Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2002

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2017/00303 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б.Ц.М.Ү” ХХК-д холбогдох

 

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 622 125 төгрөг, дутуу бодож олгосон цалин 33 855 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, хохиролд 604 047 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус компанид Хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын менежерийн албан тушаалд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 4 дүгээр сард ажил олгогч гүйцэтгэх захирал Э.Сайханбилэг нь үндэслэлгүй хууль ёс болон ёс зүйг илт зөрчсөн байдлаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн учраас хуулийн дагуу шүүхэд хандахад Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 394 тоот шийдвэр гарсан. Тус компани шүүхийн шийдвэрийг хүндэтгэж хуулийн дагуу сайн дураараа шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг тус шүүхэд гарган 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаартай гүйцэтгэх хуудас, 242 тоот шүүгчийн захирамж тус шүүхээс гаргасан. Тус гүйцэтгэх хуудсыг хүлээн авсны дараа 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт хандан 85 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, 88 дугаар шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулан хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон. Тус компанийн удирдлагууд Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан шаардлага удаа дараа тавьсны дагуу арга буюу тус компани түүний гүйцэтгэх захирал Э.Сайханбилэг Б.М-тай 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр №17/030 тоот хөдөлмөрийн гэрээ, мөн тухайн өдрийн огноо бүхий №17/035 тоот Б.М-ыг эгүүлэн томилох тухай тушаалыг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус тус гаргаж нэг хувийг надад өгсөн нь үнэн болно. Иймд "Б.Ц.М.Ү" ХХК-иас шүүхийн шийдвэр биелүүлээгүй буюу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх цалин хөлс 9 622 125 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 11 цаг өнгөрөөж ирсэн шалтгаанаар тухайн өдрийн цалингаас 3.8 цагийг дутуу бодож олгосон зөрүү 33 855 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн хэсгээс гүйцэтгэх ажиллагаа явуулж урамшууллын гэрээгээр олгосон 604 047 төгрөг, нийт 10 260 027 төгрөг гаргуулж, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өмнөх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдалд нэхэмжлэгч өөрөө давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн магадлалыг хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан. Энэ хугацаанаас хойш тоолж аль нэг тал гомдол гаргаагүй бол шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон гэж үзэх ёстой. Үүнээс харахад он дуустал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ хугацаанд нэхэмжлэгчийг хариуцагч байгууллага ирж ажилдаа орооч гэж хэлэх гээд утас руу нь залгаж мессеж хүртэл бичсэн. Өөрөөр хэлбэл, 2016 оны 9 дүгээр сард энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байсан. Нэхэмжлэгчийг ажилд нь оруулах гээд дуудахад ирэхгүй байсан. Нэхэмжлэгч өөрөө энэ ажилд ажиллах сонирхол байхгүй байсан. Энэ ажилдаа оронгуутаа ээлжийн амралтаа аваад ажлаасаа гарсан. Нэхэмжлэгч энэ хугацаанд ажлаа хийж чадаагүйд хариуцагч байгууллага буруугүй.

Дутуу бодож олгосон ажлын цагийн хөдөлмөрийн хөлсийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тухай баримтуудыг хэрэгт өгсөн. Нэгэнт дутуу ажилласан нь үнэн учраас ажилласан цагт нь цалин бодож олгох нь зүйд нийцнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн зардал гэж нэхэмжилсэн. Энэ мөнгийг төлсөн баримт хэрэгт байхгүй байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр төлөгдөх ёстой мөнгөнөөс 5 сая гаран төгрөг үлдсэн байсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансаар дамжуулан төлсөн. Хариуцагч байгууллага нийт 4 удаа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон мөнгийг төлж байсан. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг 2016 онд багтаан төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.М-ын ажилгүй байсан хугацааны /2016.09.16-2017.03.27 хүртэл/ дундаж цалин хөлс 9 994 860 төгрөгийг хариуцагч "Б.Ц.М.Ү" ХХК-иас гаргуулж, Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 637 902 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.М-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг "Б.Ц.М.Ү" ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 174 868 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан нь манай тал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсантай холбоотой бус харин Б.М ажил олгогчтой уулзахгүй, ажлын байранд ирэлгүй байж байгаад өөрөө шүүхэд хүсэлт гарган, албадан гүйцэтгүүлэх тухай шийдвэр гаргуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн байдаг. Шүүх хуралдаанд хариуцагч талаас ...2016 оны 9 дүгээр сард ажилд эгүүлэн тогтоох тухай анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш яагаад компани дээр ирэлгүй байж байгаад 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирсэн талаар нь нэхэмжлэгчээс асуухад "би Багануураас өөр газар амьдардаг" гэж тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 6 сарын хугацаанд компани дээр очоогүй, ажил олгогчтой уулзаагүй гэдгээ үгүйсгээгүй. Талууд харилцан тохиролцож, зөвшөөрсний үндсэн дээр байгуулдаг хөдөлмөрийн гэрээг нэг тал нь ажиллах сонирхолгүй ирэхгүй байхад гэрээ байгуулаагүй, ажиллуулаагүй байна хэмээн ажил олгогчийг дангаар буруутган ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэрлэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажилдаа орохыг урьж, дуудсан тухайгаа нотлох зорилгоор Мобиком корпорациас хариуцагч байгууллага болон түүний ажилтны эзэмшилд байсан 99025976, 94909089 дугаарууд болон нэхэмжлэгчийн эзэмшиж байсан одоо ч эзэмшиж байгаа 99753883 дугаарын орох гарах яриа дуудлага болон мессежны 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны лавлагаа, жагсаалтыг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хангахаас татгалзсан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэдгийг нотлох боломжийг хариуцагч талд олгоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Б.М нь өөрийг нь ажилд нь эгүүлэн тогтоох тухай Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал талуудад 2016 оны 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр хүргэгдсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжит хугацаа нэхэмжлэгчээс өөрөөс нь хамаарч 2016 он дуустал сунжирсан болохыг анхаарч тооцолгүй анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаap сард бус 2016 оны 4 дүгээр сард ажлаас халагдсан байдаг. Ажлаас халагдахын өмнөх буюу 4 дүгээр сараас 3 сараар ухраан тооцож бодвол цалин нөхөн олговрын нийт зөрүү шүүхийн шийдвэрт дурдсанаас 372 870 төгрөгөөр багасна.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 9 622 125 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан атал шүүх түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс 9 994 860 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэхэмжилж байгаа олговроос илүү хэмжээгээр хариуцагчаас төлбөр гаргуулж байгаа байдал нь шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Б.Ц.М.Ү” ХХК-д холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 622 125 төгрөг, дутуу бодож олгосон цалин 33 855 төгрөг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, шийдвэр гүйцэтгэлийн хэсгээс гүйцэтгэх ажиллагаа явуулж, урамшууллын гэрээгээр төлсөн 604 047 төгрөг тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 394 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1865 дугаар магадлалаар нэхэмжлэгч Б.М-ыг “Б.Ц.М.Ү” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.                                                      /хх11-13,16-18 дугаар тал/

 

Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан ба ажил олгогч нь ажилтантай 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртлэх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор шаардах эрхтэй  талаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, ажилтны дундаж цалин хөлсийг зөв тодорхойлж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажлын 135 хоногт олговорт 9 994 860 төгрөгийг хариуцагч “Б.Ц.М.Ү” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын дундаж цалин хөлс тодорхойлох журамтай нийцсэн тул энэ талаар гаргасан  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11.50 цагт ажилдаа очсон болох нь ажилчдын ирцийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.8 цагт ногдох цалинг дутуу бодож олгосон 33 855 төгрөгийг гаргуулах хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж урамшууллын гэрээгээр төлсөн 604 047 төгрөгийг хохиролд тооцож гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй тул шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

 

Хариуцагч нь ажилд эгүүлэн тогтоосныг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх тайлбараа нотлохоор үүрэн телефоны операторын үйл ажиллагаа эрхэлдэг компаниас лавлагаа гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүй, боломж олгоогүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь дээрх үйл баримтыг хариуцагч нь өөр нотлогооны хэрэгслээр нотлох боломжтой тул анхан шатны шүүх хариуцагчийн дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2017/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 867 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ