| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0233/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/252 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0233/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Хохирогч Х.З-,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч У.С-, Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт У-ын С-, Ц- овогт Б- О- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018001110236 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, хүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- овогт У-ын С- /РД: /,
Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, Ц- овогт, Б- О- /РД /,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас У.С-, Б.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.С-, Б.О- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 24- ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах “Улан-Үдэ” зочид буудлын өрөөний 210 тоот өрөөнөөс Х.З-ын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж, 2.300.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч Х.З-ын “...2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой хээтэй хорооллын Улан-Үдэ нэртэй буудалд танил эгч Б-, найз А- эхнэр *****нарын хамт орсон. Тэгээд шөнө 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шөнө 03 цагийн үед гарч явахдаа өөрийн гар утсаа Улан-Үдэ буудлын 210 тоот өрөөний гудсан доор хийж мартаад явсан. Миний гар утасны цэнэг дуусчихсан болохоор нь би ***** гудасны завсар хийчих гээд А- буудлын орны гудсан завсар хийсэн. Намайг буудлаас гарахаас өмнө Б- эгчийн найз С- ирсэн. ...Би өглөө нь босоод гар утсаа буудалд орхисноо санаад яваад очтол С- бид нарын байсан буудлын өрөөнд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүний хамт байсан. Тэгэхээр нь би С-аас гар утсаа буудлын өрөөний гудсан дор хийгээд орхисон байна. Авах гэсэн юм гэсэн чинь С- мэдэхгүй, Б- эгч чинь авсан байх, очиж асуу гэсэн. Тэгэхээр нь би Б- эгчийн гэрт нь очоод асуусан чинь аваагүй гэсэн. Б- эгч А- бид хоёрыг буудлынхаа өрөөнд очоод үз гээд явуулсан. А- бид 2-ыг Улан-Үдэ буудалд очсон чинь С- найз нартайгаа гараад явчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15/,
Гэрч Д.Д-ын “...би С- О- хоёрт наад утсаа буцаагаад өг, дараа нь гай болно шүү дээ гэсэн чинь С- юу ч гэсэн зах ороод зарах гээд үзье, таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд С- О-, *****бид 4 буудлаас гараад таксинд сууж захын урд очсон. *****захын урдаас салаад явсан. С- О- бид 3 зах руу орсон. Би өмнө нь захын гар утасны лангуун дээр ажиллаж байсан болохоор гар утас зарах гээд оролтой нь биш гэж бодоод гадаа нь үлдсэн. С- түрүүлээд орсон. ...С-, О- 2 гарч ирээд С- халааснаасаа мөнгө гаргаж ирээд нөгөө гар утсыг зарчихлаа гээд тоолсон. Яг хэдэн төгрөг байсныг нь санахгүй байна. Хэнд зарсныг нь мэдэхгүй. ...Ямарч байсан С-, О- хоёр гар утас олсон талаараа хоорондоо ярьж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Гэрч О.Ба-гийн “...04 цагийн үед А- бид 2 гэр лүүгээ яваад С- буудалд үлдсэн. Тэгээд өглөө 04 цагийн үед А-, З- 2 манай гэрт ирээд та 2 миний гар утсыг авсан уу гэж асуусан, би мэдэхгүй, юун гар утас яасан юм гэсэн, ...Би С-ын***** дугаарлуу залгаад З-ын гар утсыг харсан уу гэж асуусан чинь би мэдэхгүй Улаан-Үдэ буудлаас гараад зах дээр явж байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч Л.Б-тийн “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр танил дүү С- манай лангуун дээр ирээд гар утас авах уу гэсэн. Тэгэхээр нь би энэ утас чинь кодтой юм байна, хэний гар утас юм бэ гэсэн чинь хүнээс өрөндөө авсан юм. Ямар нэгэн асуудал байхгүй гээд байхаар нь өөрт байсан 280.000 төгрөгөө өгөөд авсан. С- надад гар утас зарж байх үед О- гээд манай орцны залуу бас ирсэн. ...С-, О- 2 хамт явж байгаа юм шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Шүүгдэгч Б.О-ын “...09 цагт сэрсэн чинь Д- гээд миний найз Улаан-Үдэ буудалд ирсэн. Д- надтай уулзах гэж ирсэн юм. Тэгээд буудлын өрөөний орны матрасны дээд хэсэгт хар гэртэй, дэлгэц нь цэнхэр туяатай гар утас наалдчихсан байхаар нь би энэ хэний утас юм бэ гэсэн чинь С- ах “Б-гийн дүүгийн утас юм шиг байна” гэсэн. З- тасраад гарсан, гар утсаа хаяснаа ч санахгүй, наад гар утсыг чинь зарчихья гэхээр нь би нэг их үнэтэй утас биш байх гэсэн чинь Д- “наадах чинь үнэтэй гар утас байна, эзэнд нь өгчих, дэмий юм болох вий дээ” гэсэн. ...С- ах гар утсыг аваад халаасандаа хийгээд С- ах Д- бид 3 юм яриад сууж байсан чинь гаднаас З- гээд С- ахын танил дүү нь орж ирээд гар утсаа буудлын өрөөнд үлдээсэн байна гэж хэлсэн. Тэгсэн чинь С- ах наагуураа үзэхгүй юу, бид нар яаж мэддэг юм, чи өчигдөр согтоод гараа биз дээ, энд тэнд хаячихсан ч юм билүү Б- эгчээсээ асуу, тамхи аваад ир гээд гаргасан. Б- С- ахын гар утас руу залгаад З-гийн гар утсыг О- авчихсан юм биш үү, буудлын ресепшн бариад явж байхыг нь харсан байна гэсэн. Тэгсэн чинь С- ах Б-д би Д-, О- хоёроос салаад явчихсан байна, өөрсдөөс нь асуу гээд утсаа салгаад намайг чи яах гэж тэр гар утсыг барьж явж харагдсан юм. Чимээгүй байгаараа гэсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20, 49-50/,
Шүүгдэгч У.С-ын “...О- буудлын өрөөний орноос гар утас олсон гээд барьчихсан байхаар нь би мэдэхгүй гэсэн. Тэгсэн чинь О- тэр гар утсыг яах уу гэхээр нь би байж бай, таньдаг хүн байгаа гээд шинэ зах дээр очсон. Бөхөө гээд танил гар утас зардаг залуу дээр очоод О-ын олсон гар утсыг 280,000 төгрөгөөр би зарсан. ...О- надаас 100,000 төгрөгийг нь авсан. Би буудлаас гарахдаа тэр гар утсыг О- олсон гэдгийг мэдсэн. Харин дараа нь Б- над руу залгаад З- гар утсаа буудлын өрөөнд үлдээсэн байна, чи гар утсыг нь өг гэхээр нь мэдэхгүй гэсэн. Намайг энэ хэрэгт татан оролцуулсан хүн байхгүй. Би энэ хэргийг О-ын хамт үйлдсэн юм. ...би гар утсыг зараад дундаас нь хэдэн төгрөг авъя гэж бодоод зарсан. Тухайн гар утас нь унтраалттай, цэнэггүй байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 42-43/,
“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “...Хуавей мэйт 20 про загварын гар утас /хэрэглэж байсан/-ны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны байдлаар 2,300,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 29-30/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гээгдэл, санамсаргүй олдсон эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг эд хөрөнгийн өмчлөгч асууж ирэхэд нь олсон талаараа хэлэхгүй худал хэлж, өөрийн өмлчлөлийн зүйл мэт худалдан борлуулсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш үнэтэй гээгдэл, санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Иймд шүүгдэгч У.С-, Б.О- нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хууль бус үйлдлийн улмаас хохирогч Х.З-д 2,300,000 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч У.С-, Б.О- нар гар утсыг бусдад 280,000 төгрөгөөр зарж, Б.О- 100,000 төгрөг, У.С- 180,000 төгрөг авсан байх ба шүүгдэгч Б.О- нь хохирогчид 500,000 төгрөгийг төлсөн байна.
Иргэний хуулийн 497-р зүйлд зүйлд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцаж арилгахаар заасан.
Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хувааж авсан хувь хэмжээг харгалзан нийт хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 1,800,000 төгрөгийг шүүгдэгч У.С-аас 1,400,000 төгрөг, шүүгдэгч Б.О-аас 400,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэмжээг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан нөхцөл байдал болон гэмт хэрэгт оролцсон оролцоо бусад байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-т 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөг, шүүгдэгч Б.О-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр шүүгдэгч У.С- 125,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.О- 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг шүүгдэгч нарын оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.С-, Б.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт У-ын С-, Ц- овогт Б- О- нарыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овогт У-ын С-т 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ц- овогт Б- О-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-, Б.О- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд шүүгдэгч У.С- сар бүр 125,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.О- сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хариуцуулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-аас 1,400,000 төгрөг, шүүгдэгч Б.О-аас 400,000 төгрөг тус тус гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаат 14-9 тоотоод оршин суух Б- овогт Х- З- /РД /-д олгосугай.
5. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.С-, Б.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД