Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/297

 

к   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

 

                   

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Д.Даваа

хохирогч С.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** тоот, 2 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-нд Дундговь аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахим техникийн засварчин мэргэжилтэй, “Рояал” харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 3; эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 8 дугаар гудамж, *** тоотод оршин суух, ялгүй, *** дугаарын регистртэй, Ө овогт Н-ийн М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.М 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хамгаалагчаар ажиллаж байхдаа эмнэлгийн хүлээн авах өрөөнд хохирогч С.Оыг эмч доромжиллоо гэсэн шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Надад хүн зодож цохьсон асуудал байхгүй. Тухайн өдөр энэ ах эмч нартай маргалдаад, хэл амаар доромжлоод байхаар нь шаардлага тавьсан. Тэгээд салж өгөхгүй байхаар нь түлхээд, эмнэлэг дээр гарч байсан дараа нь цагдаа руу хамтдаа орсон. Тэгэхэд янз бүрийн барилцсан зүйл болоогүй. Намайг хүн зодсон буруутай гэж шүүх үзвэл хохирлыг төлнө гэв.

 

Хохирогч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би тус эмнэлэгт эхнэрээ үзүүлэхээр өмнө нь яриад цаг авсан байсан юм. Тэгээд иртэл надад ямар эмч үйлчлэх нь тодорхойгүй, нэг эмэгтэй эмч байснаа их ууртай утсаар яриад байснаа, надад хийж өгөх гэж байсан бичгээ урчихаад яваад өгсөн. Өөр нэг эрэгтэй эмч дээр очоод байж байтал гаднаас өрөөсөн гар нь гэмтсэн согтуу залуу орж ирснээ би энэ эмч дээр үйлчлүүлэх гэж байна гэж надтай маргалдсан. Энэ хооронд нөгөө эмэгтэй эмч буцаад ирсэн. Тэгэхлээр нь та нар яагаад хүнд үйлчлэхгүй байгаа юм бэ, би ямар хүн дээр очих юм бэ энэ тэр гэх хооронд хамгаалагч гэх энэ залуу ирснээ миний гар руу цохиж гар утсыг унагааж эвдэлсэн. Шууд намайг цааш чирээд хоолой боож хэсэг ухаан алдуулсан. Мөн хана руу толгойгоор мөргүүлсэн. Тэгээд намайг цагдаа руугаа дагуулж орсон. Гэтэл цагдаа огт тоохгүй байсан. Надад үйлчлэхгүй уурлаад байсан эмэгтэйг О гэдэг юм билээ. Энэ залуу гэхээс илүүтэй О буруутай гэж би үзэж байгаа. О нь наадахаа алаад өг гээд байсан. Намайг хаалгаар түлхэж гаргах явцад шилэн хаалганы хэсэгт миний баруун гар зулгарсан. Тэгээд би гарч яваад цагдаад очиж хэлээд, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Үүнээс хойш өчнөөн хугацаа өнгөрч байхад цагдаа, прокурор ямар ч ажиллагаа хийгээгүй, эдгээр хүмүүсийг хамгаалсаар ирсэн. Би маш их гомдолтой, нийт 2.696.250 төгрөг нэхэмжилнэ.

Эмчилгээний баримтыг өнөөдөр эх хувиар нь гаргаж өгье. Хавтаст хэрэгт хуулбар хувиуд нь авагдсан байгаа. Түүнчлэн Д гэгч мөрдөн байцаагч миний анх 2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 28-ны хооронд бүрдүүлсэн баримтуудыг алга болгосон. Миний Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхдээ мөнгө тушаасан баримт хүртэл алга болж, өөр хүний, 2017 оны 12 дугаар сарын 28-нд үзүүлсэн баримтыг хавтаст хэрэгт хийчихсэн байна лээ. Тэгээд ямар учиртайг асуухлаар Чулуунтуяа гэгч мөрдөн байцаагч шүүх наадахыг нь мэдэхгүй ш дээ, мэддэггүй юм гэж хэлээд байгаа юм гэв.       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч С-ийн О “… 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 14 цагийн үед Гэмтэл согог судлалын төвийн хүлээн авах лавлах утас руу залгаж имрайд үзүүлэх бичиг авч болох уу гэхэд болно, ирээд ав гэсэн. 16 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэг давхарын хүлээн авах дээр очиход үүдэнд цагаан өнгийн цамцтай ямар нэг нэр хаяг зүүгээгүй эмч сууж байсан. Дараа нь асууж мэдэхэд О гэх эмч байсан. Би очоод О гэх хүнд имрайд үзүүлэх бичиг хийлгэж авъя гэтэл компьютер дээр шалгаж үзээд бичиг хийгээд надад өгөх гэж байтал утас нь дугараад утсаараа нэг хүнтэй маргалдаж байснаа надад өгөх гэж байсан бичгээ урж хаячихаад дотогшоогоо орчихсон. Би хажуу талд нь зогсож байсан сувилагчаас нь энэ хүн надад бичиг хийж өгөх хүн мөн үү танай эмч мөн үү гэж асуутал манай эмч мөн та дараагийн эмч ирэхээр нь үйлчлүүлээрэй гэсэн. Удалгүй нэг эрэгтэй эмч хажуу талынх нь ширээн дээр ирээд суухаар нь би очоод дахиад имрайд зураг авахуулах бичиг хийлгэе гээд яриад зогсож байтал гаднаас өрөөсөн гаргүй согтуу залуу хамгаалалтын албаны ажилтан бололтой хар өнгийн ноосон цамцтай залуутай орж ирээд миний хажуугаар гарахдаа намайг зайл би үзүүлэх гэж байна. Өрөөсөн гартай ч гэсэн хүн алах чадалтай гэдгээ чамд харуулаад өгье гээд над руу дайраад байхаар нь би үйлчлүүлж байна чи миний дараа бол гэтэл над руу дайраад байсан. Бид хоёр бага зэрэг маргаж байтал О гэх эмчээс бичиг авах уу гэтэл О гэх эмч хажуунаас чи юу гээд солиороод байгаа юм гээд орилоод байхаар нь чи надад бичиг хийж өгөх үгүйгээ хэлчихсэн бол би энд ирж энэ согтуу галзуу хүмүүстэй чинь маргалдахгүй байсан гэтэл би танд бичиг хийж өгөхгүй 2 имрайд харуулах бичиг нэг дор хийж өгч болохгүй гэхээр нь би чамайг шаардаагүй чи хийсэн бичгээ өөрөө урчихсан нэг имрайд харуулах уу 2 имрайд харуулах уу гэдгийг эмчийн хувьд чи өөрөө надад зөвлөх ёстой гээд маргаан үүстэл эрэгтэй эмч нь та эмэгтэй эмч дээрээ нэг мөсөн шийдчих гээд намайг сандал дээрээс босгосон. Хажуу талынх нь ширээнд шилжээд суух хооронд нөгөө гаргүй согтуу залуу чи яасан ямар даварцан новш вэ гээд араас хэрүүл хийгээд байхаар нь би эмэгтэй эмчийн сууж байсан ширээнд дээр очиж суугаад чи надад хийж өгөх ёстой бичгээ хийж өгөөгүйгээс болоод би энд согтуу галзуу хүмүүстэй хэрэлдэж байна чиний нэр чинь хэн юм би дээд шатны даргаас чинь орж асууя чи ер нь хэн юм бэ эмч юм бол халаадтай нэр устай байх ёстой гэтэл О эмч гаргүй залуутай хамт орж ирсэн хамгаалалтын албаны ажилтанг дуудаад энгийг зайлуулаад алаад өгөөч ээ гэтэл хар хувцастай Мгэх хамгаалалтын албаны ажилтан ирээд намайг гар зайл гээд хөөгөөд байхаар нь би энд үйлчлүүлэх гэж ирсэн. Энэ эмч чинь надад нэрээ хэлэхгүй байна гэтэл намайг дотогш нь түлхээд байхаар нь би чи нэрээ хэлэхгүй бол зургийг чинь авч байгаад дарга дээр чинь орж гомдол гаргана гээд утсаа гаргаж ирээд зураг авах гэтэл хамгаалалтын албан ажилтан Мминий гар руу цохиод утас газар унагачихсан. Би чи намайг зодоод утас газар унагачихлаа гэж хэлээд доошоо тонгойгоод утсаа авах гэтэл миний баруун талын далан дээрээс гараараа цохьсон. Би дээшээ өндийгөөд чи хүн зоддог хэн бэ, чамтай ярьдаг газар нь ярина гэтэл шууд намайг багалзуурдаж боохоор нь би гарыг нь тавиулаад Гэмтлийн эмнэлэг дотор байдаг цагдаад очиж мэдэгдэнэ гээд цааш явтал араас дахиж боогоод хана руу толгойгоор 2-3 удаа мөргүүлсэн. Хоолой боогоод байхаар нь би хүчтэй хашгираад цагдаа дээр гүйгээд очтол нэг хошууч нэг хүнтэй юм яриад сууж байхаар нь би энэ эмнэлэгт үйлчлүүлэх гэж ирээд хүнд зодуулчихлаа гэтэл араас Морж ирээд миний урдаас багалзуурдаж зууртал бид хоёрыг цагдаа салгаад өрөөнөөсөө гаргасан. Би цагдаад хандаж чи яагаад хүн зодуулчихаад байхад бүртгэж авахгүй байгаан гэтэл би мэдэж байна гээд бүртгэж аваагүй. Тэгтэл нэг хүүхэн гүйж орж ирээд энэ хүн хамгаалалтын албаны хүнтэй маргалдаад байсан гээд өмөөрөөд байсан. Тэгэхлээр нь би 102-т дуудлага өгтөл, цагдаа бас 102 руу залгаж энд нэг хүн үймүүлээд байна гэж дуудлага өгсөн. Тэгэхээр би цагдаад хандаж та намайг бүртгээгүй, энүүгээр маш олон гэрч байгаа шүү гэтэл цагдаа нь цаашаа яваад өгсөн.

Би тэндээсээ салаад хүлээн авахын ресепшн охин дээр очоод ах нь чиний нүдэн дээр хүнд зодуулчихлаа, нэг эмчид үзүүлээд явъя гэтэл та хүлээн авахын эмч дээр үзүүлнэ шүү гэсэн. Хүлээн авахын эмч нь О байсан учир От үзүүлэхгүй, өөр эмчид үзүүлье гэтэл О миний урдуур орж зогсчихоод, өөр эмч рүү оруулахгүй байхаар нь чанарын алба руу чинь орно гэтэл О намайг явуулахгүй гээд дахиад Мийг дуудаад наадахаа гаргаачээ, наадах чинь хэл ам хийгээд байна гэтэл Мдахин миний зүүн гарыг мушгиад гарах хаалга руу чирээд түлхээд байхаар нь чи дуугай бай, би эмчид үзүүлж гомдол гаргаж байж явна гэтэл дахиж багалзуураад байсан чинь тэнд байсан хүмүүс одоо болиоч ээ, үзүүлэх гэж ирсэн хүнээ яагаад зодоод байгаа юм бэ гэхэд Мнамайг тавьсан. Би тэр доороо чанарын алба руу нь орж гомдлоо мэдүүлтэл нэг алха гэлүү эмч дээр дагуулж ороод, О, Мхоёрыг дуудаж болсон асуудлын талаар асуухад Модоо наадахыг чинь алаад хаячихъя гээд байсан. Та гомдолтой байвал цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдлөө өгөөрэй гэхээр нь би гэртээ харьчихаад орой нь цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдлөө өгсөн” /1 дүгээр хх-н 9-10, 38-39/ гэж мэдүүлсэн байна.

Түүнчлэн хохирогч С.Оын гэмтэлтэй холбоотойгоор Оын биед тархи доргилт, баруун сарвуунд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 12048 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргажээ. /1 дүгээр хх-н 41/

 

Шүүгдэгч Н.М хохирогч С.Оыг зодож цохиогүй, түүнийг зөвхөн түлхсэн гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч бусад гэрчүүдийн мэдүүлэгт, тухайлбал

гэрч Т.О-ийн мэдүүлэгт ... 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 50 орчим насны эрэгтэй хүлээн авахын тасгаар орж ирээд эхнэртэйгээ имрайн шинжилгээний бичиг авна гээд ирсэн. Хүнээ авчраагүй болохоор имрайн шинжилгээ хийхгүй гэхэд өөдөөс уурлаад дайраад ойр хавьд байсан үзүүлэх гэж ирсэн хүмүүсийг үзүүлэхгүй ажилд саад учруулаад байхаар нь хамгаалагч Мийг дуудаад энэ хүн ажил хийлгэхгүй байна, энэ хүнийг гарга гэж хэлсэн. Мгар гэж хэлэхэд шаардлага эсэргүүцэж ноцолдож Мийг цохьсон байх, дараа нь Мий нүд хөхөрцөн явж байсан. Тэгээд уг хүн явахгүй байн байн эргэн орж ирж хэрүүл хийгээд байсан. Тэр хүн угаасаа үзүүлэх хүнээ авч ирээгүй байж хэрүүл хийх гэж ирсэн байх. Зодож цохьсон асуудал болоогүй, уг хүн нь өөрөө дайраад хэрүүл хийгээд байсан. Зодсон асуудал байхгүй хүмүүсийн хажууд хэл амаар доромжлоод хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод ажил үүргээ гүйцэтгэх боломжийг алдагдуулсанд гомдолтой байна. Ажил үүргээ хийж явсан хүний шаардлагыг биелүүлээгүй байж зүй бус авираа олон нийтийн газар гаргачаад гомдол гаргаад явж байгаад нь гайхаж байна. Өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй” /1 дүгээр хх-н 55-56/ гэж тусгагдсан нь тухайн үед нэр бүхий шүүгдэгч, хохирогч нарын хооронд үл ойлголцсон, таарамжгүй харьцаа бий болжээ гэдгийг нотлохын зэрэгцээ

тэр өдөртөө “Шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол гарч маргааш өдөр нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мэргэшсэн шинжээчээр гэмтлийн зэрэг тогтоолгож дүгнэлт гаргуулсан нь цаг хугацааны хувьд уг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай тохирч байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Н.Мийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Мий үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Мий үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч байх тул түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

Хэдийгээр тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон боловч шүүгдэгчийн гэм буруутайг шүүх тогтоосон тул нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг нэг бүрчлэн шалгаж хохирогчид учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй. Үүнд;

“Натур эмнэлэг, С.О, Толгой-КТГ 120.000 төгрөг” /1-р хх-н 149/,

UBH нэгдсэн лаботори, С.О, 41.000 төгрөг” /1-р хх-н 151/,

“ШШҮХүрээлэн, 8000 төгрөг” /1-р хх-н 43/ гэсэн баримтуудыг нэхэмжлэлийн шаардлага хангасан гэж үзээд нийт 169.000 төгрөгийг шүүгдэгч Н.Мэс гаргуулж хохирогч С.От олгохоор шийдвэрлэв.

 

Харин 1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудсан дахь “ШШҮХүрээлэн, 8000 төгрөг” гэсэн баримт нь уг гэмт хэрэг гарснаас 3 гаруй сарын дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, мөнгө тушаагч нь н.Билгүүнхангал” гэсэн баримт авагджээ.

Гэхдээ хохирогч С.Оын шүүх хуралдаан дээр хэлсэн “... Дөлбадрах гэгч мөрдөн байцаагч миний анх 2017 оны 9 дүгээр сарын 21-нээс 28-ны хооронд бүрдүүлсэн баримтуудыг алга болгосон. Миний Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхдээ мөнгө тушаасан баримт хүртэл алга болж, өөр хүний, 2017 оны 12 дугаар сарын 28-нд үзүүлсэн баримтыг хавтаст хэрэгт хийчихсэн байна лээ. Тэгээд ямар учиртайг асуухлаар Чулуунтуяа гэгч мөрдөн байцаагч шүүх наадахыг нь мэдэхгүй ш дээ, мэддэггүй юм гэж хэлээд байгаа юм” гэсэн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан түүний нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад алга болсон талаарх гомдлуудтай нь нийцэж байна.

Нэгэнт “Шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байхад үзүүлэгчийг тухайн байгууллагад журмынх нь дагуу зохих төлбөрийг /8000 төгрөгийг/ төлөөгүй гэж үзэж болохгүй.

 

Хохирогч С.Оын нэхэмжилсэн 2.696.250 төгрөгийн шаардлага нь бусад баримтуудаар тухайлбал, аль эмнэлгийн, хэн гэдэг эмчийн заавраар ямар эмчилгээ, эм тариа хийлгэсэн, өвчтөний “Үзлэгийн карт” зэргээр давхар нотлогдох ёстой. Түүнчлэн нэхэмжлэлийн эдгээр баримтууд нь шүүгдэгч Н.Мий үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хортой шууд холбоотой гэж үзэхэд учир дутагдалтай байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч Н.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Шүүх хавтаст хэргийг шинжлэн судлавал “... 2017 оны 09 сарын 12-ны өдөр ...” гэж гэмт хэрэг гарсан цаг хугацааг буруу бичсэн /1 дүгээр хх-н 3/, “... 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн камерын бичлэг” гэж /1 дүгээр хх-н 13/, “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар ...” гэж /1 дүгээр хх-н 30/, “... 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авсан” /1 дүгээр хх-н 38/, “... 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэрэг гарсан” гэж /1 дүгээр хх-н 54/ гэх мэтээр уг гэмт хэрэгтэй холбоотой цаг хугацааг зөрүүтэй бичсэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа биш техникийн шинжтэй алдаа гэж үзэхийн зэрэгцээ цаашид ийм алдаа гаргахгүй байвал зохино.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ө овогт Н-ийн Мийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Н.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Н.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.М-ээс 169.000 төгрөг гаргуулж хохирогч С.От олгосугай.

5. Н.М-ий “хувийн баталгаа гаргах тухай” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ