| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0755/Э |
| Дугаар | 2018/ ШЦТ/784 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2018/ ШЦТ/784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Т.Эрдэнэбат, шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Рашаан овогт Пүрэвдоржийн Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811017560990 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэггэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жагаа шанараас” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Рашаан овогт П.Э, Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ П.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч П.Э нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутөг дэвсгэрт байрлах Булгийн 1-65 тоотод хамтран амьдрагч хохирогч М.Пүрэвийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, П.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр таксинд явж байхад нэг хүн таксины мөнгөгүй байсан бөгөөд оронд нь надад нокиа маркийн утас өгөхөөр нь би авчихсан юм. Тэгтэл Пүрэв намайг чи нууц утастай юм байна хүүхэнтэй харьцдаг гэх мэтчилэн хардаад надтай хэрүүл хийж эхэлсэн. 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 11 цагийн орчимд гарах гэсэн гэрээс гаргахгүй гээд байхаар нь Пүрэвийн нүүр лүү нь нэг удаа цохиод доош тонгойхоор нь нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгээд гэрээс гараад явсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 24х/, хохирогч М.Пүрэвийг мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед манай машин дотор утас байсан тэгээд би П.Эын утсыг үзтэл 13 цагийн үед уулзья гэсэн мессеж танихгүй дугаараас ирсэн байсан тэгээд тэр дугаар луу нь залгаад чи яагаад манай нөхөртэй яриад байгаа бэ гэхэд танай нөхөр өөрөө танилцья гэсэн би танай нөхрийг яаж мэдэх юм бэ гэж хэлсэн. Тэгээд би П.Эын утсыг үзсэн чинь уурлаад чи миний юманд хүрэх эрхгүй гээд уурласан тэгээд 2 удаа өшиглөчихөөд гараад гүйчихсэн. Миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн гуталгүй байсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/, Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №7302 дүгнэлтэд: Пүрэвийн биед зүүн хөмсөгний дээд хэсэг, цох, зүүн дээд доод зовхи, хацар, эрүү, хамрын уг нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн самсаан угт шарх, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлдийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэжээ. /хх-ийн 18х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч П.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул П.Эад торгох ял оногдуулж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Рашаан овогт Пүрэвдоржийн Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Эыг 480 нэгж буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Эад хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэрмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ