| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/01555/И |
| Дугаар | 93 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 38 525 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Г******* /ШТЭҮ-2143/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Д.М*******ад ******* БЧ улсын дугаартай, 1987 онд үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгөтэй КМВАА******* арлын дугаартай, HYUNDAI Trailer маркийн тээврийн хэрэгслийг 23,000,000 төгрөгөөр худалдсан болно. Ингээд тухайн өдрөө 10,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэх 13,000,000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болно. Гэтэл худалдан авагч Д.М******* нь гэрээнд заасан хугацаа өнгөрсөнөөс хойш 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөгийг өгөөд өөр ямар ч төлбөр төлөөгүй болно. Ингээд төлбөрөө төлөхийг шаардаж удаа дараа утсаар ярьсан ч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Д.М*******аас талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 11,500,000 төгрөг, гэрээнд заасны дагуу 470 хоногийн алданги 27,025,000 төгрөг, нийт 38,525,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Би Д.М*******тай ярилцаж тохиролцоод 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр чиргүүлтэй машинаа түүнд худалдсан. Нийт 23 000 000 төгрөгөөр худалдахаар болж гэрээ хийсэн. Машины урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг төлсөн. Дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөгийг төлөөд одоо хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа тул шүүхэд хандсан.
Иймд үлдэгдэл төлбөр 11 500 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги гэж 27 025 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 5 750 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Машинд ямар нэгэн доголдол байгаагүй, хэрвээ байсан бол авсан даруйдаа мэдэгдэх байсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.******* нь үндэслэлгүйгээр Д.М*******аас 38,525,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Д.М******* нь Д.*******тай худалдах, худалдан авах гэрээ хийж, машиныг худалдан авсан, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэгт маргаангүй. Хамгийн гол нь худалдан авсан чиргүүл нь 5 сар ашиглаад л эвдэрсэн. Үлдэгдэл мөнгийг эдийн засаг хямралаас болоод төлж чадаагүй, тиймээс алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй. Машиныг тухайн үедээ зах зээлийн ханшаас өндөр үнэтэйгээр худалдан авсан боловч одоо доголдлын улмаас ашиглагдахгүй эвдэрсэн байгаа. Худалдах, худалдан авах гэрээ хийх үед чиргүүл зах зээлд 10-15 сая төгрөгөөр зарагдаж байсан, гэтэл зээлээр худалдан авч байгаа болохоор л өндөр үнэтэй авсан. Тиймээс алдангийг хасч өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.М*******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 38 525 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 17 250 000 төгрөг гаргуулахаар багасгажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь худалдаж авсан цэнхэр өнгийн Хюндай трейлер маркийн тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрт 11 500 000 төгрөг, алданги 5 750 000 төгрөг, нийт 17 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь Хюндай трейлер маркийн тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрт 11 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч алданги 5 750 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас хасч өгнө үү гэж маргасан.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.М*******тай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, *******БЧ улсын дугаартай, КМВАА******* тоот арлын дугаартай, Хюндай трейлер маркийн цэнхэр өнгөтэй тээврийн хэрэгслийг 23 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, төлбөр бүрэн төлж дууссанаар тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Д.*******гийн ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 8, 20-21-р хуудас/
Зохигч талууд “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдсан тээврийн хэрэгслийн үнийг шаардах эрхтэй байна.
Талуудын байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.2-д “төлбөр төлөх нөхцөл. Гэрээ байгуулсан өдөр 10 000 000 төгрөгийг данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 13 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 22-ны дотор төлж дуусгана” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд тохиролцсон хугацааны дотор төлбөрийг төлөх үүрэгтэй болно.
Хариуцагч нь худалдан авсан тээврийн хэрэгслийн үнэд 10 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буюу гэрээ байгуулсан өдөр дансаар шилжүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 11 500 000 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Д.М*******аас тээврийн хэрэгслийн үлдэгдэл үнэ 11 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.8-д “нэмэлт нөхцөл. Төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алдангийг худалдагч талд төлнө” гэж заажээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангийг гэрээнд заасны дагуу 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 11 500 000 төгрөгнөөс тооцоход 27 025 000 төгрөг болж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 11 500 000 төгрөгний 50 хувь болох 5 750 000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарласан.
Хариуцагчаас тээврийн хэрэгслийг тухайн үед зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авсан, 5 сар ашиглаад л эвдэрсэн, одоо ашиглагдахгүй байгаа тул алданги төлөхийг зөвшөөрөхгүй, эдийн засгийн хямралтай байдлаас болж үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд алданги тооцохоор харилцан тохиролцсон, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч Д.М*******аас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангид 5 750 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Иймд хариуцагч Д.М*******аас тээврийн хэрэгслийн үлдэгдэл үнэ 11 500 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 5 750 000 төгрөг, нийт 17 250 000 төгрөгийг /11 500 000 +5 750 000=17 250 000/ гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.М*******аас нийт 17 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350 575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 244 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН