| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0488/и |
| Дугаар | 424 |
| Огноо | 2017-08-08 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 424
| 2017 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 129/ШШ2017/00424 | Эрдэнэбулган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1961 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг 2-36 дугаар байрны 31 тоотод оршин суух Ширээт овогт Дамбийсүрэнжавын Жамъянгарав /РД:АЭ61061969/-ын хүсэлттэй,
Үрчлэлт хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Жамъянгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Жамъянгарав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.Жамъянгарав миний бие нь нөхөр Т.Мунасүхийн хамт 2009 оны 12 сарын 30-нд хүү Цэрэнтогтохыг өөрийн охин М.Даваасүрэн, хүргэн С.Энхтайван нараас үрчилж авсан. Миний нөхөр Мунасүх нь 2010 оны 05 сарын 22-нд нас барсан юм. Түүнээс хойш хүү Цэрэнтогтохын хамт амьдарч байгаа бөгөөд одоо миний биеийн байдал муу даралт ихсэж, зүрх өвддөг өөрөө хүний асаргаанд орсон тул хүү Цэрэнтогтохыг асарч халамжилж чадахгүй учир төрсөн эцэг эхэд нь буцааж өгөх хүсэлтэй байна. Энэ байдлыг харгалзан үзэж үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Даваасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Мунасүх овогтой Даваасүрэн миний бие нь 2006 онд хүү Цэрэнтогтохыг төрүүлсэн билээ. 2009 онд хүү Цэрэнтогтохыг өөрийн аав Г.Мунасүх, ээж Д.Жамъянгарав нарт үрчлүүлсэн юм. 2010 онд аав Г.Мунасүх нь өвчний учир нас барж хүү Цэрэн тогтох нь эмээ Д.Жамъянгаравын хамт одоог хүртэл амьдарч байгаа билээ. Одоогоор ээж Д.Жамъянгаравын биеийн байдал тааруу, байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул Цэрэнтогтохыг төрсөн аав С.Энхтайван, ээж М.Даваасүрэн нарт буцааж өгөх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Жамъянгарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн нөхөр Мунасүхийн хамт 2009 онд охин Даваасүрэнгийн хүү Цэрэнтогтохыг үрчилж авсан. Анх үрчилж авахдаа охиндоо ганц ч гэсэн хүүхдийг нь өсгөж тус болъё гэж бодож үрчилж авч байсан. 2010 оны 05 сарын 22-ны өдөр манай гэр бүлийн хүн бурхан болсон. Үүнээс хойш хүүгээрээ хань хийж байсан боловч одоо миний биеийн байдал тааруу, даралт ихсэж, зүрх өвддөг учир үрчлэлтийг хүчингүй болгуулж, хүү Цэрэнтогтохоо төрүүлсэн эцэг, эхийнх нь асрамжид өгөх хүсэлттэй байна. Би Цэрэнтогтохтой нийлээд хэдэн гурван хүүхэдтэй. Хүү Цэрэнтогтох тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Хүү Цэрэнтогтохыг төрүүлсэн эцэг, эхэд нь өгчихөөд яваандаа охиноо бараадах байх гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Жамъянгарав нь үрчлэлт хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Сумъяагийн Энхтайван, Мунасүхийн Даваасүрэн нараас 2006 оны 07 сарын 21-ний өдөр төрсөн хүү Цэрэнтогтохыг Гэндэнгийн Мунасүх, Дамбийсүрэнжавын Жамъянгарав нар үрчлэн авсныг 2009 оны 12 сарын 30-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон нь 0008634 үрчлэлтийн гэрчилгээний хуулбараар, үрчлэн авсан эцэг Гэндэнгийн Мунасүх нь 2010 оны 05 сарын 26-ны өдөр нас барсан болох нь 0000065628 нас баралтын гэрчилгээний хуулбар болон хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн тайлбараар тус тус тогтоогддог.
Хүсэлт гаргагч Д.Жамъянгаравын “... одоо миний биеийн байдал тааруу, даралт ихсэж, зүрх өвддөг учир үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна” гэх тайлбар нь Армөнгөн чагнуур өрхийн тодорхойлолтоор нотлогдож байх бөгөөд гуравдагч этгээд М.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Хүүхдийг цаашид өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох нөхцөлөөр хангах, хөгжүүлэх, хараа хяналт тавих зэрэг асуудлыг харгалзан үзэж хүсэлт гаргагч Д.Жамъянгаравын хүсэлтийг хангаж, 2006 оны 07 сарын 21-ний өдөр төрсөн хүү Цэрэнтогтохыг Хиад боржигон овогт Гэндэнгийн Мунасүх, Ширээт овогт Дамбийсүрэнжавын Жамъянгарав нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Цэрэнтогтохыг эцэг С.Энхтайван, төрүүлсэн эх М.Даваасүрэн нарын асрамжид шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Жамъянгаравын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Гуравдагч этгээд М.Даваасүрэнд 2017 оны 08 сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар үрчлүүлэгч М.Даваасүрэнгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, 145.6-д тус тус заасныг баримтлан үрчлүүлэгч Хөхүүр овогт Сумъяагийн Энхтайван, Хиад боржигон овогт Мунасүхийн Даваасүрэн нараас 2006 оны 07 сарын 21-ний өдөр төрсөн хүү Цэрэнтогтохыг үрчлэн авагч Хиад боржигон овогт Гэндэнгийн Мунасүх, Ширээт овогт Дамбийсүрэнжавын Жамъянгарав нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан 2006 оны 07 сарын 21-ний өдөр төрсөн хүү Цэрэнтогтохыг төрүүлсэн эцэг С.Энхтайван, төрүүлсэн эх М.Даваасүрэн нарын асрамжид шилжүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.