Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1150

 

 

 

 

 

 

2021         10          29                                      2021/ШЦТ/1150

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Эт холбогдох 2106 02807 1898 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барималч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд багажийн нярав ажилтай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бовогт Сын Э /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:  

С.Э нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 5 дугаар гудамжны 61 тоотод Б.Буяннэмэхийг өмөөрч Т.Төгссайхантай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохих, цавь орчим хөлөөрөө өшиглөх, газар түлхэж унагаах зэргээр цохиж зодон биед нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн чихний урд умдгийн зүүн доод хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Төгссайханы өгсөн: “Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 5 дугаар гудамжны 61 тоот гэртээ, хашаа дотроо юм хийгээд байж байтал /цагийг нь сайн санахгүй байна гэх/ миний танил болох Буяннэмэх  манай хашаанд зүс таних Эийн хамт халамцуухан орж ирээд, Буяннэмэх надтай урьд өмнө нь хийлгэж байсан хашааны төмөр хаалганаасаа болж маргалдан бид хоёр барьцалдаад автал Э гэх залуу нь хажуугаар орж ирээд Буяннэмэх бид хоёрыг салган, өөрөө надтай маргалдаж Э бид хоёрын дунд хэрүүл маргаан болж хоорондоо барьцалдаад автал Э миний зүүн шанаа тус газар гараараа цохин, хоёр хөлийн салтаа, цавь орчим хөлөөрөө өшиглөж, намайг газар түлхэн унагаасан. Тэгээд хашаанаас гарч явахдаа Э нь миний гар утсыг надаас авч гараад явчихсан.Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Маргааш өглөө нь Э, Буяннэмэх хоёр хүрч ирээд миний гар утсыг манай хүүхдэд үлдээж орхиод явсан байсан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буяннэмэхийн өгсөн: “ ... Э Төгссайхан хоёр маргалдаад хоорондоо барьцалдан, Э Төгссайханы зүүн талын шанаа тус газар нь гараараа 1 удаа цохиж, салтайн тус газар нь баруун өвдгөөрөө 1 удаа өвдөглөн, 2 удаа газар түлхэж унагаан дээрх гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх.23-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч О.Болороогийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 8041 дугаартай:

“1.Т.Төгссайханы биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн чихний урд, умдгийн зүүн доод хэсэгт цус хуралт, хүзүү, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 2 дугаар гудамжны 17 тоот гэртээ байж байтал миний найз  Б.Буяннэмэх миний 99900806 дугаарын утас руу өөрийнхөө 88883032 дугаарын утаснаас 13 цагийн орчим залгаж,”хөдөөгөөс айраг мах ирсэн, хүрч ирж айраг уу” гэж ярихаар нь би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Буяннэмэхийн зуслангийнх нь гэрт 16 цагийн орчим очсон. Тэгээд Буяннэмэх бид хоёр тэдний зуслангийн гэрт айраг ууж, мах идэж байгаад тамхи авахаар дэлгүүр явсан. Дэлгүүр явах замдаа ойролцоогоор 17 цаг 30 минутын орчим Буяннэмэхэд хашааны төмөр хаалга хийж өгнө гээд авчхаад одоог хүртэл хаалгыг нь хийж өгөөгүй байгаа Төгссайхан гэх залуугийн гэр лүү орж, түүнтэй уулзахаар болоод Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 5 дугаар гудамжны 62 тоотод байрлах түүний гэр лүү очтол Төгссайхан хашаан дотроо юм  хийгээд зогсож байсан. Тэгээд Буяннэмэх бид хоёр тэдний хашаан дотор орж, Буяннэмэх Төгссайхантай уулзаж, өнөөх хийлгэж байгаа хашааныхаа хаалганы талаар ярилцаж байгаад тэр хоёр чанга чанга дуугаралцан маргалдаж байснаа хоорондоо барьцалдаад авахаар нь би тэр хоёр дээр явж очоод тэдний салгасан чинь Төгссайхан гэх залуу нь надтай маргалдан барьцалдаад авахаар нь би тэр Төгссайхан гэх залуугийн зүүн шанаа тус газар нь гараараа 1 удаа цохиж, баруун өвдгөөрөө түүний салтайн тус газар нь 1 удаа өвдөглөөд түүнийг хойш нь түлхэж газар унагаасан. Тэгсэн өнөөх Төгссайхан гэх залуу гэр лүү гүйж ороод, гар утас аа барьж гарч ирээд бичлэг хийх гэхлээр нь миний уур хүрээд Төгссайханаас гар утсыг аваад, түүнийг хойш нь газар түлхэж унагаачхаад тэдний хашаанаас Буяннэмэх бид хоёр гарч явсан. Тэгээд маргааш нь Буяннэмэх бид хоёр Төгссайханы гэрт эргэж очоод түүнд гар утсыг нь өгөх гэсэн боловч Төгссайхан гэртээ байхгүй байсан учраас хүүхдэд нь гар утсыг нь өгчхөөд явсан ...”,

“... би тэр Төгссайхан гэх залуугийн зүүн шанаа тус газар нь гараараа 1 удаа цохиж, баруун өвдгөөрөө түүний салтайн тус газар нь нэг удаа өвдөглөөд түүнийг хойш түлхэж унагаасан. Миний бие өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшин харамсаж байна. Би цаашид дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно...” гэх мэдүүлгүүд /хх.18-20, 85-86/,

Шүүгдэгч С.Эийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.34-40/,

Хохирогчийн эмнэлгийн магадалгаа /хх.74/,

Хохирогч Т.Төгссайхан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.91/,

Шүүгдэгч С.Эийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.92/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.94/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Э нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 5 дугаар гудамжны 61 тоотод Б.Буяннэмэхийг өмөөрч Т.Төгссайхантай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохих, цавь орчим хөлөөрөө өшиглөх, газар түлхэж унагаах зэргээр цохиж зодон биед нь зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн чихний урд умдгийн зүүн доод хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Төгссайханы өгсөн: “... Э миний зүүн шанаа тус газар гараараа цохиж, хоёр хөлийн салтаа, цавь орчим хөлөөрөө өшиглөн, намайг газар түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буяннэмэхийн өгсөн: “... Э Төгссайханы зүүн талын шанаа тус газар нь гараараа 1 удаа цохиж, салтайн тус газар нь баруун өвдгөөрөө 1 удаа өвдөглөн, 2 удаа газар түлхэн унагааж дээрх гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх.23-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч О.Болороогийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 8041 дугаартай:

“1.Т.Төгссайханы биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн чихний урд, умдгийн зүүн доод хэсэгт цус хуралт, хүзүү, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эийн яллагдагчаар өгсөн: “... би тэр Төгссайхан гэх залуугийн зүүн шанаа тус газар нь гараараа 1 удаа цохиж, баруун өвдгөөрөө түүний салтайн тус газар нь нэг удаа өвдөглөөд түүнийг хойш нь түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх.85-86/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Эийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч С.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Т.Төгссайхан  нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч С.Эийг  энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч С.Эийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Эт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Бовогт Сын Эийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эт 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Эт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Эт сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Төгссайхан нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР