Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/706

 

 

 

 

 

 

 

2020             10             27                                    2020/ШЦТ/706

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- гүн овогт О-гийн Б-д  холбогдох эрүүгийн 19050420700000 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт, Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 13 дугаар байрны 000 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Б- гүн овогт О-гийн Б-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б- нь Б.О-т 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Б2 хорооллын түрээсийн орон сууцанд оруулж өгнө, Төрийн орон сууцны корпорацад таньдаг хүн байгаа гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 900.000 төгрөг, мөн 1.100.000 төгрөг Голомт банкны 220925200000 дансаараа, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3000.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 220925200000 дансаараа тус тус шилжүүлэн авч, нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 19050420700000 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-31-р хуудас/,

Гэрч С.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

Гэрч С.С-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

Хохирогч Б.О-ийн Хаан банкны депозит дансны хуулга, О.Б-гийн Голомт банкны дансны хуулга /хх-ийн 72, 109-110/

Шүүгдэгч О.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

Шүүгдэгч О.Б-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-р хуудас/ зэрэг болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч О.Б- нь хохирогч Б.О-т Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Б2 хорооллын түрээсийн орон сууцанд оруулж өгнө, Төрийн орон сууцны корпорацад таньдаг хүн байгаа гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 900.000 төгрөг, мөн Голомт банкны 220925200000 дансаараа мөн 1.100.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөг залилсан болох нь:

 

Хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр  Оюунаа эгчтэй уулзахад “түрээсийн орон сууцанд оруулдаг хүн байна, бэлэн 5.000.000 төгрөг өгөхөд бүтнэ, одоо тэр хүнийг чамтай уулзуулъя” гэсэн. Тэгээд Оюунаа эгчээр дамжуулж О.Б-тай уулзсан. О.Б- нь “Төрийн орон сууцны корпорацад манай найз ажилладаг, мөнгөө өгчихвөл асуудалгүй бүтнэ” гэж хэлсэн. Би тэр өдрөө аавынхаа иргэний үнэмлэх, өргөдөл, тэтгэврийн дэвтэр, төрөөс орон сууцанд орж байгаагүй гэсэн архивын лавлагаа зэрэг баримтыг О.Б-д өгсөн, дараа нь 1,100,000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны данснаас О.Б-гийн Голомт банкны 220925200000 гэх данс руу шилжүүлсэн. Үүний дараа 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг  өөрийнхөө данснаас шилжүүлж өгсөн юм. Үүний дараа Оюунаа эгчийн 2,000,000 төгрөгийг Цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд байрлах Хурд хорооллын урд талын зам дээр уулзаад дансаар мөн адил шилжүүлсэн. О.Б- гэх хүн мөнгөө авсан өдрөөс хойш “одоо болох гэж байна удахгүй болно” гэж хэлээд өдийг хүрч байна. Мөнгөө ч аваагүй байрандаа ч ороогүй байна. ...900,000 төгрөгөө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоса захын гадаа өгөөд, мөн тэндээ О.Б-гийн машин дотор ороод 1,100,000 төгрөгийг өгсөн, мөн 3,000,000 төгрөгийг Саппоро худалдааны төвийн гадаа миний машинд мобайл банкаар шилжүүлж авсан. Үүний дараа Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хурд хорооллын урд талаар зам дээр О.Б-тай уулзаад 2,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлж өгсөн юм. Мөн манай төрсөн эгч Оюунбилэгийг түрээсийн байранд оруулж өгнө гэж хэлээд надаас  мөнгө авсан. Би Оюунбилэг гэх эгчийгээ байранд оруулах гэж мөнгө нэмж өгсөн юм.  Оюунаа гэх эгчээр дамжуулж О.Б-тай танилцсан. Надад хэлэхдээ Тоса захын даргынх нь хүүхэд гэсэн юм. О.Б- хэлэхдээ “манай нэг ангид сурч байсан хүүхэд түрээсийн байранд оруулж өгдөг, та мөнгөө өгчих” гэж хэлээд л авсан байгаа. ...1,500,000 төгрөгийг буцаан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-31-р хуудас/,

 

Гэрч С.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.О- гэдэг хүнийг сайн танихгүй. Манай хүүгийн эхнэрээр дамжуулан танилцаж байсан. ... Би О.Б- гэдэг хүнийг сайн танихгүй. Манай даргын хүү Сайнбаярын найз байгаа юм. Тухайн үед О.Б- нь “та зээлийн байранд орох гээд хөөцөлдөөд байгаа юм уу? би оруулаад өгье” гэж байсан. Өөр хүн байгаа бол би оруулж өгч болно шүү гэхээр нь бэрдээ хэлсэн чинь Б.О-ийн дугаарыг өгсөн. Би Б.О-ийн дугаар руу яриад ажил дээрээ авчраад О.Б-тай уулзуулж өгсөн. Бусдаар бол мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Тэр хоёр л хоорондоо ярилцаж тохирсон байх. ...тухайн үед О.Б- надад таньдаг хүн байгаа, би хөөцөлдөөд оруулаад өгнө гэж байсан. ...тухайн хүнд би 1.500.000 төгрөг, Б.О- анх надтай хамт уулзахдаа 2.000.000 төгрөг дараа нь 3.000.000 төгрөг өгсөн л гэсэн. Б.О- бид хоёр О.Б-гийн найз Сайнбаяр нь 3.000.000 төгрөг өгсөн тэрийг нь бид хоёр 1.500.000 төгрөгөөр нь хувааж авсан. Одоо надад О.Б-гаас авах авлага байхгүй. Харин Б.О- л мөнгө авах дутуу байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би О.Б- гэдэг хүнийг танихгүй. Манай төрсөн дүү Б.О-ээр дамжуулан анх 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр уулзаж байсан. Тухайн өдөр надтай уулзахдаа 3.000.000 төгрөгөөр байранд оруулж өгч чадна гэж байсан. Тэгэхээр нь надад 2.000.000 төгрөг байсан болохоор би голомт банкны 220925200000 гэсэн О.Б-гийн данс руу нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу талын Голомт банкнаас шилжүүлсэн. Тэрнээс хойш энэ хүнтэй холбоо бариагүй. ...би тухайн мөнгийг байранд оруулж өгнө гэхээр нь өгсөн. Мөнгө төгрөг өгөхдөө гэрээ байгуулаагүй. Өөрийн данснаас тэр хүний данс руу шилжүүлэг хийсэн. Тухайн үед О.Б- машиндаа орж ирээд манай дүү Б.О-т мөнгө хүлээж авсан гэсэн бичиг хийж өгсөн байсан. ...он сарыг нь мэдэхгүй байна ямар ч л байсан манай дүү Б.О-ийн данс руу О.Б-гийн найз нь 1.500.000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

Гэрч С.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би О- овогтой Б- гэх хүнийг танина. Бид хоёр 10 жилийн найзууд байгаа юм. Бид хоёр найзлаад 20 гаран жил болж байна ...Тоса төвд ажилладаг С.Ц- /дуудахдаа Оюунгэрэл гэж дууддаг/ эгч “би төрийн орон сууцанд орон гээд хөөцөлдөөд чаддаггүй чамд таньж мэддэг хүн байна уу” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн найз О.Б-тай танилцуулж өгсөн юм. ...яг хэдэн төгрөгөөр оруулж өгнө гэсэн талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй. С.Ц- эгчээс 1.500.000 төгрөг, өөр хоёр хүнээс нэгнээс нь 2.000.000 төгрөг, нөгөө хүнээс нь 5.000.000 төгрөг авсан л гэсэн. Өөр хүнээс мөнгө төгрөг авсан гэж юм яриагүй. Тухайн орон сууц нь Төрийн орон сууцнаас Нийслэлийн орон сууц руу шилжиж манай найзын хөөцөлдөж байсан ажил нь бүтээгүй. ...би өөрийн найз О.Б-д хэдэн төгрөг өгөх өглөгтэй байсан юм. ...Тухайн үед нь хөөцөлдөж байсан ажил нь бүтэхээргүй болчихлоо гэхээр нь би С.Ц- эгчийн дансанд 1.500.000 төгрөг, Б.Оюунчимэг гэдэг хүнд дансанд 1.500.000 төгрөгийг өөрийн эхнэр Г.Солонгын Хаан банкны данснаас шилжүүлэг хийж өгсөн. Өөр мөнгө төгрөг нэмж өгсөн үгүйг нь би сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

 

Хохирогч Б.О-ийн Хаан банкны депозит дансны хуулга, О.Б-гийн Голомт банкны дансны хуулга /хх-ийн 72, 109-110/,

 

Шүүгдэгч О.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын үед манай найз Сайнбаяр над руу залгаад “Төрийн орон сууцны корпорацад таньдаг хүн байна уу” гэж асуусан. Уг газар миний танил байсан. Тухайн хүнтэй яриад “манай хамаатны хүн байна, түрээсийн орон сууцанд оруулж өгөх боломж байна уу” гэж асуухад тухайн таньдаг хүн маань “болох байхаа” гэж хэлсэн. Би мөнгө төгрөгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд Сайнбаярын танил эгч гэх Отгончимэг эхлээд 2.500.000 төгрөгөөр 2 удаа өгсөн. Нийт 5.000.000 төгрөг өгсөн. Дараа нь Отгончимэгийн эгч гээд хүн 2.000.000 төгрөг өгсөн. Тухайн оны 10 дугаар сарын үед ТОСК уг түрээсийн орон сууцыг хариуцдаг байж байгаад уг түрээсийн орон сууц нийслэлийн орон сууцын корпорац руу шилжсэн юм. Отгончимэгийн хүссэн түрээсийн орон сууцны асуудал боломжгүй болсон гэсэн хариу ирсэн учир уг ажил бүтээгүй. Би 1.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 5.500.000 төгрөг байгаа. ...Отгончимэгтэй байнгын холбоотой байгаа. Би мөнгийг нь өгч хохирлыг нь барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч О.Б- нь хохирогч Б.О- болон түүний эгчийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Б2 хорооллын түрээсийн орон сууцанд оруулж өгнө, Төрийн орон сууцны корпорацад таньдаг хүн байгаа гэж биелэгдэх боломжгүй зүйлийг худал амлаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Б- болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч О.Б- нь хохирогч Б.О-т 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,  “О.Б-гаас хохирол болох 5.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар хүлээн авлаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болно. Хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно...” гэх хохирогчийн хүсэлт /хх-ийн 155-р хуудас/ зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч О.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч О.Б- нь “залилах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч О.Б-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Б- нь энэ хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс /хх-ийн 159-р хуудас/ 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл /хх-ийн 160-р хуудас/ 6 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-гийн цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 төгрөгөөр тооцож 90 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 90.000 төгрөгийг эдлэх ялаас хасаж, шүүгдэгч О.Б-гийн биечлэн эдлэх ялыг 710 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 710.000 төгрөгөөр тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-д мэдэгдэж шийдвэрлэв.

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овгийн О-гийн Б- бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б-гийн цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 төгрөгөөр тооцож 90 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 90.000 төгрөгийг эдлэх ялаас хасаж, шүүгдэгч О.Б-гийн биечлэн эдлэх ялыг 710 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 710.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Б- нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч О.Б- нь хохирогч Б.О-т 7.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч О.Б-гийн Арилжааны банкнууд дахь данснуудын гүйлгээг хязгаарлах арга хэмжээ авсан прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 553 дугаар зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

    

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР