| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0410/и |
| Дугаар | 455 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 455
2017 оны 09 сарын 07 өдөр Дугаар 129/ШШ2017/0455 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Хангай сумын Тэрх багт оршин суух Сэрээтэр овгийн Лхасүрэнгийн Бямба-Эрдэнэ /РД:АЙ62021217/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Бямба-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хүсэлт гаргагч Л.Бямба-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Л.Бямба-Эрдэнэ миний бие тус шүүхэд Архангай аймгийн Хангай сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сар хүртэл, Ардын зориг ХК-д 1992 оны 07 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Архивын лавлагаа бусад нотлох баримтуудыг үндэслэн би нэхэмжлэлийнхээ шаардлагыг Архангай аймгийн Хангай сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл, Ардын зориг ХК-д 1991 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор өөрчилж байна.
Мөн миний бие эрүүл мэндийн улмаас Улаанбаатар хотод хэвтэж эмчлүүлж байгаа тул тус байдлыг харгалзан үзэж намайг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Бямба-Эрдэнэ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Лхасүрэнгийн Бямба-Эрдэнэ гэсэн бичилттэй 1980 оны 06 сарын 30-ны өдрийн 21128 дугаар тракторч машинчийн үнэмлэхэд:
2. Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 425 тоот Лхасүрэнгийн Бямба-Эрдэнийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт:
3. Архангай аймгийн Хангай сумын ХАА-н Ардын зориг нэгдлийн даргын 1985 оны 12 сарын 15-ны өдрийн 92 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1. Нэр бүхий ажилтан ажилчдад хавсралт ёсоор ээлжийн амралт олгосугай. Хавсралтад: Л.Бямба-Эрдэнэ тракторын жолооч, үндсэн амралт 15 хоног, амрах бүгд ажлын өдөр 26 хоног гэсэн,
4. Архангай аймгийн Хангай сумын ХАА-н Ардын зориг нэгдлийн даргын 1986 оны 09 сарын 15-ны өдрийн 88 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1. Нэр бүхий ажилтан ажилчдад хавсралт ёсоор ээлжийн амралт олгосугай. Хавсралтын 19-рт: Л.Бямба-Эрдэнэ тракторын жолооч, үндсэн амралт 15 хоног, амрах бүгд ажлын өдөр 26 хоног гэсэн,
5. Архангай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 05 сарын 09-ны өдрийн 409 тоот архивын лавлагаанд: Тус аймгийн Хангай суманд үйл ажиллагаа явуулж байсан Ардын зориг ХК нь 1991 оноос 1994 онд нийгмийн даатгалын шимтгэлийг 13.5 хувиар төлж байсан баримт нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно. Лавлагаа авсан Лхасүрэнгийн Бямба-Эрдэнэ гэсэн,
6. Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 10/118 тоот тодорхойлолтонд: Тус аймгийн Хангай сумын Тэрх багийн Сэрээтэр овогт Лхасүрэнгийн Бямба-Эрдэнэ /АЙ620212147/ нь цэргийн алба хаагаагүй болохыг тодорхойлов гэсэн,
7. Гэрч Д.Батсүхийн шүүхэд өгсөн “Би 1956 онд Архангай аймгийн Хангай суманд төрсөн. Миний бие 1975 онд тракторын жолоочоор төгсөж ирээд Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд тракторын жолоочоор 1992 оны 11 сар хүртэл ажиллаад 1992 оны 11 сараас Ардын зориг нэгдэл нь Ардын зориг ХК болсон. Би тус Ардын зориг хувьцаат компанид тракторын жолоочоор үргэлжлүүлэн 1994 оны 12 сарыг хүртэл ажилласан. 1981 онд Хангай сумын Ардын зориг нэгдэлд Лхасүрэнгийн Бямба-Эрдэнэ нь тракторын жолоочийн мэргэжил эзэмшин ирж Хангай сумын Ардын зориг нэгдэлд тракторын жолоочоор 1992 оны 11 сар хүртэл ажлаад 1992 оныхоо 11 сараас 1994 оны 12 сарыг дуустал тус тус тракторын жолоочоор ажилласан. Манай нэгдэлд Доржпалам, Лхагвасүрэн, Л.Бямба-Эрдэнэ нар тракторын жолоочоор, Б.Батсүх механикчаар, Нэгдлийн даргаар Дашдэндэв, Цэрэндондог, Ардын зориг ХК-д Балжий нар ажиллаж байсан. Манай тракторын жолооч нар хадлан хадах, өвс айлаар тарааж өгөх, айл нүүлгэх, мод татах гэх мэт ажлуудыг хийдэг байлаа. Л.Бямба-Эрдэнэ нь даалгасан ажлыг цаг тухайд нь биелүүлдэг ажилсаг нэгэн. Одоо эхнэр хүүхдүүдийн хамт Хангай суманд амьдардаг. Би түүнтэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх,
8. Гэрч А.Баянмөнхийн шүүхэд өгсөн “Би 1967 онд Архангай аймгийн Хангай суманд төрсөн. Би 1984 онд токерчин мэргэжлээр төгсөж ирээд Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд токерчноор 1992 оны 11 сар хүртэл ажиллаад, 1992 оноос 11 сараас Хангай сумын эмнэлэгт нярваар одоог хүртэл хугацаанд ажиллаж байна. Намайг 8 жилийн дунд сургуулиа төгсөөд мэргэжил эзэмшихээр сургуульд явах гэж байхад Л.Бямба-Эрдэнэ нь 1981 онд Хангай сумын Ардын зориг нэгдэлд тракторын жолоочоор ажилд орсон. Би 1984 онд сургуулиа төгсөөд Хангай сумын Ардын зориг нэгдэлд токерчноор ажиллах болсон. Тухайн үед Доржпалам, Д.Батсүх, Лхагвасүрэн, Л.Бямба-Эрдэнэ нар тракторын жолоочоор, Б.Батсүх механикчаар, Нэгдлийн даргаар Дашдэндэв, Цэрэндондог нар ажиллаж байсан. Би тракторын жолооч нарт эвдэрсэн зүйлсийг нь гагнаж өгч нэгдэлд ажиллаж байсан. Нэгдэл тарсны дараа эмнэлэгт орж Л.Бямба-Эрдэнийн эхнэр Пагмасүрэнтэй 1992 оноос хойш одоог хүртэл хамт ажиллаж байгаа болохоор Л.Бямба-Эрдэнийн ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлгүүд зэрэг болно.
Хүсэлт гаргагч Л.Бямба-Эрдэнэ нь Архангай аймгийн Хангай сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл, Ардын зориг ХК-д 1991 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Л.Бямба-Эрдэнийн 1980 оны 06 сарын 30-ны өдрийн 21128 дугаар тракторч машинчий үнэмлэх, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 425 тоот цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Хангай сумын ХАА-н Ардын зориг нэгдлийн даргын 1985 оны 12 сарын 15-ны өдрийн 92 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Хангай сумын ХАА-н Ардын зориг нэгдлийн даргын 1986 оны 09 сарын 15-ны өдрийн 88 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 05 сарын 09-ны өдрийн 409 тоот архивын лавлагаа, гэрч Д.Батсүх, А.Баянмөнх нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Л.Бямба-Эрдэнийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сэрээтэр овгийн Лхасүрэнгийн Бямба-Эрдэнийг Архангай аймгийн Хангай сумын Хамтын зориг нэгдэлд 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл, Ардын зориг ХК-д 1991 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.Бямба-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.