Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 123/ШШ2020/0021

 

 

 

 

                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Зоригтбаатар би “Э” ХХК-ийн Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Э” ХХК-ийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Б сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Б сумын Засаг даргад даалгах” гэсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг дарга Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дээрх тайлбарыг хүргүүлж байна. Тус сумын нутагт орших  Зараагийн тал нэртэй MV-018925 тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийгдсэн 2018 оны хайгуулын ажлын нөхөн сэргээлтийг тухайн жилдээ актаар хүлээлгэн өгөөгүй, мөн 2019 онд шүүхийн маргаантай байсан. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажлын хэсэг байгуулж газар дээр нь очиж шалган хүлээн авсан.

Тус сумын нутагт орших Зараагийн тал нэртэй  MV-018925 тоот тусгай зөвшөөрлийн талбайн 2020 онд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1%-ийг нь “Э” ХХК-д хүргүүлсэн болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Э” ХХК Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан  “Э” ХХК-ийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Б сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Б сумын Засаг даргад даалгах” гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-ийн “Э” ХХК-ийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Төв аймгийн Б сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанийн 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Төв аймгийн Б сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Б сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.  

3.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.ЗОРИГТБААТАР