Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/298

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                            

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Лхамсүрэн хөтлөн

улсын яллагч Д.Пүрэвдагва

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дүгээр сарын **-нд Говь-Алтай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 1; Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өндөр настан 1 дүгээр гудамж, 10 тоотод оршин суух, ялгүй, ** дугаарын регистртэй, Т овогт Ч-ын Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ч.Э 2019 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “CL бааранд үйлчлүүлж байгаад хохирогч Д.Бын нүүрэн тус газар гараараа цохиж биед нь зүүн ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхи зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд няцарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид өөртөө анхаарах болно. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Д-ийн Б “… 2019 оны 1 дүгээр сарын 25-нд би найз нартайгаа хамт Баянгол дүүргийн Богд-Ар хороололд байрлах Панда хоолны газар хоол идээд архи уусан. Тэгээд найз Батням, Даваасамбуу хоёртой хамт “CL” нэртэй бааранд ороод хүний нэг нэг пиво аваад ууж, бүжиглэж байгаад бүжгийн талбай дээр танихгүй залуутай маргаж зодуулсан. Хэн зодсоныг харж амжаагүй. Цагдаа дуудаад үүдэнд хүлээж байхад цагдаа нар ирсэн” /хх10/,

“... миний биед учирсан гэмтлийг Э гэх залуу цохиж учруулсан байсан. Би нийт эмчилгээнд гарсан зардлаа нөхөн төлүүлмээр байна” /хх-н 11/ гэж,

гэрч Б-ийн Б “... 2019 оны 1 дүгээр сарын 25-ны орой найз Б, Д нарын хамт Төмөр замын ресторанд архи уусан. Тэгээд хамтдаа нэрийг нь сайн мэдэхгүй бааранд ороод хүний нэг нэг пиво авч уусан. Би Б-той хамт бүжиглэж байхад хажуунаас нэг залуу мөрлөөд шүргэлцээд байхаар нь би болио, яагаад байгаа юм бэ, боль гэж хэлсэн. Найзад нь найзыгаа аваа гэж хэлсэн. Тэгэхэд уг залуу нүүр рүү салаавч гаргаад тулгаад байсан. Тэгэхээр нь би боль ахын дүү гай болно шүү гэхэд дахиад нүүр рүү салаавч гаргаад тулгаад байсан. Би бармен болон хамгаалагч нарт нь очоод уг залуу  салаавч гаргаад байгаа талаар хэлээд учрыг нь ол гэсэн. Сууж босоод бүжиглэж байгаад бужигнаад явчихсан. Харахад Б-ын нүд нь хавдчихсан байсан. Өмнө нь бид нар руу салаавч өгсөн залуутай маргаж байсан тэгэхээр нь би хамгаалагчид нь хэлсэн та нарт хэлж байхад арга хэмжээ авчихгүй манай найзын нүдийг нь цохичихлоо шүү дээ. Хамгаалагч нар нь салгаад чирээд үүд рүү холдуулахад уг залуучууд явах гэж байсан. Хамгаалагч нарт нь хэлээд наад хүмүүсээ явуулж болохгүй цагдаа дуудсан байгаа гэсэн. Хамгаалагч нар нь байлгаж байгаад цагдаад өгсөн. Тэгэхэд уг залуу дахиад салаавч гаргаад байсан тэгээд цагдаа нар аваад явсан” /хх12-13/ гэж,

гэрч Б-ийн Д“... нэрийг нь мэдэхгүй бааранд ороод хүний нэг нэг пиво аваад бараг уугаагүй уг бааранд бид нар бүжиглээд, би ариун цэврийн өрөө орчихоод гараад ирэхэд манай найз Б газар уначихсан хамар, нүд хэсгээс нь цус гараад байсан. Яваад очиход уг шар царайтай уртавтар үстэй залуу дахиад хоёр удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Салаавч гаргаад орилоод байсан. Би Быг босгож аваад уг залууг цагдаад өгсөн” /хх-н 14-15/ гэж,

гэрч Э-ийн С“... 2019 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө найзуудаараа хороололд байдаг “CL нэртэй бааранд ороод нэг шил 0,75 литрийн архи ууж байгаад би бүжиглэж байгаад ширээндээ суусан. Э бүжиглээд үлдсэн. Ширээн дээр сууж байхад хэсэг хүмүүс бужигнаад байхаар нь харахад Э дунд нь байхаар очоод Эыг авахад хамгаалагч нар нь ирээд та нар гарцгаа гэсэн. Бид нар гарах гээд байж байхад хэсэг залуучууд гаргахгүй гээд байсан” /хх-н 15/ гэж,

гэрч П-ийн Н “... “CL нэртэй бааранд ороод нэг шил 0,75 литрийн архи ууж байгаад би бүжиглэж байгаад ширээндээ суугаад тамхины өрөө ороод тамхи татаад байж байхад хэсэг хүмүүс бужигнаад байхаар нь харахад Э байсан. Тэгэхээр нь очиход ганцаараа зогсож байсан. Ширээндээ суулгаад байж байтал Этай маргасан хүмүүс юм шиг байсан залуучууд ирээд маргах гээд байхаар нь гаръя гээд гарах гэхэд гаргахгүй байсан. Цагдаа ирээд Эыг авч явж эрүүлжүүлсэн” /хх-н 16-17/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Д.Б-ын гэмтэлтэй холбоотойгоор Д.Б-ын биед зүүн ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарнагэсэн 1775 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 18/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ч.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Э-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Ч.Э-аас хохирогч Д.Б-т ХААН банкаар дамжуулан 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 4.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримтыг шүүхэд ирүүлсэнээс гадна хохирогч Д.Б “... миний бие Эт гомдолгүй, би хохирлоо барагдуулсан тул нэмэлт санал санал хүсэлт байхгүй” гэсэн тайлбарыг шүүхэд хүргүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Ч.Э-т холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Э цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж /хх-н 23/ шүүхэд ирүүлсэн ANGTE гэсэн бичиглэлтэй 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Т овогт Ч-ын Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Ч.Э торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ч.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн ANGTE гэсэн бичиглэлтэй 1 ширхэг CDЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах тухай” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ