Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 154/2022/00013

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         

        Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цагаанцоож

            Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

            Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Ц.Ганцоож нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2237000000009 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 08 сарын 01-ны өдөр  Төв  аймгийн Борнуур суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мизум ХХК-д засварчин ажилтай, ам бүл 5 /эхнэр 3 хүүхдийн хамт/ Ховд аймгийн Алтай сумын Тахилт багт оршин суух, урьд ял шийтгэгдэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж дуусгавар болсон, бие эрүүл, ухаан бүрэн Боржигон овогт Боржигонийн Амгаланбаатар /РД: НЙ84080111/

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1996 оны 02 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, Тэнүүн Жинчид ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3/ эцэг, эхийн хамт/ Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бөхзайсан овогт Бөхзайсангийн Ганцоож /РД: ПМ96022319/

Ц.Амгаланбаатарыг Ховд аймгийн  Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт орших гэртээ 2022 оны 01 сарын 01-ний өдөр Ц.Ганцоож, Х.Батмөрөн, Э.Долгормаа, М.Гарьд, Г.Мөнх-Эрдэнэ нартай архидан согтуурах явцдаа толгой хагалсан гэх шалтгаанаар Ц.Ганцоожийн зүүн ташаанд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Ц.Ганцоожийг 2022 оны 01 сарын 01-ны өдөр Ховд аймгийн Хөшөөт багийн нутаг дэвсгэрт орших Ц.Амгаланбаатарын гэрт Х.Батмөрөн, Э.Долгормаа, М.Гарьд, Г.Мөнх-Эрдэнэ нартай архидан согтуурсан үедээ Э.Долгормааг хэл амаар доромжилж Ц.Амгаланбаатарын толгой руу аягаар цохиж түүний эрүүл мэндэд зүүн чамархайн дээд хэсгийн шарх үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоожээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                

        Шүүгдэгч Ц.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...2022 оны 01 сарын 01-ны өдөр би гэртээ архи уучхаад гэрээсээ гарч яваад Ц.Ганцоожтой архи ууж маргалдаад улмаар Ц.Ганцоожийг хутгалсан. Ганцоож миний толгойг аягаар цохиж гэмтэл учруулсан. Тухайн үед архи ууж согтуурсан учир үйлдлээ сайн санахгүй байна.

         Ц.Ганцоож нь Гантулгатай хамт ирсэн. Батмөрөн хэлэхдээ намайг эхэлж хутгалсан гэж хэлсэн.Миний буруу хүнийг хутгалж гэмтэл учруулсан буруугаа хүлээн зөвшөөрнө гэв.

         Шүүгдэгч Ц.Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...2022 оны 01 сарын 01-ны өдөр Батмөрөн, Гарьд, Тулгаа бид 4 Батмөрөний гэрт орой архи уугаад сууж байгаад Гарьдийн эхнэрийн төрсөн өдөр гээд Батмөрөн архи авч ирэхээр нь Ц.Амгаланбаатарын гэрт орж ууцгаасан.

        Ц.Амгаланбаатарынд 2 шил архи уугаад жаахан маргаан болоод Ц.Амгаланбаатарын эхнэр намайг яв гээд хөөгөөд байхаар нь гараад явж байтал намайг хутгалсан. Намайг хутгалсны дараа би аягаар цохьсон. Амгаланбаатарыг би сайн танихгүй. Гарьд ах манай эхнэр Амгаланбаатарынд байна гэхээр нь очсон.Надад 76000 төгрөгийн эм тариа авч өгсөн.Надад хохирлын баримт байхгүй. Миний буруу гэв.

          Шүүгдэгч Ц.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлсэн....Ц.Ганцоож миний толгой аягаар цохиж хагалахаар нь би хутгалсан буруутай. Би толгойны эм авч уугаад шингэн хийлгэсэн 30000 төгрөгийн хохирол гарсан гэхдээ би энэ мөнгийг Ц.Ганцоожоос нэхэмжлэхгүй. Надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/

         Шүүгдэгч Ц.Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлсэн....Надад хохирлын талаар гаргаж өгөх баримт байхгүй. Эмчилгээ хийлгээгүй, шүүх шинжилгээний албанд очиж үзүүлэхэд гарсан зардлыг Ц.Амгаланбаатар төлсөн. Булган суманд ирэхэд 150.000 төгрөг гарсан. Хохирлоо барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/

           Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03 дугаар хуудас/

           Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11, 23 дугаар хуудас/

           Хэрэг учрал болсон гэх Ц.Амгаланбаатарын гэрийн ерөнхий байдал болон Ц.Амгаланбаатарын толгойн гэмтлийн зураг, Ц.Ганцоожийн зүүн ташааны хэсэгт хутгалагдсан байдлыг харуулсан гэрэл зураг 10 ш / хх-ийн 30-35 дугаар хуудас/

          Эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар цамц 1 ширхэг, путволк 1 ширхэг, хэргийн газраас хураан авсан хутга 1 ширхэг, ногоон өнгийн аяга 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42 дугаар хуудас/

         Ц.Ганцоож, Ц.Амгаланбаатар нарыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 48, 53 дугаар хуудас/

         Гэрч Өлзийт овогт Хүрлээгийн Батмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...2022 оны 01 сарын 01-ны өдөр 21 цагийн орчим би Амгаланбаатарын эхнэр, Гарьдын эхнэртэй тааралдаад төрсөн өдөр болж байна гэхээр нь 0.5 граммын  “соёрхол” гэх архи авч өгсөн. Архи өгч байгаа юм бол гэрт очоод хийгээд өгчих гэхээр нь Ц.Амгаланбаатарын гэрт очсон. Дараа нь дахин нэг шил архи уугаад сууж байтал Гарьдын эхнэр согтуу нөхөртөө агсам тавиад байхаар нь Амгаланбаатарын охин дүү Оюука бид хоёр гэрээс авч гараад тайвшруулж байсан.

         Гэтэл гэрт Амгаланбаатарын эхнэр хутгалчихлаа гээд орилохоор нь гэрт ороход Ганцоож гэрийн баруун талд угаалгын машин түшээд намайг хутгалчихлаа гээд хашгирч байсан харахад хөлийг нь дагаад цус гоожиж байсан.  Амгаланбаатар гэрийн баруун талд хутга барьчихсан гүйцээчихье гээд зогсож байхад нь Оюука хутгыг нь булааж авсан.

          Амгаланбаатарын толгой нь хагарсан толгойноос нь цус гарч байсан. Тэгээд сумын эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/

           Гэрч Боржигон овогт Цэдэндоржийн Оюунтүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн....2022 оны 01 сарын 01-ны өдөр Гарьд ах гэртээ согтоод унтчихсан Гарьд ахын эхнэр согтчихоод нөхөр лүүгээ агсам тавиад байхаар нь Батмөрөн бид хоёр тайвшуулах гээд гэрээс авч гараад аргадаж байсан. Манай бэр эгч гэрт орилохоор нь гэрт яваад ороход Ганцоож угаалгын машин түшээд зогсчихсон Амгаланбаатар ахын толгой цус болчихсон сууж байсан. Батмөрөн Амгаланбаатар ахын баруун гартай зуураад байхаар нь харахад гартаа хутга барьсан байсныг би гараас нь салгаж авсан. Ганцоож чи намайг ийм болгочихлоо гээд орилоод байхаар нь харахад цус гуяыг нь дагаад урсаж байхаар нь цусыг нь тогтоох арга хэмжээ аваад цагдаа, эмнэлэг дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/

          Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 87 дугаартай “... Ц.Ганцоожийн биед гэмтэл учирсан. Ц.Ганцоожийн зүүн ташаа хэсгийн шарх болон цус хуралт гэмтэлтэй.Ц.Ганцоожийн биед үүссэн гэмтэл нь үзүүртэй, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.Тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87 дугаар хуудас/

         Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 сарын 06-ны өдрийн 88 дугаартай ....Ц.Амгаланбаатарын биед гэмтэл учирсан байна.Ц.Амгаланбаатарын зүүн чамархайн дээд хэсгийн шарх, хамар хэсгийн зулгаралт, зүүн шанаа хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Амгаланбаатарын биед учирсан шарх гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлээр, зулгаралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт

          Ц.Амгаланбаатар, Ц.Ганцоож нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

Шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 103,104 дүгээр хуудас/

Яллагдагч Ц.Амгаланбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Ц.Ганцоожид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын санал  зэрэг нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно.  

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хохирогчоос нэхэмжилж байгаа хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах, шүүгдэгч Ц.Ганцоожид гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хувийн байдал, цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй гэж байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах  нь зүйтэй гэж үзлээ.

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цамц 1 ширхэг, подволк 1ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Ганцоожид буцаан олгох, аяга 1ширхэг,хутга 1ширхгийг тогтоол хүчин төглдөр болмогц устгахийг эд мөрийн баримт устгах комисс даалгах шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Амгаланбаатарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Ц.Ганцоожид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Боржигон  овогт Цэдэндоржийн Амгаланбаатар, Бөхзайсан овогт Цэрэнрагчаагийн Ганцоож нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан  зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, Ц.Ганцоожийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Ц.Амгаланбаатарт оногдуулсан торгох ялыг 3 / Гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Ц.Ганцоожид оногдуулсан торгох ялыг 3 /Гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Ц.Ганцоож нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

           5.Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Ц.Ганцоож нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохиролгүй болохыг дурдсугай.

          6. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

           7.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан цамц 1 ширхэг, подволк 1 ширхгийг Ц.Ганцоожид буцаан олгох, аяга 1 ширхэг, хутга 1 ширхгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Ц.Ганцоож нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Ц.ЭНХЖАРГАЛ