Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 61

 

Б.Б, О.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

          прокурор Л.Соёмбо,

          шүүгдэгч Б.Б, О.М нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1877 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Соёмбын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Б.Б, О.М нарт холбогдох 1705 0109 20300 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 02-ны  өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ц овгийн Б-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжны 488 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........../;

 

2. Ш овгийн О-ны М, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сити их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжны 507 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  /РД:............/;

Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Заан тэр” хүнсний дэлгүүрийн гадаа Л.Б-ийг хажуугаар зөрж өнгөрөхдөө мөрлөлөө гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

О.М нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Заан тэр” хүнсний дэлгүүрийн гадаа Г.М-ыг хажуугаар зөрж өнгөрөхдөө мөрлөлөө гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, О.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” нь зүйтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд “Б.Б нь Л.Б-ийг хажуугаар зөрж өнгөрөхдөө мөрлөлөө” гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэжээ.

Гэтэл шүүх хуралдаанд хохирогч Л.Б- нь “... О.М гэх залуу барьж авч унагаагаад дээрээс цохиж байснаа хашаа руу босгож байгаад мөргөсөн, тэр үед миний хамар хугарсан” гэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх шаардлагатай байна.

Урьд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1130 дугаартай шүүгчийн захирамжаар энэ хэргийг прокурорт буцааж байжээ. Хэргийг буцаах болсон үндэслэлд “хохирогч Л.Б-ээс “надад учруулсан гэмтлийг О.М учруулсан” гэж мэдүүлж байх тул энэ талаар нэмж ажиллагаа явуулах шаардлагатай байна." гэсэн байна. Гэвч хэрэг прокурорт байх хугацаанд дээрх нөхцөл байдлын талаар ямар ч ажиллагаа хийгээгүй.

Энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” асуудалд хамаарч байна гэж үзэв.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх асуудлыг хэлэлцэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруутай ... холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасныг зөрчих үндэслэлтэй тул мөн зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүйгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, дээрх асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх нь зүйтэй.

Мөн Б.Б, О.М нарт холбогдох хэргийг урьд прокурорт буцааснаас хойш хийгдсэн ажиллагааны талаар хохирогч Л.Б-эд танилцуулаагүй, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийхдээ түүнийг ямар ч байдлаар оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан “... мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан.” гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Б.Б, О.М нарт холбогдох 1705 0109 20300 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Б, О.Мөнтүвшин нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Л.Соёмбо бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1877 дугаартай шүүгчийн захирамжийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянавал:

1. Хохирогч Л.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Б.Б нь намайг газар унасан байхад углааштай хөлөөрөө толгой руу өшиглөж байсан. ... хохирол өгсөн гэх 500.000 төгрөг нь хувийн эмнэлэгт эмчлэгдэхэд хүрэхгүй байгаад байгаа юм, тиймээс үлдэгдэл хамрын хагалгаанд орох 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. ... гэх мэдүүлэг өгсөн байдаг.

Мөн хохирогч Л.Б- нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч Л.Б-ийн өгсөн дээрх мэдүүлэг, 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан шинжээч эмчийн 13006 дугаартай Л.Б-эд учирсан гэмтлийн дүгнэлт, яллагдагч Б.Бийн “... Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна. ... Л.Б-ийн хамран тус газарт нэг удаа цохисон. ... Л.Б- хохирлын 2.500.000 төгрөг нэхэмжилж байсан. Би хохирлын мөнгө нийт 700.000 төгрөг өгсөн байгаа. ...” гэх мэдүүлэг, шинжээч эмч Т.Чимэд-Очирын “.. Дээрх гэмтэл нь нэг гэмтэл учраас салгах боломжгүй юм. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Өөрөөр хэлбэл, хамран тус газарт нэг удаа цохих үед үүснэ. ...” гэсэн мэдүүлэг зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн" болох нь мөрдөн шалгах ажиллагааны талаар бүрэн нотлогдсон, өөрөөр хэлбэл, эрүүгийн 1705 0109 20300 дугаартай О.М, Б.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн байхад дахин хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь ойлгомжгүй байна.

2. Урьд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1130 дугаартай шүүгчийн захирамжаар энэ хэргийг прокурорт буцаасан үндэслэлд “хохирогч Л.Б-ээс “надад учруулсан гэмтлийг О.М учруулсан” гэж мэдүүлсэн, мөн хохирогч Л.Б- нь бусдад бүлэглүүлж зодуулсан эсэхийг тогтоох нь зүйтэй гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байдаг ба хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, хохирогч нь бусдад бүлэглэж зодуулаагүй, харин нэг этгээдэд зодуулсан болох нь хохирогчийн өөрийн өгсөн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл, яллагдагч Б.Б нарын мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн” болохыг тогтоох талаар нэмж ажиллагаа явуулах шаардлагатай байна гэсэн нь ойлгомжгүй байна.

3. Эрүүгийн 1705 0109 20300 дугаартай О.М, Б.Б нарт холбогдох хэргийг урьд прокурорт буцааснаас хойш хийгдсэн ажиллагааны талаар хохирогч Л.Б-эд танилцуулаагүй, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийхдээ түүнийг ямар ч байдлаар оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан “мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан.” гэсэн нь мөн адил үндэслэлгүй юм.

Учир нь, хэргийн хохирогч Л.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 18-нд хэрэг шүүгчийн захирамжаар прокурорт буцсанаас хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад Цагдаагийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй, гар утас нь холбогдох боломжгүй, хөдөө орон нутагт ажилтай байна, очиж чадахгүй гэсэн байдлаар ханддаг байсан талаар мөрдөгчийн тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Мөн хохирогч Л.Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад заасан “... мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан.” гэсэн тухай гомдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн прокурор, шүүхийн шатанд гаргаагүй.

4. Эрүүгийн 1705 0109 20300 дугаартай О.М, Б.Б нарт холбогдох хэргийн гэм буруугийн хуралд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь, урьдчилсан хэлэлцүүлгээр бус анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б, О.М нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б, О.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлуудыг тогтоож чадаагүй бөгөөд уг асуудлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн материалыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд “Б.Б нь Л.Б-ийг хажуугаар зөрж өнгөрөхдөө мөрлөлөө” гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэжээ.

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Л.Б- нь “... О.М гэх залуу барьж авч унагаагаад дээрээс цохиж байснаа хашаа руу босгож байгаад мөргөсөн, тэр үед миний хамар хугарсан. ...” гэсэн мэдүүлэг өгсөн байх бөгөөд яллах дүгнэлтэд шүүгдэгч нар бие биеэ хэрхэн яаж зодсон талаар буюу хэргийн үйл баримтын талаар тодорхой дүгнээгүй байна. Иймд яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б, О.М нар нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хохирогч Л.Б-ийг хэн аль нь зодсон болохоо хүлээн мэдүүлсэн боловч Б.Б, О.М нарын хэнийх нь буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнээгүй байх тул шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан шалгаж дүгнэлт хийсний дараа гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1877 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Соёмбын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

                                ШҮҮГЧ                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ