Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 421

 

 

 

 

 

    2017 оны 08 сарын 14 өдөр

        Дугаар 129/ШШ2017/00421

         Эрдэнэбулган сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багт оршин суух Боржигин овогт Самбуугийн Базарсад /РД:АА57100311/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Базарсад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Базарсад шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1973 оны 01-р сарын 03-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нярав, фермийн эрхлэгч, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч С.Базарсад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4 дүгээр анги төгссөн. 16 настайдаа нэгдлийн гишүүн болж, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд 1973 оны 01 сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд нярав, фермийн эрхлэгч, малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Би нэгдэлд төлөг, сувай хонь, эм хонь хариулдаг байсан. Би мал маллаж байгаад хөлөө гэмтээсэн учир цэргийн алба хаагаагүй. Миний ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гарахгүй байгаа учир нийгмийн даатгалын байцаагч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гэсэн. Иймд миний дээрх хугацаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Базарсад нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

1. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1977 оны 01 сарын 12-ны өдрийн 1 дугаартай “1977 онд мөрдөх мал аж ахуйн ашиг шимийн нэгж батлах тухай” тогтоолд: 1.1977 онд мөрдөх нэг малаас ашиглах малын ноос, сүү, 100 эхээс бойжуулах төлийн тоог хавсралт ёсоор баталсугай гэсэн,

2. Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 4-р сарын 7-ны өдрийн хурлаар батлав гэсэн Үхэр сүргийг онд оруулах болзолд: Шинэ-Ус, Баян-Уул бригалын үхэрчин ... Базарсад нарын хариуцан маллаж байгаа шүдлэн үхэр турж зутран онд орох найдвар муутай болсон учир онд оруулах зорилгоор суурьт тараан маллуулж доорхи болзол зарлаж байна гэсэн,

3. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1978 оны 01 сарын 30-ны өдрийн 08 дугаартай “1977 онд сүү-тосны тасаг, үнээн фермүүд, ажилчид, саальчдын дунд зарласан социалист уралдааныг жилийн эцсээр шалгаруулан шагнах тухай” тогтоолд: 3. Дэл бригадын Самбуугийн сүүний тасаг, сүү авалтыг 114,5 хувиар, цөцгий ашиглалтыг 105,5 хувиар, ээдэмцэрийн үйлдвэрлэлтийг 107,2 хувиар, 1 кг тосонд 01 литрээр буюу 620 литр сүү хэмнэж ажилласан учир социалист уралдаанд 2-р байр эзлүүлж, нэгдлийн зөвлөл, ҮЭ-ийн зөвлөлийн баярын бичиг, 100 төгрөгөөр шагнасугай. Хавсралтанд: Сүүний тасаг, С.Базарсад, эзлэх байр-2, олгох шагнал-баярын бичиг, материалын-75 гэсэн,

4. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1979 оны 01 сарын 17-ны өдрийн 01 дугаартай “Малчин өрхийг радио хүлээн авагчтай болгох арга хэмжээний тухай” тогтоолд: 1. Малчдыг радиогоор хангахын тулд одоо радио хүлээн авагчгүй байгаа 172 өрхийн 104 өрхөд бэлэн ба нэг жилийн, 51 өрхөд 2 жилийн хугацаатай зээл үнээр радио өгсүгэй. Хавсралтанд: Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн малчин гишүүдийн радионы судалгааны нэрсийн жагсаалтанд С.Базарсад, Улаанчулуу бригад, 1 радиотой, үүнээс ажилтай-1, зайгүй-1 гэсэн,

5. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 10 сарын 20-ны өдрийн 67 дугаартай “Хүмүүсүүд шагнах тухай” тогтоолд: 1. Суманд явагдсан иргэний хамгаалалтын сургуулиар мал өвөлжилтийн бэлтгэлийг хангах малын төрөл бүрийн тэжээл бэлтгэл ажилд идэвх зүтгэлтэй ажилласан 30 хүнийг баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтанд: Самбуугийн Базарсад, Улаан чулуу бригад малчин гэсэн,

6. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 05 сарын 11-ний өдрийн 36 дугаартай “1981 оны тасаг заводын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний тухай” тогтоолд: 1. Завод, тасгийн бэлтгэл ажлыг хангах, нүүдэллэх график ажилчдыг 1, 2-р хавсралтаар баталсугай. Хавсралтанд: Бригадын нэр-Улаан чулуу, Сүү ээдэмцэрийн тасаг-1, Базарсад, албан тушаал-эрхлэгч гэсэн,

7. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 07 сарын 02-ны өдрийн 64 дугаартай “Алтан медальтан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн зарим хүмүүсийг шагнах тухай” тогтоолд: Нэр дурьдсан малчин, ажилчид болон чанарын 1-р ангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шууд оролцож байгаа мэргэжилтэн нарыг сумын ҮЭ-ийн байгууллагын зөвшөөрсний дагуу 115 хүнд 9886 төгрөгийн шагналыг олгосугай. Хавсралтанд: С.Базарсад, хулдаас-2 м, үнэ-11=20, 22-ын торго-3 м, үнэ-66, олгосон шагналын дүн-77=20 гэсэн,

8. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 02 сарын 09-ний өдрийн 10 дугаартай “Болзол дүгнэх тухай” тогтоолд: 1. Мал онд оруулах ажилд зарласан социалист уралдааныг биелүүлсэн суурьт доорхи шагналыг олгосугай. а/ Оны эхний малаа хорогдолгүй онд оруулсан 9-н суурьт нэг бүрийг “Энх сүрэгтэн” диплом 600 төгрөг бүгд 5400 төгрөг, б/ Оны эхний малаа хорогдолгүй онд оруулсан 19 суурь нэг бүрийг диплом 150-300 төгрөг, бүгд 5850 төгрөгийг 1-р хавсралтаар олгох. Хавсралтанд: Базарсад, Улаанчулуу бригад гэсэн,

9. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 04 сарын 30-ны өдрийн 47 дугаартай “Мал дутагдуулсан хүмүүсийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх тухай” тогтоолд: 1. 1985 оны 1-р улиралд 4-р сард малчны ажиллагааны дутагдалтайгаас үхүүлж хорогдуулсан 155 толгой малыг 45 малчнаар 23290 төгрөг 00 мөнгөөр төлүүлэхээр 1-р хавсралтаар баталсугай. Хавсралтанд: С.Базарсад, төлөг I-ийн 150 төгрөг, борлон I-ийн 80 төгрөг гэсэн,

10. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 07 сарын 10-ны өдрийн 69 дугаартай “Болзол дүгнэх тухай” тогтоолд: 1. Том мал онд оруулах талаар давуу амжилт гаргасан сууриудыг шалгаруулан шагнаж байх уралдааны болзол биелүүлсэн 31 суурийн малчдыг нийт 16350 төгрөгөөр шагнасугай. Хавсралтанд: Суурийн ахлагч-Ё.Энэбиш, туслах малчны нэрст-С.Базарсад, бригад-Улаан чулуу, малын төрөл-эм хонь гэсэн,

11. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 05 сарын 30-ны өдрийн 45 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолд: 1. ХАА-н нэгдлийн нийгмийн даатгалд хамрагдаагүй гишүүдэд олгох ээлжийн амралтын ХАА-н нэгдлийн Холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан заавар бригадын зөвлөлүүдээс мөрдүүлсэн санал, сум бригадад байнга зохиогддог цаг үеийн ажилтай зохицуулан боловсруулсан жагсаалтыг хэлэлцээд 1-р хавсралтаар баталсугай. Хавсралтанд: С.Базарсад, Улаан чулуу бригад, амрах хоног-15, эрхэлсэн ажил-хоньчин, бригадын санал-V сар, тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн нь-V сар, мөнгийг нь өгөх-I гэсэн,

12. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 05 сарын 30-ны өдрийн 45 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолд: 2. Төл бойжуулах талаар уралдааны болзол биелүүлсэн адууны-6, эм хонь ямааны-13, бүгд-19 суурийг шалгаруулан 13800 төгрөгөөр шагнасугай. Хавсралтанд: Суурийн ахлагчийн нэрс-Б.Жамбалдорж, туслах малчин-С.Базарсад, малын төрөл-эм хонь, оны эхний эх мал-674, гарсан төл-632, хорсон төл-25, бойжсон төл-607, 100 эхээс бойжуулсан төл-96.0, олгох шагнал-600 төг гэсэн,

13. Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 07 сарын 10-ны өдрийн 20 дугаартай “Шагнах тухай” тогтоолд: 1. Ардын хувьсгалын 70 жилийн ой угтсан ажилд хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан нэр бүхий 32 малчид, техникчид, ажилчдыг шагнаж урамшуулсугай. Хавсралтанд: Улаан чулуу бригад, С.Базарсад, Дээлийн эмжээр хошуу-1, үнэ-60 гэсэн,

14. 1-р бригадын 1973 оны цалингийн цэсэнд: С.Базарсад, үндсэн хөлс 2 сар-30, 4 сар-184=80, 6 сар-180, 9 сар-61=41, 12 сар-107=50 гэсэн,

15. Самбуу овогтой Базарсадын Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа 1973 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 396 тоот цалингийн тодорхойлолт,

16. Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөл, ҮЭ-ийн зөвлөлийн баярын бичиг,

17. МЗНН-ийн Архангай аймгийн зөвлөлөөс хүсэлт гаргагч С.Базарсадыг шагнасан 1988 оны 12 сарын 10-ны өдрийн диплом,

18. С.Базарсадын 1981 оны 05 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

19. С.Базарсадын хөдөлмөрийн дэвтэр,

20. Самбуу овогтой Базарсад /АА57100311/ нь цэргийн жинхэнэ албанд 1975 онд цэрэгт татагдан эрүүл мэндийн үзлэгээр Н-40 оношоор цэргийн албанаас эрүүл мэндээр бүр мөсөн чөлөөлөгдсөн нь үнэн болно гэсэн Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын даргын 2017 оны 08 сарын 10-ны өдрийн 10/135 тоот тодорхойлолт зэрэг болно.

Хүсэлт гаргагч С.Базарсад нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1973 оны 01-р сарын 03-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд бригадын нярав, фермийн эрхлэгч, малчнаар ажиллаж байсан болох нь Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 4-р сарын 7-ны өдрийн хурлаар батлав гэсэн Үхэр сүргийг онд оруулах болзол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1978 оны 01 сарын 30-ны өдрийн 08 дугаар, 1979 оны 01 сарын 17-ны өдрийн 01 дугаар, 1980 оны 10 сарын 20-ны өдрийн 67 дугаар, 1981 оны 05 сарын 11-ний өдрийн 36 дугаар, 1983 оны 07 сарын 02-ны өдрийн 64 дугаар, 1984 оны 02 сарын 09-ний өдрийн 10 дугаар, 1985 оны 04 сарын 30-ны өдрийн 47 дугаар, 1986 оны 07 сарын 10-ны өдрийн 69 дугаар, 1987 оны 05 сарын 30-ны өдрийн 45 дугаар, 1991 оны 07 сарын 10-ны өдрийн 20 дугаартай тогтоол, 1973 оны 1-р бригадын цалингийн цэсэнд: С.Базарсад, Самбуу овогтой Базарсадын Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа 1973 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн 396 тоот цалингийн тодорхойлолт, МЗНН-ийн Архангай аймгийн зөвлөлийн 1988 оны 12 сарын 10-ны өдрийн диплом зэргээр нотлогдож байна.

Иймд Архангай аймгийн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1973 оны 01-р сарын 03-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд бригадын нярав, фермийн эрхлэгч, малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч С.Базарсадын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Базарсадын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1977 оны 01 сарын 12-ны өдрийн 1 дугаартай “1977 онд мөрдөх мал аж ахуйн ашиг шимийн нэгж батлах тухай” тогтоол, түүний хавсралтанд С.Базарсадтай холбоотой заалт байхгүй, Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөл, ҮЭ-ийн зөвлөлийн баярын бичигт С.Базарсадын нэр байхгүй тул 1977 оны 01 сарын 12-ны өдрийн 1 дугаартай тогтоол болон баярын бичгийг хүсэлт гаргагчид хамааралгүй баримт гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигин овогт Самбуугийн Базарсадыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1973 оны 01-р сарын 03-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд бригадын нярав, фермийн эрхлэгч, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Базарсадын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.