Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00382

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч   О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1954 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 63 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ариутгалын автоклафчин мэргэжилтэй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, 6а-5-5 тоотод оршин суух Залман овогт Авирын Нансалмаа /РД:ГЮ54081766/-ын нэхэмжлэлтэй,

 Д.Итгэлтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00402/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Нансалмаа, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие талийгаач Д.Итгэлтэй 2000 оноос танилцан хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Миний нөхөр Д.Итгэл нь албан ёсоор гэрлээгүй, үр хүүхэдгүй, ганц бие хүн байсан. Ажлаа хийж байгаад өвчний улмаас 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан. Иймээс Д.Итгэлтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Нансалмаа нь Д.Итгэлтэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

А.Нансалмаа нь Д.Итгэлтэй 2000 оноос хамт амьдарч эхэлсэн бөгөөд Д.Итгэл нь 2014 оны 04 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар,

гэрч Д.Долгормаагийн өгсөн “...Нансалмаа нь 2000 оноос эхлэн Д.Итгэлтэй хамтран амьдарсан. Талийгаач Д.Итгэл нь эмнэлэгт манаачийн ажил хийдэг, А.Нансалмаа нь ариутгалын эрхлэгчээр ажилладаг байсан бөгөөд хамт ажиллаж байхдаа танилцаж , хамтран амьдрах болсон. А.Нансалмаа нь шинэ хороонд амьдарч байгаад Д.Итгэлтэй хамтран амьдарч эхлээд 6 дугаар баг руу нүүж явсан. Их сайхан амьдарч байсан. Д.Итгэл нь эхнэр, хүүхэдгүй ганц бие хүн байсан. Залуу хүмүүс биш байсан учраас гэрлэлтээ батлуулаагүй байх. Талийгаач Д.Итгэл нь өвчний уулмаас 2014 оны хавар нас барсан юм..” гэх мэдүүлэг,

гэрч Б.Оюунчимэгийн өгсөн “...А.Нансалмаа нь Д.Итгэлтэй 2000 оноос хойш хамтран амьдарсан. Нэгдсэн эмнэлэгт хамт ажилдаг, эвтэй сайхан гэр бүл байсан. А.Нансалмаа нь 2 хүүхэдтэй харин Д.Итгэлийн хувьд өмнө гэр бүл, хүүхэдгүй ганц бие хүн байсан юм. Д.Итгэл нь 2014 оны хавар элэгний хорт хадврын улмаас нас барсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд  А.Нансалмааг Д.Итгэлтэй 2000 оноос 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг  тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Залман овогт Авирын Нансалмаа нь Модныхон овогт Дугарсүрэнгийн Итгэлтэй 2000 оны оноос 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               О.ОДОНЧИМЭГ