Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/464

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч Ш.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ц-д холбогдох 1803002260181 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн ...  дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш.Ц-,

 

Шүүгдэгч  Ш.Ц- нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өглөө 10 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун замд Toyota Corolla Fielter маркийн 54-89 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 54 настай эмэгтэй Д.Дэлгэрмааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ц- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Ц- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч Ш.Ц- нь Toyota Corolla Fielter маркийн 54-89 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 54 настай эмэгтэй Д.Дэлгэрмааг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 7-8 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл.  /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Дэлгэрмаагийн “... Уг туслах замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй нэг автомашин зогсож байсан. Би тэр зогсож байсан автомашины хамар талаар нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах гэтэл Гэмтлийн эмнэлгийн арын замаас ертөнцийн зүгээр баруун чиглэлтэй эргэсэн автомашин намайг ирээд мөргөчихсөн. Зүүн гар талаас мөргөж автомашины хамар дээр унасан. Миний зүүн хөл рүү мөргөж өвдөгний холбоос тасарч, тахилзуур ясных нь толгой цуурчихсан. Мөргөсөн автомашины жолооч намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Тэгээд тэнд байсан цагдаад хэлж буцаж мөргөсөн газартаа очиж хэргийн газрын үзлэг хийхэд хамт байлцсан. ... Автомашины жолооч намайг эмнэлэгт үзүүлэх, эмчилгээний зардлыг бүгдийг нь гаргаж нөхөр төлбөр гэж 3.000.000 төгрөг өгсөн. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3239 дугаартай актын:

“1. Д.Дэлгэрмаагийн биед зүүн шилбэний тахилзуур ясны толгой хэсгийн битүү хугарал, өвдөгний үений дотор холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 33 дугаар хуудас/

 

Замын Цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №226 дугаартай:

“1. Toyota Corolla Fielder маркийн 54-89 УНГ улсын дугаартай  тээврийн хэрэгслийн жолооч Шүрхүү овогтой Цэнгүүн нь МУ-ын ЗХД-ийн 7.7 “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид замаас гарахдаа явган зорчигч унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Дашмаа овогтой Дэлгэрмаа нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн  гэх үндэслэлгүй байна.

3. Тухайн зорчих хэсэг нь 5.16 тэмдэг болон явган хүний замтай осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын байгууламж нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 48-49 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Ш.Ц-ий яллагдагчаар өгсөн “... 5489 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ... зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад зүүнээсээ баруун чиглэлтэй туслах зам руу эргэх үедээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээн дээр тавьсан байсан автомашиныг тойрч гарах гэж байгаад зам хөндлөн гарч явсан эмэгтэйг мөргөчихсөн. Тухайн үед би 10-20 орчим км/цагийн  хурдтай явж байж байсан ба тухайн хүнийг  зүүн талаас нь мөргөж зүүн хөлний өвдгийн гэмтээсэн. ... Шууд тэр хүнийг гэмтлийн эмнэлэг авч явж, гэмтлийн эмнэлгийн үүдэнд байдаг цагдаад болсон явдлын талаар хэлсэн. ... Би болон мөргүүлсэн эгчийг байлцуулан хэргийн газрын үзлэгийг хийлгэсэн. ... Би тухайн хүний эмчилгээний зардал болон хохирлын мөнгө гэж 3.320.000 төгрөг өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ш.Ц-ий буруутайд үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж “жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас түүнийг мөргөсөн нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн  нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

          Нөгөөтэйгүүр шүүгдэгчийн тухайн чиглэлийн замын нөхцөл бусад байдлыг харгалзан  явах туршлага багатай, замын хөдөлгөөний  дүрмийн талаарх мэдлэг дутмаг, хайхрамжгүй байдлаасаа болж жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар

явсан явган зорчигчийг мөргөж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршиг нь түүний дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

          Мөн шүүгдэгч Ш.Ц- гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Ш.Ц-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.

          Иймд шүүгдэгч В.Мөнгөнжигүүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

          Хохирогч Д.Дэлгэрмаа мөрдөн шалгах явцад “... Автомашины жолооч намайг эмнэлэгт үзүүлэх, эмчилгээний зардлыг бүгдийг нь гаргаж нөхөр төлбөр гэж 3.000.000 төгрөг өгсөн. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ш.Ц-ий ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 57 дугаар хуудас/ урьд ял шийтгүүлж байгаагүй гэсэн мэдээлэл авагдсан бөгөөд түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.Ц- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг  тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангилалын 897226 дугаарын  жолоочийн үнэмлэхийг Ш.Ц-д буцаан олгох зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Ш.Ц-ий анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Ц-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ш.Ц-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ш.Ц- торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Ц- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангилалын 897226 дугаарын  жолоочийн үнэмлэхийг Ш.Ц-д буцаан олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ш.Ц- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.АЛТАНХУЯГ