Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 227

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

Хохирогч М.Баярт,

Шүүгдэгч  О.Мөнхтүшиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Одын Мөнхтүшигт холбогдох эрүүгийн 201619000435 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1991 оны 09 сарын 20-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “М-Си-Эс Проперти” ХХК-ийн маркетингийн албанд ажилладаг, ам бүл 1, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Белла Виста байр АОС-ны 16 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хөөрөгт овогт Одын Мөнхтүшиг /РД:УХ91092011/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

            Шүүгдэгч О.Мөнхтүшиг нь Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдог цогцолборт хохирогч М.Баяртыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч О.Мөнхтүшиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх удаа ийм зүйлд холбогдсон. Цаашид ийм үйлдэл гаргахгүй. Ийм үйлдэл гаргахгүй. Их гэмшиж байна гэв.

 

Хохирогч М.Баярт шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ....Би 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдог цогцолборт болсон “Хүннү мюзик фестваль” –н үеэр гаднаас хөгжмийн мэргэжилтнүүдэд хэлмэрч хийгээд тэр улсууд маань үйл ажиллагаандаа оролцоод би өөрийн машиндаа амраад сууж байхад миний машины хажуугаар гарсан нэг залуу машины толийг биеэрээ шүргээд машины толь хөдөлгөсөн ингээд би машинаас буугаад тэр залууд “ яаж байгаа юм бэ энэ толийг минь янзалж өг” гэж хэлсэн чинь тэр залуу “пизда минь чи хэн юм бэ” чи намайг хэн гэдгийг мэдэх үү” гээд томроод байсан. Тэгэхээр нь би хамгаалагч дуудах гээд утсаараа ярих гэтэл тэр залуу намайг цохиж миний гар утас газарт унаад утасаа авах гээд тонгойх үед миний толгой руу тэр залуу нь хөлөөрөө өшиглөөд хажууд нь явсан гэх залуу цохих гээд дайраад байсан. Ингээд би зугатаж цагдаа дээр очиж болсон асуудлыг хэлсэн. Тухайн үед миний гар утас газар унахад нөгөө залуу утас нь дээрээс дэвсээд миний дээрээс гар утсыг минь авч шидэж байсан. Сүүлд нь цагдаа нар ирсэний дараа би гар утсаа олж авсан. .... Би одоо Мөнхтүшигтэй эвлэрсэн тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-09 тал/, ..... Таарамжгүй харилцааны улмаас ийм зүйл гарсан. Цаашид найзууд байх талаар хүртэл ярилцсан. Гомдолгүй, хохирол төлбөр байхгүй гэв.

 

Гэрч Ц.Уранбилэг хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдог цогцолборт болсон “Хүннү мюзик фестваль” –н үеэр би өөрийн нөхөр М.Баяртын хамт гадаадаас ирсэн ДЖ нарын хамт уг үйл ажиллагаанд оролцоод манай нөхөр М.Баярт нь үйл ажиллагаа болж байх хугацаанд “машиндаа амарч байя” гэж хэлээд машин руугаа явсан байсан. Би нөгөө үйл ажиллагааг үзэж сонирхоод байж байхад Баярт ирээд “намайг машиндаа байж байхад хүн ирж машины толь гэмтээгээд тэгээд хэлсэн чинь тэр хүмүүст зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр энэ талаар цагдаад мэдэгдсэн. Тухайн үед М.Баяртын толгойн баруун талын шанаа нь зулгарч хавдсан байдалтай харагдаж байсан. Мөн гар утсыг нь газар авч шидээд дээрээс нь дэвссэн гэсэн. Манай нөхөр О.Мөнхтүшигтэй эвлэрсэн гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-1 1 тал/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-12 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн   2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8610 тоот актад:

1. М.Баяртын биед тархины доргилт, баруун чамархай, зулай, дагзны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-16 тал/,

 

- Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1128032 дугаар тодорхойлолт /хх-25 тал/,

 

            - О.Мөнхтүшигийг 2016 оны 06 сарын 22-ны өдөр сэжигтнээр /хх-22 тал/, 2016 оны 06 сарын 23-ны өдөр яллагдагчаар /хх-24 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

            -  О.Мөнхтүшигийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа  /хх-26 тал/,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Мөнхтүшиг нь Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин болдог цогцолборт хохирогч М.Баяртыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Баярт, гэрч Ц.Уранбилэг нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8610 дугаар акт, шүүгдэгч О.Мөнхтүшигийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч О.Мөнхтүшигийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч О.Мөнхтүшигт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирлын талаар:

            Хохирогч М.Баярт нь шүүгдэгч О.Мөнхтүшигтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.           

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч О.Мөнхтүшиг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

 

 

 

 

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хөөрөгт овогт Одын Мөнхтүшигийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн О.Мөнхтүшигт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Мөнхтүшиг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4.О.Мөнхтүшигт авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж О.Мөнхтүшигт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА