Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2001

 

 

 “Н.Ю” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01817 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н.Ю” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Г, З.Д, “Э.И” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 99 900 333 төгрөг, зээлийн хүү 37 437 317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 407 897 төгрөг, хохирол буюу нотариатын үйлчилгээний хураамж 17 100 төгрөг, нийт 139 762 647 төгрөгийг гаргуулах, барьцааны болон батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Г, З.Д нар нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр "Н.Ю" хадгаламж зээлийн хоршоотой ЗГ/20161002-7777 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 100 000 000 төгрөгийн зээлийг шуурхай зээлийн зориулалтаар, жилийн 35.88 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. ЗГ/20161002-7777 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдон 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр "Э.И" ХХК-тай БДГ/20161002-7777 тоот зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлдэгч С.Г, З.Д нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй байна. Энэ хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үндсэн зээлийн үлдэгдэл 99 900 333 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 23 099 621 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 94 903 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 17 100 төгрөг, нийт 123 111 957 төгрөгийн өртэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай хоршоо 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлж шүүхэд хандсан. С.Г, З.Д нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 99 900 333 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 37 437 317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2 407 897 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 17 100 төгрөг, нийт 139 762 647 төгрөгийн хохирлыг гаргуулж, БГ/20161002-7777 тоот барьцааны гэрээний дагуу С.Г, З.Д нарын зээлийн барьцаанд байгаа Ү-2203025527 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар байр, 8/Г тоотод байрлах орон сууц, Ү-2203025526 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар байр, 8/Г тоотод байрлах орон сууцыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүцэтгэлийг хангуулах, хамтран хариуцагч "Э.И" ХХК-ийн арилжааны банкууд дахь харилцах дансыг битүүмжилж, батлан даалтын гэрээний дагуу зээлийн төлбөрийг барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: "Н.Ю" хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй Э.И ХХК болон иргэн С.Г, З.Д нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох тухай Монгол банкны Ерөнхийлөгчийн гаргасан журмыг зөрчиж хэт өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч С.Г, З.Д нараас үндсэн зээлийн үлдэгдэл 99 900 333 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 37 437 317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2 407 897 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 17 100 төгрөг, нийт 139 762 647 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Н.Ю" хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоонд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу /14200/, ерөнхий сайд Амарын гудамж 22 дугаар байрны 8/Г тоотын 105.69 м.кв талбайтай орон сууц, мөн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу /14200/, ерөнхий сайд Амарын гудамж 22 дугаар байрны 8/В тоотын 132.24 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Г, З.Д нар үүргээ гүйцэтгэж чадахгүй бол үндсэн үүрэг гүйцэтгэгч С.Г, З.Д нарын гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр төлбөрийг батлан даагч "Э.И" ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө, борлуулалтын орлого, түрээсийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч "Н.Ю" ХЗХ-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч С.Г, З.Д нар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үүргийг гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал С.Г, З.Д нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, батлан даагч "Э.И" ХХК-иас үндсэн үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Н.Ю" ХЗХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 1 069 822 төгрөгөөс /139.762.647 төгрөгт ногдох/ 865 763 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 213 059 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Г, З.Д нараас 865 763 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч "Н.Ю" ХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага хоёр удаа нэмэгдүүлсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д заасан журмыг зөрчсөн. Гэтэл анхан шатны маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д заасан журмыг баримтлалгүйгээр хэргийг шийдвэрлэж хариуцагчийн гүйцэтгэх ёстой үүрэг болох 123 111 957 төгрөг дээр нэмж 16 650 690 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрээр хариуцагч нараас 139 762 647 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 16 650 690 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 16 650 690 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Н.Ю” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч С.Г, З.Д, “Э.И” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 99 900 333 төгрөг, зээлийн хүү 37 437 317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 407 897 төгрөг, хохирол буюу нотариатын үйлчилгээний хураамж 17 100 төгрөг, нийт 139 762 647 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хамтран хариуцагч “Э.И” ХХК-ийн батлан даалтын гэрээний зүйлээр зээлийн төлбөрийг барагдуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 100 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 2,99 хувийн хүүтэй, зээлүүлэх тухай 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/20161002-7777 тоот зээлийн гэрээг хариуцагч С.Г, З.Д нартай, барьцааны БГ/20161002-7777 тоот гэрээг С.Г, З.Д, Г.З нартай байгуулан С.Г-ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, зээлийн батлан даалтын БДГ/20161002-7777 тоот гэрээг хариуцагч “Э.И” ХХК-тай байгуулан “Э.И” ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө, борлуулалтын орлого, түрээсийн орлогоор батлан дааж зээл олгосон байна.

 

Дээрх зээл, барьцааны гэрээ болон зээлийн батлан даалтын гэрээ байгуулагдсан, уг гэрээний зүйл 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нарт шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 458 дугаар зүйлийн 458.1, 458.2, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, уг гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

 

Иймд нэхэмжлэгч “Н.Ю” хадгаламж зээлийн хоршоо, хариуцагч С.Г, З.Д нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваариас үзвэл нэхэмжлэгч “Н.Ю” хадгаламж зээлийн хоршоо, хариуцагч С.Г, З.Д нар зээл, зээлийн хүү төлөх хуваарийг баталсан, талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.6-д “зээлдэгч энэхүү гэрээний 2.1.3-д заасан хугацаанд зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн гэрээг ноцтой зөрчсөнд тооцох ба хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг болон уг хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөх”-өөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүүгийн зохицуулалттай нийцсэн. Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Г, З.Д нар нь зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ гүйцэтгээгээгүй, зээлийн гэрээгээр тохирсон хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

            Анхан шатны шүүх хариуцагч С.Г, З.Д нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 99 900 333 төгрөг, зээлийн хүү 37 437 317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 407 897 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н.Ю” хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч дүгнэлт хийхдээ хууль хэрэглээгүйг зөвтгөнө.

 

            Барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар үүсэх ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ шүүх мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтална.

 

            Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг үндэслэл болгосон нь зөв болжээ.

 

Хариуцагч нэхэмжлэгч гэрээний үүргийг тооцоолохдоо Монгол банкны ерөнхийлөгчийн гаргасан журмыг зөрчиж хэт өндөр хүү нэхэмжилсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд хариуцагч нар зээл авах үед гэрээний дагуу төлөх хүүний хэмжээг судлах сонгох эрхээ хэрэгжүүлээгүй нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Зээлийн гэрээний 2.11-д зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нотариатын үйлчилгээний хураамж төлсөн төлсөн бол уг зардлыг хариуцахаар тохирсон тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотариатын зардал 17 100 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар С.Г, зээлийн гэрээний хамтран зээлдэгч З.Д нарыг тодорхойлж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсаныг С.Г, З.Д нараас төлбөрийг гаргуулж шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

“Э.И” ХХК нь эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө, борлуулалтын орлого, түрээсийн орлогыг батлан даалтын гэрээний зүйл болгож нэхэмжлэгчтэй тохиролцсон, маргаагүй, давж заалдах гомдлын үндэслэл болгоогүй тул талуудын зарчмыг үндэслэн шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээнэ.

 

Дээрх үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 205 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ