Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/751

 

       

 

 

 

 

 

    2020         11           10                                  2020/ШЦТ/751

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

шүүгдэгч Э.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш- овогт Э-ын Ц-т холбогдох эрүүгийн 2010016580000 дугаартай хэргийг 2020 оны 11 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дархан-Уул аймаг, Дархан сум 17 дугаар хороолол 8 дугаар баг 11-00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Ш- овогт Э-ын Ц-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Ц-нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн үеэл н.Бат-Эрдэнийн эзэмшлийн 0000УНТ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ эрхэлж байхдаа хохирогч Б.М-ийн машинд гээгдүүлсэн Ай фоне 11 про макс загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж түүнд 2.935.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Ц-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 2010016580000 дугаартай хэргээс:

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

 

Хохирогч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-11, 16-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19--р хуудас/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24-р хуудас/,

 

Шүүгдэгч Э.Ц-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-34-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-52-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ц-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Э.Ц-нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Тоёота Приүс-20”  маркийн 0000УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Б.М-ийн гээгдүүлсэн “Ай фоне- 11 про макс” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 2.935.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд: “...Хар ногоон өнгийн Iphone 11 pro max маркийн ард талдаа 3 ширхэг камертай гар утас 1 ширхэгийг хураан авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

 

Хохирогч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянмонгол хорооллоос “Маршал таун Кинг таур” хотхон хүртэл 0000УНТ улсын дугаартай цагаан өнгийн машинаар хүргүүлсэн. Гэрийн гадаа ирээд би төлбөрөө хийх гээд мөнгө шилжүүлэх гэсэн боловч Хаан банкны нууц дугаараа буруу хийгээд блоклосон. Би таксинд үлдээд надтай хамт явсан найз Мөнхжаргал таксины жолоочтой хамт манай гэр рүү орсон. Удаагүй таксины жолооч гарч ирээд бид 2 юм ярьж байгаад би гэр рүүгээ орох гээд явж байхад манай дүү гэрээс гарч ирээд “Таны гар утас хаана байна” гэхээр нь би гар утсаа хайхад байхгүй байсан. Би дүүгийнхээ дугаараас өөрийн гар утас руу залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон. Гурван өдрийн дараа Zenli гэдэг аппалекшнээр үзэхэд гэрийн гадаа 42 хувийн цэнэгтэй унтарсан байсан. ... Би цагдаад өргөдөл гаргаж шалгуулсанаас хойш 20-ид хоногийн дараа миний гар утсыг таксины жолооч хүүхэд цагдаад гаргаж өгсөн байна лээ. Иймд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11, 16-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн орчимд манай эгч Мөнхчимэгийн найз Мөнхжаргал гаднаас орж ирээд “эгчийгээ аваарай, доор машинд байгаа” гэсэн. Би Мөнхжаргалтай гарахад манай эгч цагаан өнгийн Приус-20 машинаас бууж ирсэн. Би эгчийгээ тосож аваад гэртээ орсон. Гэртээ ороод эгчээс “гар утас чинь хаана байна” гэхэд мэдэхгүй гэсэн. Эгчийн  дугаар руу залгахад дуудаад аваагүй. Би 3-4 удаа залгасан. Тэгээд гар утас  нь унтарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19--р хуудас/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр Iphone 11 pro max маркийн гар утас 2.935.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 23-24-р хуудас/,

 

Шүүгдэгч Э.Ц-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би хохирогчийн гар утсыг буцаан өгсөн байгаа. Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй тул хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-34-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

           Иймд шүүгдэгч Э.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-т 2.935.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Э.Ц-гар утасыг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. Мөн хохирогч хавтас хэргийн 16 дугаар талд “...Миний гар утсыг таксины жолооч хүүхэд цагдаад өргөдөл гаргаж шалгуулсанаас хойш 20-иод хоногийн дараа гаргаж өгсөн. Иймд гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

       

             Шүүгдэгч Э.Ц-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүгдэгч Э.Ц-ыг “гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.Ц-т ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ц-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Ц-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ш- овогт Э-ын Ц-ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ц-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Ц-нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР