Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/944

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Л.Галав,

Гэрч С.Эрдэнэсүх,

Шүүгдэгч Т.З , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Т.З д яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 07311 1045 дугаартай хэргийг шүүх 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 28 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сум, 00 тоотод оршин суух бүртгэлтэй,  Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 00 дугаар гудамжны 00 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Х овогтой Т-ын З.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Т.З  нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 15-322 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай нийтийн байранд хууль бусаар нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.З  мэдүүлэхдээ: “...Орой бид 3 архи таксинд явж байгаад Анхбаярын машинтай ангийнхантайгаа уулзаад Нямдоржийг гэртээ дуудсан. Тэр орой 2 шил 0.75 граммын архи уусан. Бид нар шөнийн 00 цагийн үед унтсан. Өглөө эрт ажилдаа явцгаагаад би таксинд явсан. Тэгээд таксинд явж байгаад 14 цагийн үед буцаж ирээд нөтбүүкийг авсан...Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү. Надад тэр нөүтбүүкийг хулгайлах зорилго байгаагүй. Би гэрт орж нөүтбүүк хулгайлсан маань буруу. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Эрдэнэсүх мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би Т.З д “гэрт түрүүлж ирээд гал түлээд, хоол унд хийгээд байж бай” гэж хэлсэн. 2012 оноос одоог хүртэл амьдарч байна. Өмнө ганцаараа амьдардаг байсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сараас эхлэн байрны эзэн Шаалав ахын төрсөн дүүгийн хүүхэд Ц.Б хамт амьдарч байна. Тухайн үед байранд сул өрөө байхгүй гээд надтай хамт нэг өрөөнд оруулсан. Анх нөүтбүүк алга болсныг мэдээд Т.З  рүү утсаар ярихад “таксинд явж байна, эргээд залгая” гээд тасалсан. Тэгээд байж байгаад над руу залгаад “одоо аваад очлоо” гэж хэлсэн. Т.З  өмнө нь манай гэрээс эд зүйл авч байгаагүй.” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас Ц.Бын хохирогч, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-8-9, 11/, гэрч С.Эрдэнэсүхийн өгсөн мэдүүлэг /хх-6-7/, шүүгдэгч Т.З гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-4/, 48-49/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-10/, шүүгдэгч Т.З гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-37/, мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай тогтоол /хх-41/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-13/, шүүгдэгч Т.З гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/, шинээр Т.З гийн хувийн байдлын тухай баримтууд 5 хуудас, тодорхойлолт 1 хуудас нийт 6 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

 Шүүгдэгч Т.З  нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 15-322 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай нийтийн байранд хууль бусаар нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Бын өгсөн: “...Би 2019 оны  12 дугаар сарын 6-ны орой 21 цагийн үед гэрээсээ гараад найз болох Г.Амаржаргалынд хонохоор Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Залуус” хотхонд гэрт очиж амралтын өдрүүдээр өнжсөн. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр найзынхаасаа гарч хичээлдээ яваад 14 цагийн үед тараад 15 цагийн үед гэртээ орж ирээд хувцсаа солиод ус халаагаад байж байгаад нөүтбүүкээ үзтэл байхгүй байсан. Тэгээд би С.Эрдэнэсүх “ах руу залгаж нөүтбүүк байхгүй байна, хаана тавьсан юм бэ” гэж асуухад “ямар сонин юм бэ, өглөө гарахад хаалганы хажуугийн өлгүүрт өлгөөтэй байсан” гэж хэлэхээр нь үзтэл байхгүй байсан. Тэгээд дуудлага өгөөд байж байтал С.Эрдэнэсүх ах орж ирэхээр нь “та хэн хэнтэй хамт гэртээ архи ууж хоносон юм бэ” гэж асуухад “манай 3 найз ирж хоносон” гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн байж байтал С.Эрдэнэсүх ахын найз Т.З  3 гээд зүс таних ах миний нөүтбүүкийг цүнхтэй нь хамт бариад орж ирж байсан. Би 750.000 төгрөгөөр тухайн нөтбүүкийг авч байсан.” /хх-8-9, 31-32/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Эрдэнэсүхийн өгсөн: “...2012 оны 8 сараас эхлээд одоог хүртэл Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах нийтийн байранд амьдарч байгад 2019 оны 9 сараас эхлээд байрны эзний төрсөн дүүгийн хүүхэд болох Ц.Бтой хамт байгаа. Ц.Б нь МУИС-ийн 2 дугаар курсын оюутан. Намайг гадуур ажилтай явж байх үед 17:00 цагийн үед хамт амьдардаг дүү Ц.Б залгаад “миний нөүтбүүк алга байна, та хаашаа хийсэн юм бэ” гэж хэлэхэд нь “чиний цамц өлгөдөг өлгүүрт өлгөөтэй байсан, сайн харж хайгаарай” гэж хэлэхэд “гэрт ерөөсөө байхгүй байна аа, манай гэрт хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цагдаад дуудлага өг” гэж хэлсэн. Тэгээд би өчигдөр орой хамт хоносон найзууд болох Т.З  болон Нямзул нар руу ярихад Нямзул болон түүний нөхөр нь “аваагүй” гэж хэлээд над руу уурлаад утсаа тасалсан. Т.З  рүү залгаад “чи нөүтбүүк авсан байна, хашаанд байдаг камерт бичигдсэн байна, бас хажуу айлын хүн эрэгтэй хүн аваад гарч байсан” гэж худал хэлж тулгаж асуухад Т.З  нь хэсэг чимээгүй байж байгаад утсаа тасалсан. Тэгээд гэртээ орж ирээд байж байтал Т.З  залгаад “би орой гарч шээхэд муу усны нүхний хажууд 2 хүн нөүтбүүкийг чинь газар тавьчихсан хажууд нь зогсож байсан, тэгэхээр нь би аваад машиндаа хийчихсэн юм аа, тэгээд өглөө хэлэх гэж байгаад мартаад явчихжээ, чамаар тоглож байсан юм аа” гэж хэлсэн.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.З гийн яллагдагчаар өгсөн: “... Уг хэрэг болдог өдрөөс 2-3 хоногийн өмнө би эхнэр, хүүхэдтэйгээ С.Эрдэнэсүхийнд очоод гараад явахад гэрийнхээ хаалганы хажуугийн модон цонхны салхивч байх газарт нь тавьж байхыг харсан юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түлхүүр тавьдаг газраас нь нууцаар авч нэвтэрч орсон. Надад мөнгөний хэрэг гараад уг нөтбүүкийг зарж борлуулах санаатай авсан юм.” /48-49/ гэх мэдүүлэг, “Тод үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /хх-13/, Эд зүйл хүлээлгэн өгч байсан тухай тэмдэглэл /хх-10/,   Шүүгдэгч Т.З гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнхийн зүгээс:

“...Т.З  нь тухайн байранд нэвтрэх эрхтэй байсан” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаад хохирогч Ц.Бын өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр найзынхаасаа гарч хичээлдээ яваад  14 цагийн үед тараад 15 цагийн үед гэртээ орж ирээд хувцсаа солиод ус халаагаад байж байгаад нөүтбүүкээ үзтэл байхгүй байсан. Тэгээд би С.Эрдэнэсүх “ах руу залгаж нөүтбүүк байхгүй байна, хаана тавьсан юм бэ” гэж асуухад “ямар сонин юм бэ, өглөө гарахад хаалганы хажуугийн өлгүүрт өлгөөтэй байсан” гэж хэлэхээр нь үзтэл байхгүй байсан. Тэгээд дуудлага өгөөд байж байтал С.Эрдэнэсүх ах орж ирэхээр нь “та хэн хэнтэй хамт гэртээ архи ууж хоносон юм бэ” гэж асуухад “манай 3 найз ирж хоносон” гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн байж байтал С.Эрдэнэсүх ахын найз Т.З  гээд зүс таних ах миний нөүтбүүкийг цүнхтэй нь хамт бариад орж ирж байсан. Би 750.000 төгрөгөөр тухайн нөтбүүкийг авч байсан.” /хх-8-9, 31-32/ гэх мэдүүлэг, гэрч Т.Эрдэнэсүхийн өгсөн: “..Ц.Б залгаад “миний нөүтбүүк алга байна, та хаашаа хийсэн юм бэ” гэж хэлэхэд нь “чиний цамц өлгөдөг өлгүүрт өлгөөтэй байсан, сайн харж хайгаарай” гэж хэлэхэд “гэрт ерөөсөө байхгүй байна аа, манай гэрт хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цагдаад дуудлага өг” гэж хэлсэн. Тэгээд би өчигдөр орой хамт хоносон найзууд болох Т.З  болон Нямзул нар руу ярихад Нямзул болон түүний нөхөр нь “аваагүй” гэж хэлээд над руу уурлаад утсаа тасалсан. Т.З  рүү залгаад “чи нөүтбүүк авсан байна, хашаанд байдаг камерт бичигдсэн байна, бас хажуу айлын хүн эрэгтэй хүн аваад гарч байсан” гэж худал хэлж тулгаж асуухад Т.З  нь хэсэг чимээгүй байж байгаад утсаа тасалсан. Тэгээд гэртээ орж ирээд байж байтал Т.З  залгаад “би орой гарч шээхэд муу усны нүхний хажууд 2 хүн нөүтбүүкийг чинь газар тавьчихсан хажууд нь зогсож байсан, тэгэхээр нь би аваад машиндаа хийчихсэн юм аа, тэгээд өглөө хэлэх гэж байгаад мартаад явчихжээ, чамаар тоглож байсан юм аа” гэж хэлсэн.” /хх-6-7/ гэх мэдүүлэг, Т.З гийн яллагдагчаар өгсөн: “... Уг хэрэг болдог өдрөөс 2-3 хоногийн өмнө би эхнэр, хүүхэдтэйгээ С.Эрдэнэсүхийнд очоод гараад явахад гэрийнхээ хаалганы хажуугийн модон цонхны салхивч байх газарт нь тавьж байхыг харсан юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түлхүүр тавьдаг газраас нь нууцаар авч нэвтэрч орсон. Надад мөнгөний хэрэг гараад уг нөтбүүкийг зарж борлуулах санаатай авсан юм.” /48-49/ гэх мэдүүлэг болон энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй байна.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Т.З  нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 15-322 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай нийтийн байранд хууль бусаар нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Б, гэрч С.Эрдэнэсүх нарын өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Т.З гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон энэ үеэс төгссөнд тооцно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч үйлдсэн байхыг хэлнэ.

Мөн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх зэрэгт тусгайлах бэлтгэсэн зүйлийг ойлгоно.

Шүүгдэгч Т.З гийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 15-322 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай нийтийн байранд хууль бусаар нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ц.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Т.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.З д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.З д оногдуулсан хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Т.З  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогтой Т-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 2. Т.З д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Т.З д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.З  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Т.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор,  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.З д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                          Э.ЧИНГИС