Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 63

 

Б.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

          прокурор А.Сайнбаяр,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,       

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ШЦТ/1635 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.И-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1706 0214 91773 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-гийн И, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, монелийн 9 дүгээр гудамжны 168 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 19 дүгээр гудамжны 272 тоотод оршин суух, /РД:.........../;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Б.И- нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 435 дугаар худгийн байранд иргэн Б.М-д хүч хэрэглэн “Iphone-5s” загварын гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.И-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.И-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас хянан харгалзсан 1 сар 11 хоногийг хасч, 2 жил 4 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 4 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан 5 жил 4 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ийн цагдан хоригдсон 76 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.И- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний эх Б.А нь 2018 оны 11 дүгээр сард тархиндаа цус харваж, одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд миний эцэг Г.Б нь эмнэлэгт сахиж байгаа болно.

Миний бие ажил хийж, ар гэртээ нэмэр болдог байсан. Ар гэрийн санхүүгийн байдал маш хүнд байгаа тул дээрх байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.И- нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 435 дугаар худгийн байранд иргэн Б.М-д хүч хэрэглэн “Iphone-5s” загварын гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.М /хх 42-45, 46-47, 48, 49/, гэрч Б. /хх 50-51, 54/, Г.Ариунцэцэг /хх 55/, Р.С /хх 56/, Х. /хх 58-59/ нарын мэдүүлгүүд, 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 19, 21-22/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 40, 41/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 60-62/, Б.И-ийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Б.И- нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.И-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.И- нь “... хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, хохирогч Б.М-ын “... Би хажуугаар нь гарах гэтэл үснээс татаж чирээд “хувцсаа тайл” гэсэн, би “юу яриад байгаа юм” гээд хаалга онгойлгоод зугтах гэсэн чинь будагны хажууд байсан хутга аваад “чи наанаасаа хөдлөх юм бол дүрчихнэ шүү” гэж хэлээд хаалга хаачихсан. Миний хувцсыг тайлах гээд ноцолдож байснаа “чамайг цагдаа, шүүхээр явах юм бол ална шүү” гэсэн. ... Миний утсыг тэр залуу аваад “чи энэ утас руугаа залгаад ганцаараа гарч ирээд уулзаарай” гээд гарч явсан. ...” гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.И-ийн гэм буруу хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, эдгээр баримтуудыг үгүйсгэн, няцаасан нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Б.И-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.И-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгах хууль зүйн үндэслэлгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Харин шүүгдэгч Б.И- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзжээ.

Анхан шатны шүүхээс “... хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй юм. ...” гэж дүгнэсэн атлаа “ ... тэнсэж хянан харгалзсан  1 сар 11 хоногийг оногдуулсан ялаас хасч 2 жил 4 сар 19 хоногийн хугацааг нэмж нэгтгэх нь зүйтэй. ...” гэж шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгч Б.И- нь тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, шүүгдэгч Б.И-ийн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудад зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2018/ШЦТ/1635 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас хянан харгалзсан 1 сар 11 хоногийг хасч, 2 жил 4 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг таван жил дөрвөн сар арван ес хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай” гэж,

4 дэх заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан 5 жил 4 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.И-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ