Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2014/0333

 

 “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 213 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын улсын байцаагчийн 210216 тоот актаар 14037.5 мянган төгрөгийн татвар, 16.3 мянган төгрөгийн хүү, 9403.2 мянган төгрөгийн торгууль, 5510.7 мянган төгрөгийн алданги, бүгд 28966.7 мянган төгрөгийн акт тогтоосноос 5584.8 мянган төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад 23381.9 мянган төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцээд 12989.8 мянган төгрөгийг хасаж, 1598.2 мянган төгрөгийг төлүүлэхээр болсон байна.

Иймд Татварын улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрөөс 4769.1 мянган төгрөгийн татвар, 1369.0 мянган төгрөгийн хүү, 4260.0 мянган төгрөгийн торгууль, нийт 10398.1 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож Татварын улсын байцаагчийн актыг өөрчилж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Н” ХХК 2009-2010 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Самсунг корпорациас баталгаат засварын сэлбэгийн нөхөн төлбөрийн 17878.4 мянган төгрөгийн орлогыг гадаад байгууллагатай хийх тооцооны данс руу хааж бичсэн ба дээрх хугацаанд хийсэн баталгаат засварын сэлбэгийн зардалд тооцож татварт ногдох орлогоос хасагдах зардалд тооцсон нь журналын бичилтээр нотлогдсон. Энэ зөрчил нь уг компанийн баталгаат засварын зардлын нөөцийг байгуулж нягтлан бодох бүртгэлийн бичилтийг стандартын дагуу зөв хийгээгүй нь уг зөрчил гаргахад нөлөөлсөн. Баталгаат хугацаанд хийсэн засварын ажил нь ажил үйлчилгээ үзүүлсэн гэдэгт орох ба Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 18-д “үйлчилгээ гэсэн ойлголтод аливаа аж ахуйн нэгж гэрээгээр хүлээсэн үүргээ хэлэлцэн тохирсон тодорхой үеийн туршид биелүүлэхийг хэлнэ” гэсэн заалтад хамаарах ба “Н” ХХК нь Самсунг корпорацитай хийсэн гэрээний дагуу гэмтэлтэй барааг нь засаж сайжруулж өгсөн үйлчилгээндээ авсан сэлбэгийн зардлыг нөхөн төлсөн орлого хүлээн авсан, нөгөө талдаа худалдан авагчдад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажил үйлчилгээ үзүүлсэн гэж үзнэ гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 213 дугаар шийдвэрээр, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 210216 дугаар актаар тогтоосон 10398.1 мянган төгрөгийн төлбөрийн хэмжээг уг актын тогтоох хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэгт холбогдох 7441.3 мянган төгрөгийн нөхөн татвар, хүү, торгуулийн хэмжээгээр багасгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 210216 дугаар актын тогтоох хэсгийн 1.1 дэх хэсгээр ногдуулсан 3467.9 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг, 1.4 дэх хэсгээр ногдуулсан 2956.7 мянган төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй ТЕГ-ын УТОХГ-ын Татварын улсын байцаагч Ч.Нарантуяа, О.Эрдэнэхалиун нарт холбогдох татварын улсын байцаагчийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 210216 тоот актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 213 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шүүхээс маркетингийн үйл ажиллагааны орлогод НӨАТ ногдуулахтай холбогдох нийт 3973.4 мянган төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Тус компанийн зүгээс ТЕГ-ын дэргэдэх татварын МТЗ-ийн хурлаас тогтоосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу “Н” ХХК-ийн гаргасан гомдлыг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцэж нийт 218649.7 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 3467.9 мянган төгрөгийг хасаж, 25468.5 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 3973.4 мянган төгрөгийн албан татварыг хүчингүйд тооцож, 170958.2 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 2956.7 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Маркетингийн үйл ажиллагааны санхүүжилтийн орлогыг олгохтой холбоотойгоор тус компани нь борлуулалтаа дэмжих нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах зорилгоор Монгол улсын нутаг дэвсгэрт тодорхой хэмжээний үйл ажиллагааны зардал гарган бусдад ажил үйлчилгээ үзүүлсний төлөө авсан орлого юм. Маркетингийн үйл ажиллагаанд гарсан зардал, зар сурталчилгаа болон уг орлого /маркетингийн үйл ажиллагааны санхүүжилт/-ыг олгохтой холбогдон гарсан зардалд Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан хасагдах татварт тооцсон нь НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ”, 7.1.4-т “Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 7.4-т “Дор дурдсан үйл ажиллагааг /үйлчилгээ үзүүлсэн/-д хамааруулна”, 7.4.9-д “Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугч бус этгээдээс МУ-ын иргэний хуульд заасан этгээдийн захиалгаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэж

татвар ногдуулсан. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан актын төлбөрийн хэмжээг бууруулан шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ гэж үзэж байна.

Иймд хэргийг дахин хянаж үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Нарантуяа, О.Эрдэнэхалиун нар нь “Н” ХХК-ийн 2008-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд үндэслэн шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 210216 тоот актаар 520594.4 мянган төгрөгийн зөрчилд 14037.5 төгрөгийн нөхөн татвар, 15.3 мянган төгрөгийн хүү, 9403.2 мянган төгрөгийн торгууль, 5510.7 мянган төгрөгийн алданги, нийт 28966.7 мянган төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь тус актыг эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 58 тоот тогтоолоор 78497.2 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 12983.8 мянган төгрөгийг хасаж, 442097.5 мянган төгрөгийн зөрчилд ногдох 15982.9 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Н” ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоосон 15982.9 мянган төгрөгийн төлбөрөөс 1.418.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 4.166.0 мянган төгрөгийн хүү, торгууль, алданги, нийт 5584.8 мянган төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, актын тогтоох хэсгийн 1.1, 1.4, 1.5-д зааснаар ногдуулсан нийт 10398.1 мянган төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь актын тогтоох хэсгийн 1.4 дэх хэсгээр ногдуулсан 2009 онд 64542.0 мянган төгрөгийн, 2011 онд 106416.2 мянган

төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд ногдуулсан 2956.7 мянган төгрөгийн нөхөн татвар, хүүг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, мөн хариуцагч нь актын 1.1 дэх хэсгээр ногдуулсан 2009 оны 5745.1 мянган төгрөг, 2010 оны 3572.8 мянган төгрөгийн сэлбэгийн зардлын нөхөн төлбөрийн санхүүжилтийн орлого, цахилгаан барааны засварын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй зөрчилд ногдуулсан 3467.9 мянган төгрөгийн төлбөрийг үндэслэлгүй ногдуулсан талаар тус тус тайлбар гаргажээ.

Харин актын тогтоох хэсгийн 1.5 дах хэсгээр ногдуулсан маркетингийн үйл ажиллагааны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан 3973.4 мянган төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь “маркетингийн үйл ажиллагааг санхүүжилтэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хууль зүйн үндэслэлгүй” гэж, хариуцагч нь “Маркетингийн үйл ажиллагааны орлогыг олохтой холбоотойгоор тус компани нь борлуулалтаа дэмжих нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах зорилгоор Монгол улсын нутаг дэвсгэрт тодорхой хэмжээний үйл ажиллагааны зардал гаргасан бусдад ажил үйлчилгээ үзүүлсний төлөө авсан орлого“ гэж маргасан байна.

Анхан шатны шүүхийн, актын тогтоох хэсгийн 1.5 дах хэсгээр ногдуулсан татварын төлбөрийн 3.973.4 мянган төгрөгийг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь,

“Н” ХХК нь гэрээгээр ажиллаж барааг нь борлуулдаг компаниудаас импортолсон бүх төрлийн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн бөгөөд тэдгээр импортолсон барааны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гэрээт компаниудаас маркетингийн санхүүжилтийг авч зориулалтын дагуу зар сурталчилгаанд зарцуулсан, түүнчлэн баталгаат засварт зориулан тухайн компаниудаас нэхэмжилж авсан сэлбэг хэрэгсэл нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, үйлчилгээнд хамаарахгүй байна. Тус компанийн гэрээт компаниудаас маркетингийн үйл ажиллагааны санхүүжилтийг авч тус орлогыг ажил, үйлчилгээний орлого гэж үзэж НӨАТ ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.8, 7 дугаар зүйлийн 7.1-д заасантай нийцэхгүй байна.

 

ггб

Шүүх актаар тогтоосон төлбөрийн 15.982.9 мянган төгрөгийн төлбөрөөс актын тогтоох хэсгийн 1.1 дэх хэсгээр ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй зөрчилд ногдуулсан 3467.9 мянган төгрөгийн төлбөр, мөн 1.5 дах хэсгээр маркетингийн үйл ажиллагааны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан 3973.4 мянган төгрөг, нийт 7441.3 мянган төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэстэй байна. Иймд энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Харин шүүх актаар тогтоосон төлбөрөөс нэхэмжлэгч компанийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь актаар тогтоосон 15982.9 мянган төгрөгийн төлбөрөөс 5.584.8 мянган төгрөгийн төлбөрийг төлөх үндэстэй /төлөхийг зөвшөөрсөн/ бөгөөд шүүх хуралдааны явцад 2.955.8 мянган төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, нийт 8541.6 мянган төгрөгийг төлөх үндэстэй байна. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсгүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 213 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1,2 дахь заалтыг нэгтгэж, “1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3.1-д заасныг тус тус баримтлан “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 210216 тоот актаар тогтоосон 15982.9 мянган төгрөгийн төлбөрийг 7441.3 мянган төгрөгөөр багасгаж, төлөх төлбөрийг 8541.6 мянган төгрөгөөр тогтоосугай” гэж, тогтоох хэсгийн “3,4” гэснийг “2,3” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг ДУРДсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.