Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-3-114 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ГЗ74110500/, Хонхор овогт Б.Б

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-3-114 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ГЮ98092341/, Цагаан адуучин овогт О.Ц нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-5-83 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФБ76082815/, Цагаан адуут овогт Б.О-т холбогдох

“Гэрлэлт цуцуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б, О.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Б.О бид хоёр 1996 онд танилцаж 1999 оны 10 дугаар сарын 27-нд нэг гэрт орж 2004 оны 05 дугаар сарын 31-нд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас 1998 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин О.Ц, 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдөр охин О.Х, 2004 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин О.Бтөрсөн. Бид элэг бүтэн сайхан амьдарч байгаад амьдралаа дээшлүүлэхийн тулд нөхөр Б.О 2005 оны 7-р сард гэрээгээр ажиллахаар Солонгос улсруу яваад 5 жил болоод 2010 оны 8-р сард ирсэн боловч гэр оронцоо тогтохгүй гадуур явж өөр бусадтай хамтын амьдралтай байж байгаад 2012 оны 07 дугаар сард Турк улс руу ажиллахаар яваад 2017 оны 6-р сард ирсэн. Б.О ирснээсээ хойш бид нартаа хамт байгаагүй бөгөөд тусдаа амьдарч байна. Бид хоёр хойшид нэг гэрт эхнэр, нөхөр гэж амьдах ямарч боломжгүй болсон учир бид хоёрын гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Том охин маань 19 настай ХААИС-ийн Архитектурын ангийн 2-р дамжаанд элсэн орсон бөгөөд жилийн төлбөр нь 2.400.000 төгрөг, дотуур байрны төлбөр нь 550.000 төгрөг болж байна. Хоёр бага хүүхдүүд маань ерөнхий боловсролын сургууль болон МСҮТ-д сурч байна. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох 1-3-114 тоот 2 өрөө байр байгаа бөгөөд бид орон сууцаа авч үлдэх болно. Мөн Булган аймгийн сайхан суманд Б.О-ын эгчийнд нь бод, бог нийлсэн нийт 100 гаруй толгой мал байгаа бөгөөд А данс байхгүй учраас дундын өмчөөр хуваалгах боломжгүй болоод байна. Б.О 10 гаруй жилийн хугацаанд хүүхдүүддээ мөнгө төгрөг өгч бид нартай харьцаагүй байсан бөгөөд дунд охиноо дээд сургуульд оруулж чадалгүй МСҮТ-д үсчингийн мэргэжпээр сургаж байна. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох 1-3-114 тоот 2 өрөө байрыг би хүүхдүүдийнхээ хамт өөрсдийн өмчлөлдөө үлдээх, насанд хүрээгүй 2 хүүхдээ насанд хүртэл нь Б.О-аар тэжээн тэтгүүлэх, О.Ц-ыг сургуулиа төгстөл эцэг Б.О-аар сургалтын төлбөрт жил бүр 3 сая төгрөгийг гаргуулах, О.Ц-д насанд хүрсэн учир гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох 1-3-114 тоотоос оногдох хэсгийг гаргуулах өгөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б-тэй цаашид хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтийг цуцлахыг зөвшөөрч байна. Том охин О.Ц-даа ХААИС-ийн сургалтын төлбөр болох 3,000,000 төгрөгийг сар сардаа хувааж төлөх болно. Мөн бидний дундын өмч болох Зэст багийн 1-3-114 тоот 2 өрөө орон сууцыг дунд охин Х, Б нартаа хүүхдийн тэтгэлэгийн төлбөрт суутгахыг зөвшөөрч байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ. Нэхэмжлэгч Б.Батцэцэг, О.Ц бид нар хариуцагч Б.О-тай эд хөрөнгө болон хүүхдүүдийн асрамжийн талаар дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав.

1.гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болх Зэст багийн 1-3-114 тоот 2 өрөө орон сууцыг Б.Б, О.Ц, Б.Х, О.Бнарын өмчлөлд үлдээж, Б.Х, О.Б нарыг эх Б.Б-ийн асрамжинд үлдээж, Б.Х, О.Бн нарыг тэжээн тэтгүүлэх тэтгэлэгийг эцэг Б.О-аас гаргуулахгүй, харин том охин О.Ц-ын сургалтын төлбөрт жил бүр 3,000,000 төгрөг төлж байхаар тохиролцов гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.О-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

Зохигчид 1996 онд танилцаж, гэр бүл болж 2004 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 0005 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар, гэрлэгсдийн дундаас охин 1998 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр охин О.Ц, 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдөр охин О.Х, 2004 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин О.Б төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, О.Ц, О.Х, О.Б нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа нөхөр Б.О нь гадаад улсад олон жилээр ажиллах болсон, мөн гэр орондоо тогтохгүй гадуур явж, өөр бусадтай хамтын амьдрал зохиосон, талууд үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Охин О.Ц, О.Х, О.Бнар нь эхийн хамт амьдарч байгаа, ээжтэйгээ байх саналыг өгсөн ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч хүүхдийн асарамжийн талаар маргаагүй зөвшөөрч байгаа, бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд үлдээх зүйтэй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар болон хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэсэн заалтыг үндэслэн зохигчдын эвлэрлийн гэрээг баримтлан гэр бүлийн гишүүдэд адил хуваарилан, хүүхдийг орон байраар хангах үүргийг эцэг, эхийн хэн аль нь хүлээдэг учир Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу Орхон аймаг,Баян-Өндөр сум,Зэст багийн 1-3-114 тоот 000146917 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101001538 тоот улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Б, .Ц, О.Х, О.Б нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Б.О-аас том охин О.Ц-ыг сургуулиа төгсөх хүртэлх хугацаанд сургалтын төлбөрт жил бүр 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ц-д олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Б, Б.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин О.Х, 2004 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин О.Б нарыг эх Б.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4,129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан Орхон аймаг,Баян-Өндөр сум,Зэст багийн 1-3-114 тоотод байрлах, 000146917 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2101001538 дугаартай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Б, .Ц, О.Х, О.Б нарын нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Б.О-аас том охин О.Ц-ыг сургуулиа төгсөх хүртэлх хугацаанд сургалтын төлбөрт жил бүр 3,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Ц-д олгосугай.

4.Гэрлэгсэд хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.БЯМБАСҮРЭН