Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/869

 

  2020          11        11                                 2020/ШЦТ/869

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,

Шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт М.Цд холбогдох эрүүгийн 2002 00444 0261 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн М.Ц, 1989 оны 3 дугаар сарын 20ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, найзын хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод түр оршин суух, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол ... дугаар байр .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:...................................../.

 

Шүүгдэгч М.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо ... дугаар байрны ... тоотод түр оршин суух гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 0.9959 грамм жинтэй мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би 2020 оны 07 дугаар сарын 20-ноос өөрийн найз охин Ү хамтаар түрээсийн байранд амьдарч эхэлсэн. Хамт амьдарч эхлээд 7 хоног гаран болсоны дараагаар маргалдаж хэсэг хугацаанд манай найз охин өөрийн гэр рүү явсан. Энэ үеэр нь гэртээ ганцаараа байсан учраас сэтгэл санаагаар унаад ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ингээд л гадуур явж байгаад өмнө нь 6-7 жилийн өмнө .... гэх нэртэй баар ажиллаж байх үед зүс мэддэг нэрийг нь мэдэхгүй залуутай таарч согтуу байсан учраас бие биенээ танимхайраад хоорондоо юм ярьж байгаад хамт 19-ийн үйлчилгээний төв рүү явж хүнээс юм аваадахъя гэхээр нь би согтуудаа машинаа бариад нөгөө залууг суулгаж 19-ийн үйлчилгээний төв рүү явсан санагдаж байна яг хаашаа явсан талаараа хэлж мэдэхгүй байна харин нэг газар зогсоод уулзах хүнийг нь хүлээж байх үед зүс царайг нь хараагүй нэг эмэгтэй хүн л машины арын суудалд суух шиг болсон ба тухайн залуу тэр эмэгтэйтэй хоорондоо юм яриад байсан согтуу байсан учраас юу ярьж байсан талаар нь ойлгоогүй тэгэж байгаад намайг түр хүлээж байгаарай буцаад ирье гээд нөгөө эмэгтэйгийнхээ хамтаар буугаад явахаар нь ганцаараа 10 орчим минут хүлээж байгаад миний утсанд манай найз охиноос маргааш хичээл тарахаар ирээд аваарай гэсэн мессеж ирэхээр нь баярлаад шууд тэндээсээ хөдлөөд гэртээ харьж амарсан. Харин маргааш нь босоод машин тэрэг олон хоног угаалгаагүй заваан байсан учраас угаалгах санаатай хойд суудлынхаа хэсгийг үзэж байх үед жолоочийн суудлын ар хэсэг рүү манай гэрт үзлэг хийх үеэр 00-ийн өрөөний угаалтуурын доод хэсэгт байсан цэнхэр өнгийн цүнхтэй зүйл гарч ирсэн. Тэгэхээр нь нээж үзтэл мөс гэх бодисыг хэрэглэхэд ашигладаг хэрэглүүрүүд байхаар нь би дотроо энэ бол ойлгомжтой хар тамхыг хэрэглэхэд ашигладаг зүйл байна гэж бодоод хүн харахаас нь өмнө ...авчихсан. Ингээд машинаа угаалгачихаад цүнхийг нь нээж үзтэл дотор нь хэрэглүүрүүдээс гадна нь хар өнгийн жин, гялгар уут, хар өнгийн оймс байхаар нь шалгаж үзтэл дотор нь гялгар уутанд хийж хуйлсан 4 ширхэг тусдаа ууттай мөс гэх бодис байсан. Тэгээд мөс гэх бодис байсан учраас тэр бодисыг өөртөө аваад хэрэглээд үлдсэн хоёр ууттайг нь цагдаад хураалгасан үүнээс өөр зүйл байхгүй. Надад ямар нэгэн хүнд худалдан борлуулсан зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-142-144х/,

 

Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

 “... биед мөс гэх хар тамхи мансууруулах бодис байгаа гэж хэлээд биед нь байгаа эд зүйлийг гаргаж ...үзлэгийг явуулахад ...” гэсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-12-22х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4847 тоот дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл, №2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл, зип лок түгжээ бүхий гялгар уут 3 ширхэг, толгойг нь хагалсан тарианы шил, цагаан өнгийн махир гуурс мэт зүйл, гуурс бүхий хуванцар сав /бонго гэх/, цагаан өнгийн гуурс мэт зүйл, харлаж бохирлогдсон гуурс мэт шилэн зүйл, хуйлсан 100 төгрөгийн мөнгөн тэмдэгт 3 ширхэг, хуйлсан 500 төгрөгийн мөнгөн тэмдэгт тус бүрээс Метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн соруул, хуйлсан цаас зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. №1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн уутны хамт жин нь 1,2013 гр, цэвэр жин нь 0,7164 гр, №2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн уутны хамт жин нь 0,6985 гр, цэвэр жин нь 0,2795 гр байсан ба мөс мэт зүйлүүдээс 0,02 гр шинжилгээнд зарцуулав” гэх дүгнэлт, шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-104-114х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №4844 тоот дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “..... 20.09.03” гэж хаягласан шээсний дээжинд Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-117-119х/,

 

М.Цгийн биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тэмдэглэл, гэрэл зураг /хх-51-53х/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 888 тоот дүгнэлтэнд: “М.Ц нь урд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. М.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Ц нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Ц нь хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 09 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан гэх баримт, мэдээлэл үгүй байна. М.Ц нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. М.Цд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. М.Ц нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт одоогоор үгүй байна” гэх дүгнэлт /хх-128-129х/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-74х/,

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-63-64х/,

 

Шүүгдэгч М.Цгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-172х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-191х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Ц нь 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо .. дугаар байрны .. тоотод түр оршин суух гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 0.9959 грамм жинтэй мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан байна.

 

Шүүгдэгч Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 0.9959 грамм жинтэй мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Цгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 1 жилийн хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Ц нь 61 хоног цагдан хоригдсон хоногтой, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 0,9959 грамм жинтэй мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 3 ширхэг зиплок түгжээ бүхий гялгар уут, амыг нь тайрсан тарианы усны шил, цагаан өнгийн хуванцар гуурс, тагны хэсэгтээ хуванцар гуурс суурилуулсан цагаан өнгийн тагтай дотор хэсэгтээ цагаан өнгийн гуурс, гуурсны үзүүр хэсэгт ягаан өнгийн хуванцар тогтоосон бонго болгож ашигладаг сав, цэнхэр өнгийн цүнхэнд байсан хуйлсан байдалтай 1 ширхэг хуйлсан цаас, 1 ширхэг ногоон өнгийн хуванцар гуурс, цагаан өнгийн лентээр ороосон дотроо хар өнгийн толбо тогтож бохирлогдсон шил, цахилгаан жин, хайчилж жижиглэсэн гялгар уут, эвдэрхий асаагуур, цэнхэр, өнгийн цүнх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт М.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цг 1 (нэг) жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч М.Цд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 0,9959 грамм жинтэй мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 3 ширхэг зиплок түгжээ бүхий гялгар уут, амыг нь тайрсан тарианы усны шил, цагаан өнгийн хуванцар гуурс, тагны хэсэгтээ хуванцар гуурс суурилуулсан цагаан өнгийн тагтай дотор хэсэгтээ цагаан өнгийн гуурс, гуурсны үзүүр хэсэгт ягаан өнгийн хуванцар тогтоосон бонго болгож ашигладаг сав, цэнхэр өнгийн цүнхэнд байсан хуйлсан байдалтай 1 ширхэг хуйлсан цаас, 1 ширхэг ногоон өнгийн хуванцар гуурс, цагаан өнгийн лентээр ороосон дотроо хар өнгийн толбо тогтож бохирлогдсон шил, цахилгаан жин, хайчилж жижиглэсэн гялгар уут, эвдэрхий асаагуур, цэнхэр, өнгийн цүнх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Цгийн цагдан хоригдсон 61 (жаран нэг) хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ё.ЦОГТЗАНДАН