтал ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй замын гуравдугаар эгнээнд явж байсан автомашин маш хурдтай ирж Солонгоог шүргэж миний зүүн хөлийн гуя хэсэг рүү хүчтэй мөргөж би агаарт шидэгдэж унахдаа гарцнаас зүүн тийш 20 орчим метрийн зайтай зам дээр унасан. Тэгээд би босох гэтэл баруун хөл өвдөгнөөс доош ямарч мэдээгүй болсон байсан. ...Би зам хөндлөн гарахдаа явган хүний гарцтай газраар гарч явсан. ... Ослын дараа харахад  Т.Kluger  маркийн 55-01 УБЛ улсын дугаартай хар өнгийн автомашин мөргөсөн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн хүндэвтэр зэргийн дүгнэлт гарсан. Би эмчилгээндээ баримтаар 385.220 төгрөг, мөн хөлөө хадуулахад 500.000 төгрөг нийт 885.220 төгрөг зарцуулсан. Жолооч Амарбаясгалан 1.500.000 төгрөг өгч миний хохирлыг төлж өгсөн. Баримт нь жолоочид өөрт нь байгаа. ... Надад гомдол санал байхгүй. Цаашид гарах хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

Хохирогч Д.Батболдын “... Би өөрийн эзэмшлийн Toyota kluger маркийн 55-01 УБЛ улсын дугаартай автомашиныг Ж.А- гэх хүнд унах зөвшөөрөл өгөөгүй. Харин янзлуулахаар Баталгаат засварын газарт өгсөн. ... Эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэсэн. Мөн миний автомашиныг унаж яваад осол гаргасан жолооч Амарбаясгалан нь автомашиныг бүрэн завсарлаж хохиролгүй болгож өгсөн. Иймд автомашинтай холбоотой санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Гэрч Ю.Цогтбаярын “Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ГССҮТ-ийн урд баталгаат кузов засварын газарт ажлаа хийж байгаад хамт ажилладаг Амарбаясгалангийн хамт оройн 18 цагийн орчим автомашины будаг авахаар засварын газарт автомашинаа янзлуулахаар өгсөн Т.Kluger маркийн хар өнгийн дунд гарын жийп автомашиныг эзэнд нь хэлэлгүйгээр Амарбаясгалан жолоодоод би хажууд нь суугаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй ГССҮТ-ийн хойд зам буюу Тэргэл төвийн замд гуравдугаар эгнээгээр ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтай явж байгаад явган хүний гарцаар гарч явсан хоёр эмэгтэйн нэгийг шүргэж нэгийн мөргөж унагаад зогссон. Тэгээд жолооч бид хоёр хоёулаа сандраад буугаад иртэл тэнд байсан хүмүүс түргэн тусламж цагдаа дуудсан байсан. Бид хоёр хохирогч эмэгтэй дээр очиж хохирогчийг зорчих хэсгээс өргөж гаргасан. ...Би ослыг нүдээрээ харсан. Тухайн үед би жолоочид наана чинь хүн гээд хэлж амжилгүй л осол болсон. ...Би явган зорчигч нарыг 1 метр орчмын зайнаас харсан. ...Явган зорчигч нар нь явган хүний гарцаар гарч байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34-35 дугаар хуудас/

 

Гэрч Р.Энхбаясгалангийн “Би 2018 оны  01 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн орчим цэцэрлэгээс хүүхэд авахаар ГССҮТ-ийн хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй автобусны урд талын цонхоор урагш хараад зорчиж явсан юм. Тэр үед нүдэн дээр хар юм хийсээд ирэх шиг болсон. Юу болов гээд хартал замын гуравдугаар эгнээнд нэг эмэгтэй хүүхэд автомашинд мөргүүлээд унасан. Би автобуснаас буугаад хохирогч дээр очтол жолооч нь согтуу залуу хохирогчийг ГССҮТ-рүү авч явна гээд замаас гаргачихсан байж байсан. Мөн хохирогчийн хажууд хамт явж байсан найз нь гээд нэг охин байсан. Би түүнээс түргэн дуудсан уу гэж асуухад дуудаагүй гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 99192963 дугаартай гар утсаар түргэн тусламжийн 103 болон цагдаагийн 102-д тус тус дуудлага өгсөн. Би тухайн үед яарч байсан болохоор дуудлага өгчихөөд хүүхэд рүүгээ шууд явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/

 

Гэрч Т.Алтангэрэлийн “...явган хүний гарцаар гарах гээд зогсож байтал хажууд зүүн гар талд хоёр эмэгтэй цуг зам хөндлөн гарах гээд зогссон. Тэгээд бид гурав зам хөндлөн гарах үед хоёрдугаар эгнээнд явж байсан автомашин зам тавьж өгсөн. Тэгээд цааш алхаж явтал хоёрдугаар эгнээний автомашины ард явж байсан автомашины жолооч нийлээд хурдтай гуравдугаар эгнээ рүү шилжин орж зүүн гар талд алхаж байсан эмэгтэйг хүчтэй мөргөж, нөгөө эмэгтэй цааш шидэгдэж газар унасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Солонгын “...Би найзтайгаа хамт зам хөндлөн гарахдаа явган хүний гарцтай газраар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байсан автомашинуудыг харж байгаад автомашин байхгүй байсан болохоор гарсан юм. Нэг мэдсэн бид хоёр автомашинд мөргүүлээд унасан байсан. ...Би ослын улмаас зүүн гарандаа зөөлөн эдийн гэмтэл авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2094 дугаартай:

“1. Л.Адъяахүүгийн биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун, зүүн гуя,  шилбэний зөөлөн эдийн няцралт, цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 48 дугаар хуудас/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх. /хэргийн 52-62 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1591 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Амарбаясгалан” гэж хаягласан 4 мл орчим цусыг хуруу шилэнд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Амарбаясгалан гэж хаягласан цусанд 2,7 промилли спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 2,7 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 65 дугаар хуудас/

 

Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвийн “Жаргалсайхан Амарбаясгалан, үнэмлэхний дугаар 764388, эрх хасагдсан” гэсэн баримт.

 

Ашид Билгүүн ХХКомпанийн Автомашины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 84-85 дугаар хуудас/

 

Замын Цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №140 дугаартай:

“1. Т.Клугер маркийн 55-01 УБЛ дугаартай автомашиныг жолоодож явсан Ж.А- нь МУ-ын ЗХД-ийн 2.1 дэх заалт Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна, а/тухайн тээврийн хэрэгслий ангилалд тохирох МУ-ын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан баруун тоормосны мөр гэх 13,7 метр мөр нь дугуйн даралтын ором мөр байх боломжтой тул Т.Клугер маркийн 55-01 УБЛ улсын дугаатай автомашины хурдыг тодорхойлох боломжгүй. /Уг автомашин нь стандартын шаардлага хангах, бүрэн ажиллагаатай, АВS тоормосны системтэй/

3. Явган зорчигч Лхагвасүрэнгийн Адьяах үү нь ЗХД-ийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн  дүгнэлт. /хэргийн 90 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Ж.А-гийн яллагдагчаар өгсөн “... Би ГССҮТ-ийн урд дунд замын хойд талд байрлалтай Баталгаат кузов засварын газарт сэв замаскны ажил хувиараа хийдэг юм. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө ажил дээрээ байж байтал 11 цагийн орчим зүс таних найз Гомбоо ажил дээр ирсэн. Бид хоёр хамт автомашины сэв замаск янзалж байгаад өдөр 15 цагийн орчим дэлгүүрээс нэг шил 500 граммын Хараа нэртэй архи авч хувааж уусан. Архиа хувааж ууж дуусаад Гомбоо явлаа гэж хэлээд явсан. Харин би орой 18 цагийн орчим янзлуулахаар засварт өгсөн иргэн Батболдын эзэмшлийн Т.Клугер маркийн 55-01 УБЛ улсын дугаартай  автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч жолоодон автомашины будагны газар орж будаг авахаар кабиндаа хамт ажилладаг Цогоотой ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй ГССҮТ-ийн хойд замаар замын гуравдугаар эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байтал хоёрдугаар эгнээнд явж байсан автомашины жолооч явган хүний гарцан дээр ирээд зогссон. Тэр үед ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явган хүний гарцаар явган зорчигч нар гарч явсан. Би явган зорчигч нарыг хараад тоормос гишгэтэл гулгаад зогсож чадалгүй явган зорчигч эмэгтэйг жолооч талын толь хэсгээр мөргөөд зогссон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Баталгаат кузов засварын газраас нийт 20.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоyota kluger маркийн 55-01 УБЛ улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч Д.Батболдын зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн хугацаанд Тoyota kluger  маркийн 55-01 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны  хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.7 а, 13.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Адъяахүүг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Д.Батболдод нийт 1.123.000 төгрөгийн хохирол учруулсан нь Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, Замын Цагдаагийн албаны дүгнэлтээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.

Хэрэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, шүүгдэгч Э.Амарбаясгалангийн гэмт хэрэг үйлдээгүй болон гэмт хэргийн шинжгүй үйлдэл хийсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Д.Батболдын “...гомдлыг бүрэн барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Санал гомдол байхгүй” гэсэн хүсэлт, /хэргийн 29 дүгээр хуудас/ хохирогч Л.Адъяахүү “... Ж.А-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн эвлэрлийн гэрээ /хэргийн 127 дугаар хуудас/ хэрэгт хавсаргагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.А-г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн буруутайд,

автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2.  Ж.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар Ж.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар Ж.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар Ж.А-д тэнсэгдсэн хугацаанд  гэмт хэргийн хор уршигийг арилгах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.А- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

  7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  8. Хохирогч Л.Адъяахүү нь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.А-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  2 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнсэгдсэн хугацаанд  гэмт хэргийн хор уршигийг арилгах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.